Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БНХАУ-ын Шанхай хотын Зам тээврийн их сургуулийн төлөөлөгчид зочлов

   2025 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо БНХАУ-ын Шанхай хотын Зам тээврийн их сургуулийн (上海交通大学) төлөөлөл болох Ухаалаг цахилгаан машин инновацын төвийн захирал Инь Чөнлян (殷承良), Механик инженерийн сургуулийн профессор Ван Яфэй (王亚飞) болон тус сургуулийн судлаач Хуан Тунлага (黄佟拉嘎)нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ОУСХ-ийн захирал Д.Золбоо тус хүрээлэнгийн тухай товч танилцуулга хийв. Захирал Инь Чөнлянаас мөн Шанхай хотын Зам тээврийн их сургуулийн талаар товч танилцуулав. Тус сургууль нь 130 жилийн түүхтэй ба 50 мянган оюутан сурагчтайгаас тал хувь нь магистр докторын оюутан байдаг. Дэлхийн их сургуулиудын жагсаалтын 45-д, Хятад улсад 3-р байранд эрэмбэлэгддэг, ихэвчлэн инженерийн чиглэлийн сургалт явуулдаг. Тус сургууль одоогоор мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, ухаалаг систем, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний судалгаа, сургалтаар дэлхийд тэргүүлж байгаа ажээ. Тэрээр мөн БНХАУ-ын “Нэг бүс нэг зам” санаачилгад оролцогч улсуудын шинжлэх ухааны болон тинк танкуудын хамтын ажиллагааг ахиулах талаар БНХАУ-ын төр засгийн бодлогын шинэчлэлийн талаар танилцуулав.

   Уулзалтад Хятад судлалын салбарын эрхлэгч Д.Базардорж, Орос судлалын салбарын ЭШТА А.Даваасүрэн, ЭША М.Хишигтуяа нар байлцав. Талууд цаашид “Нэг бүс нэг зам” санаачилга ба Монгол Улсын Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилтын нэг Боомтын сэргэлтийн хүрээнд шинжлэх ухааны хамтын ажиллагаа өрнүүлэх, бодлогын судалгааны хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Хятад судлалын салбарын ЭША М.Хишигтуяа


Бусад мэдээлэл