Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Орос-Монгол 100 жил хамт” олон улсын эрдэм шинжилгээний хурлын материал хэвлэгдлээ
Alternate Text

    ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуулийн Түүхийн тэнхим, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэн хамтран 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан “Орос-Монгол 100 жил хамт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал цахимаар амжилтай зохион байгуулсан билээ. Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлын материал орос хэлээр Эрхүү хотноо хэвлэгдсэн байна.

    Монгол, Оросын хооронд найрамдлын харилцаа тогтоох тухай гэрээ ЗСБНХОУ-ын Засгийн газар болон Монголын Ардын Засгийн газар 1921 оны 11 дүгээр сарын 5-нд Москва хотноо байгуулж, гарын үсэг зурснаас хойш бүтэн нэг зуун жил өнгөрөөд байна. Найрамдалт харилцаа тогтсон зуун жилийн ойн хүрээнд хоёр улсад 2021 оны туршид улс төр, худалдаа, эдийн засаг, соёл ба хүмүүнлэгийн олон чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ, тэмдэглэлт үйл явдлыг зохион байгуулж байна. Тухайлбал, Монгол-Оросын харилцааны хөгжлийн түүхийн ном хэвлэх, харилцан айлчлалууд болон “Монгол-Оросын санаачлага - 2021”, “Найрамдлын галт тэрэг” үйл ажиллагаа, эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулах, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, баримтат кино бүтээх зэрэг цуврал арга хэмжээ үргэлжилсээр байна. 2021 оны 2 дугаар сарын 25-нд “100 жил хамт” нэртэй Найрамдлын Буухиа цуврал цахим-үйл ажиллагаа эхэлсэн билээ. Энэхүү буухиа найман сарын турш үргэлжлэх бөгөөд 2021 оны 2 дугаар сараас 10 дугаар сарыг дуустал янз бүрийн арга хэмжээ зохиогдох юм. 

    Монгол, Оросын түүхч, хуульч, эдийн засагч, их дээд сургууль болон эрдэм шинжилгээ-судалгааны төвүүдийн эрдэмтэд оролцсон арга хэмжээнүүдийн нэг бол Эрхүүгийн Улсын их сургуулийн зохион байгуулсан энэхүү “Орос-Монгол: 100 жил хамт” олон улсын эрдэм шинжилгээний хурал байлаа. Тус хуралд Москва, Эрхүү, Якут, Улаан-Үүд, Элстэй, Улаанбаатар хотуудаас оролцож байгаа эрдэмтдийн 30 гаруй илтгэлийг хэлэлцлээ. Эдгээр эрдэмтэд Москва, Эрхүү, Буриад, Халимаг, Монгол Улсын Улсын их сургуулиуд, Монгол Улсын батлан хамгаалахын сургууль, түүнчлэн, ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Монгол, Төвд судлалын хүрээлэн, Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны судалгааны хүрээлэн, Умардын цөөн тооны хүн амтай үндэстнүүдийн асуудал болон хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн, ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын байгалийн баялаг ашиглалтын Байгалийн хүрээлэн, ОХУ-ын ШУА-ын экологи ба эволюцийн асуудлын хүрээлэн, Монгол Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, ШУА-ын Философийн хүрээлэн, Монгол Улсын Соёлын яамны дэргэдэх Соёлын өвийн Үндэсний төв зэрэг Орос, Монголын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их дээд сургуулиудын төлөөлөл оролцсон юм. 

    “Орос-Монгол: 100 жил хамт” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогчид хоёр орны харилцааны өргөн цар хүрээтэй олон асуудлуудыг хэлэлцээд цаг хугацаа, үзэл суртлаас үл хамааран манай ард түмнүүдийн уламжлалт найрамдалт харилцаа хэвээр хадгалагдан цаашид улам бүр батжин бэхжиж буйг онцлоод Орос, Монголын стратегийн түншлэл нь болзошгүй хүндрэл бэрхшээлд түргэн шуурхай дасан зохицохуйц нөөц бололцоотой бөгөөд үүнд итгэл дүүрэн байхад хоёр талын харилцааны олон жилийн туршлага дөхөм болно гэсэн дүгнэлтэд хүрчээ.

    “Орос-Монгол: 100 жил хамт” олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлийг эндээс татаж үзнэ үү. 

  • Мэдээг бэлтгэсэн:

Эрдэм шинжилгээний ажилтан, магистр Д.Туул




Бусад мэдээлэл