Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

   Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацитай уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлохтой холбогдуулан Монгол Улсын гадаад зах зээлийн орчны судалгаа, олон улсын судалгааны байгууллагуудын мэдээлэл, тайланд тулгуурлан олборлох салбарыг зах зээлийн огцом өөрчлөлт, эрсдэлээс зайлсхийх боломжийг бүрдүүлэхэд судалгааны дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

   Санамж бичигт Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоо, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар 2024 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр гарын үсэг зурав.

   Олон улсын судалгааны байгууллагуудын судалгааны эх сурвалжийг Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци үйл ажиллагаандаа ашигласнаар Монгол Улсын эрдэс баялгийн салбарт олон улсын тэргүүн туршлагыг нэвтрүүлэх, зах зээлийн болзошгүй эрсдэлийг таамаглах боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно гэдгийг талууд энэ үеэр тэмдэглэв.

   Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс дараах чиглэлээр хамтран ажиллахаар тогтсон байна. Үүнд:

  1. Монголын Уул уурхайн Үндэсний Ассоциациас захиалсан суурь болон цаг үеийн судалгааг хийж гүйцэтгэх, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах;
  2. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, олборлолтод нөлөөлж буй олон улс, бүс нутгийн олон талт хүчин зүйлсийн судалгааг хийх;
  3. Олон улсын мэргэжлийн байгууллагаас зорилтод зах зээлийн талаарх судалгаа, тайлан, таамаглалын талаарх баталгаат эх сурвалжийг худалдан авч боловсруулалт хийж эргэлтэд оруулах;
  4. Уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн талаарх дотоодын болон олон улсын байгууллагатай хамтарсан судалгаа хийх, сэтгүүл, ном бүтээл хэвлүүлэн гаргах;
  5. Олон улсын уул уурхайн олон улсын тэргүүн туршлагыг судлах;
  6. Олон улсын судалгааны байгууллагуудын эх сурвалж түшиглэн эрдэс баялгийн салбарт олон улсын зах зээлийн мэдээллийн бааз үүсгэх зэрэг ажлыг хийхээр тохиролцлоо.
 

Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн ОУСХ-ийн Гуравдагч хөрш орон судлалын салбарын
эрдэм шинжилгээний ажилтан, магистр Р.Давааням





Бусад мэдээлэл