ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Алексей Евсиков Халхын голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх бэлтгэл, жуулчдын урсгалын өсөлт, Монгол Улс дахь орос хэлний хэрэглээ болон эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын төлөвийн талаар ТАСС агентлагт ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг орчуулан Та бүхэнд хүргэж байна.
- Халхын голын байлдаанд амиа алдсан баатруудын дурсгалыг хүндэтгэх тал дээр Монгол Улс их хүндэтгэлтэй ханддаг. 2024 онд энэ байлдааны 85 жилийн ой болно. Ойд зориулж ямар арга хэмжээ төлөвлөсөн байгаа вэ?
- Монгол Улс Халхын голын байлдаанд оролцсон хүмүүсийн дурсгалыг хадгалж, дурсгалын объектууд, Зөвлөлтийн цэргүүдийн оршуулгын газарт үнэхээр хүндэтгэлтэй ханддаг. Монголын хүн ам, тэр дундаа ахмад үеийнхэн 1939 оны байлдаанд Зөвлөлт, Монголын цэрэг эрс ялалт байгуулсныг бодитоор үнэлж, Монголын төрт улсыг хамгаалахад ач холбогдолтой байсныг мэддэг. Эндэхийн хүмүүс Аугаа их Эх орны дайны үеэр ЗХУ-д монголчууд тусалж байсан, 1945 оны Манжуурын давших ажиллагаанд оролцож байснаар бахархдаг.
Энэ онд манай хоёр орон Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэнэ. Хамтарсан баярын арга хэмжээний төлөвлөгөөг бэлтгэж байгаа, гуравдугаар сарын сүүлээр талууд эцэслэн тохиролцоно гэж найдаж байна. Монгол Улсад байгуулагдсан ойг зохион байгуулах тусгай комисс баримт бичгээ батлахаас өмнө дэлгэрэнгүй яримааргүй байна.
Ямартай ч Оросын талаас ойд зориулсан цогц арга хэмжээ санал болгосон, тэр дундаа эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэн, эрэл хайгуулын экспедиц, ёслолын арга хэмжээ зохион байгуулахыг санал болгосон гэдгийг энд хэлье. Мөн олон улсын терроризмтой тэмцэхэд чиглэгдсэн, Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2024” цэргийн сургуулилалт энэ ойд зориулагдана. Халхын голын байлдааны баатар Георгий Жуковын цээж баримлыг Дорнод аймгийн Чойбалсан хотод босгохоор төлөвлөж байгаа.
Өнгөрсөн онд байлдаан болсон газарт экспедиц зохион байгуулах зөвшөөрлийг манай эрэл хайгуулын отрядад өгөөгүй. Түүхэн газар нутгийн статустай /Халхын голын хөндий энэ тоонд багтана/ газар нутаг дээр газар шорооны ажил явуулах ажлыг зохицуулдаг Монгол Улсын хууль тогтоомж ихээхэн өөрчлөгдсөн. Тусгай зөвшөөрөл авах журам нь бидэнд төдийгүй монголчуудад ч ихээхэн ойлгомжгүй санагдаж байгаа. Тиймээс Монгол Улс дахь Зөвлөлтийн цэргийн булшны эрх зүйн статус, тэдгээрийг тохижуулах ажил явуулах журам, эрэл хайгуулын ажил явуулах /Халхын голд байлдаж явсан Улаан армийн 2000 гаруй цэрэг сураггүйд тооцогддог гэдгийг сануулъя/, араг ясны үлдэгдлийг олж таних, зохих ёсоор оршуулах ажлыг зохион байгуулах журмын асуудлыг шийдэх нь нэн чухал байгаа юм. Өөрсдийн талаас Засгийн газар хоорондын зохих хэлэлцээрийн төслийг бэлтгээд дуусаж байна.
- Манай хоёр орны хооронд визгүй зорчих журам нэвтрээд 10 жил болж байна. Монгол дахь гадаадын жуулчдын ихэнхийг оросууд эзэлж байгаа. Москва эсвэл Оросын бусад том хотууд болон Улаанбаатар хоорондын шууд нислэгийг сэргээх боломжийн талаар хэлэлцэж байгаа болов уу? Жуулчны солилцоог урагшлуулахын тулд өөр ямар арга хэмжээ авч байгаа вэ? Монголын жуулчид Оросыг хэр их зорьдог юм бол, тэд голчлон хаашаа аялж байна вэ?
- Цар тахлын үед богино хугацаанд аялал жуулчлал унасан. Үүний дараа жуулчны солилцоо мэдэгдэхүйц өргөжиж байна. 2022 онд Монголд зочилсон оросуудын тоо 150 мянгад хүрсэн нь огцом өсөлт болсон бол 2023 оны дүнгээр энэ үзүүлэлт 200 мянгыг давсан. Оросын хилийн албаны мэдээллээр, Монголын талаас ч энэ тооны хүмүүс Орос руу зорчиж байгаа. Тэдний ихэнх нь ажил хэргийн асуудлуудаа шийдэхийн тулд хил орчмын бүсийг зорьж байна. Энэ нь бүс нутаг хоорондын түвшинд бизнесийн үйл ажиллагаа идэвхжихэд нөлөөлж байгаа юм. Түүнчлэн Байгаль нуур руу жуулчид ихээр зорьдог.
2014 оны есдүгээр сард дэмжигдсэн, улсын хилээр нэвтрэх хялбаршуулсан горим нь хоёр талын аялал жуулчлал хөгжих зүтгүүр нь болсон. Статистикаас харахад одоо хоёр тал руу харилцан зорчсон байдлын 97 гаруй хувь нь визгүй зорчсон байна. Тухайн талд оршин байх хугацаа 30 хоногоос дээш бол виз шаардагддаг. Одоогоор манай иргэд Эрхүү, Красноярск, Улаан-Үдийг Улаанбаатартай холбосон чиглэлийн нислэгүүдийг ашиглах боломжтой байгаа. Гэхдээ эдгээр нислэгийн тоо их биш, онгоц нь жижиг. Москва, Улаанбаатарын чиглэлийн шууд нислэгийг сэргээх асуудал ихээхэн тулгамдаж байгаа. Тухайлбал, Новосибирскээр дамжаад ч хамаагүй нислэгтэй болмоор байгаа юм. Ийм нислэг гаргачихвал Орос орны Европын хэсгийн оршин суугчдад Монголыг нээх боломжтой болно. Түүнчлэн Улаанбаатарын нисэх буудал тэдний хувьд тухтай дамжин өнгөрөх зангилаа болж болно гэдгийг ч харгалзах ёстой. Жишээлэхэд, саяхан Монгол Улсын нийслэлээс Бүгд Найрамдах Солонгос Улс руу үйлдэгддэг нислэгийг долоо хоногт 15 байсныг 24 болгон нэмэгдүүлэх шийдвэр саяхан гарсан. Түүнчлэн Тайланд, Вьетнам, Япон руу шууд нислэг бий.
Зохион байгуулалттай аялал жуулчлалын тухайд гэвэл энэ салбарт шинэ хүчин чармайлт шаардлагатай байна. Хоёр талын аялал жуулчлалын хамгийн сүүлийн форум жилийн өмнө болсон, ийм уулзалтыг энэ жил зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар би олж сонсоогүй л байна. Орос-Монгол-Хятадын аялал жуулчлалын чиглэл болох “Аугаа цайны зам” төсөл цаасан дээрээ л үлдэж байна. Монгол руу чиглэсэн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 2023-2025 оныг Засгийн газраас нь “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор Монголын түншүүд Оросыг чиглэсэн ямар нэг идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа нь харамсалтай.
- Дунд сургуулиудад үзэх үндсэн гадаад хэл нь англи хэл байна гэж заасан хуулийг Монголын Парламент баталсан. Ингэснээр энэ улсад удаан хугацааны туршид хамгийн их тархсан гадаад хэл байсан орос хэлний байр суурьд ээлжит цохилт өглөө л дөө. Монголын залуусыг татах, манай хэлийг сурах сонирхлыг тэдэнд төрүүлэхийн тулд Оросын талаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?
- Монгол дахь орос хэлний байр суурьд “цохилт” өгчихлөө гэж хэлмээргүй байна. Бодит байдал дээр өнөөдөр англи хэл олон улсын харилцааны үндсэн хэлнүүдийн нэг болж байгаа гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Англи хэлийг дэлхий даяараа, тэр дундаа Оросын ерөнхий боловсролын сургуулиудад ч судалж байгаа шүү дээ. Монгол дахь орос хэлний орон зай хумигдах сөрөг хандлага манай хоёр орны эдийн засаг, шинжлэх ухаан, боловсролын болон соёлын харилцаа бараг бүхэлдээ уналтад орсон өнгөрсөн зууны 90-ээд оны эхнээс эрчимтэй ажиглагдаж эхэлсэн юм. Тухайн үед Европын холбоо, АНУ, Хятад, Япон, Өмнөд Солонгостой харилцах харилцаа эрс өргөжсөн.
Энэ нь монголчуудын хувьд орос хэлний үнэ цэн, практик ач холбогдлыг бууруулсан юм. Тиймээс орос хэлний байр суурийг бэхжүүлэх асуудал нь цогц шинж чанартай, энэ асуудлыг амжилттай шийдэх нь бүхий л салбарт Орос, Монголын хамтын ажиллагааг нягт байлгахаас ихээхэн хамаарна. Монголд орос хэлийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр багагүй хүчин чармайлт гаргаж байгаа. Энэ тал дээр Улаанбаатар дахь Русский дом гол ажлыг нугалж байгаа юм. Энэ байгууллагыг түшиглэн Монголын олон аймаг, сумдад нийт 57 орос хэлний төв байгуулж, орос хэлний багш нарын мэргэшил дээшлүүлэх курсийг хичээллүүлж, аймгуудад боловсролын семинар зохион байгуулж байна. Жил бүр нийслэлд 300, орон нутагт 700 хүн эдгээр арга хэмжээнд хамрагдаж байгаа.
ОХУ-ын Гэгээрлийн яам “Хилийн чанад дахь орос багш” төсөл хэрэгжүүлж мөн л ихээхэн хувь нэмэр оруулж байна. Сурагч солилцооны богино болон дунд хугацаат хөтөлбөр хэрэгжүүлэх, багш нарын мэргэшил дээшлүүлэх нэмэлт мэргэжлийн дамжаануудыг зохион байгуулах саналыг Монголын талд тавьсан. Эрхүүгийн Үндэсний Судалгааны Техникийн Их Сургууль, Уралын холбооны их сургууль, Глаковын багшийн их сургууль, Халимаг болон Уулын Алтайн улсын их сургуулиуд зэрэг дотоодын их, дээд сургуулиудын хүчээр орос хэлийг энд түгээн дэлгэрүүлэх арга хэмжээнүүдийг тогтмол явуулж байна. Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн Алексей Цыденов монголчуудыг Буриадад орос хэлний багшаар сургах зорилтот сургалтын томоохон төслийг санаачилж, амжилттай хэрэгжүүлж байна.
Одоо Монголын сургуулиудад 7-9 дүгээр ангийнхны хөтөлбөрт орос хэл заавал үзэх хичээл, 10-12 дугаар ангиудад сонгон суралцах хичээл гэж багтаж байгаа юм. Түүнчлэн энд Оросын стандартаар хичээл ордог дөрвөн дунд сургууль бий. Монголын нийслэлийн өөр нэг сургуулийг ОХУ-ын боловсролын стандартад нийцүүлэхээр ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Оросын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ орос хэл дээр хичээл ордог дунд сургуулийн сүлжээг өргөжүүлэх, Монгол дахь орос хэлний мэдлэгийг дээшлүүлэх зарчмын ашиг сонирхол байгаа талаар удаа дараа хэлж байсныг энд онцгойлон тэмдэглэмээр байна. Ерөнхийлөгчийн охид нь ч орос сургууль төгссөн юм билээ.
- Монгол Улс Евроазийн эдийн засгийн холбоонд элсэх эсвэл энэ холбоотой хамтран чөлөөт худалдааны бүс байгуулах боломжийг авч хэлэлцэж байсан. Энэ чиглэлд ахиц гарсан уу? Ямар нэг хугацаа хэлэх боломжтой юу? Монголын бараа бүтээгдэхүүнд ногдуулдаг татвар хэзээ буурах вэ?
- Улаанбаатар Евроазийн эдийн засгийн холбоог 2015 оноос л сонирхож эхэлсэн. Евроазийн эдийн засгийн комисс болон Монголын Засгийн газар хоорондын ажлын хэсэг байгуулагдаж, чөлөөт худалдааны хэлэлцээрийн ач холбогдлыг хэлэлцэж байлаа. Гэтэл дараа нь гэнэт л Монголын түншүүд чухамхүү Орос Монголд тавьсан импортын тариф, татварыг дангаар тэглэх ёстой гэсэн байр суурьтай болсон. Гэхдээ манай улсын өнөөгийн гадаад худалдааны гаалийн горим Евроазийн эдийн засгийн холбооны бодлогоор тодорхойлогддог шүү дээ. Ингээд бидний тайлбарыг сонсож, өнгөрсөн жил Евроазийн эдийн засгийн холбоо болон Монголын хооронд тодорхой нэр төрлийн барааны чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулах харилцан ойлголцолд хүрсэн юм. Үүнийг гурван жилийн хугацаатай байгуулахаар төлөвлөж байгаа. Монголын уламжлалт экспорт гэгддэг мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, ноосон бүтээгдэхүүн зэрэг олон зуун бараанд ногдуулах татварыг бууруулах эсвэл тэглэхтэй холбоотой юм.
Хэлэлцээрийн явц одоогийнх шигээ эрчимтэй байвал энэ оны тавдугаар сард Евроазийн эдийн засгийн дээд комиссын ээлжит хуралдаан дээр Евроазийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын төрийн тэргүүнээр төслийн баримт бичгийг дэмжүүлж, улмаар 12 дугаар сард гарын үсэг зурах боломжтой болно гэж Евроазийн эдийн засгийн комиссын шинжээчид үзэж байгаа. Ингэснээр 2025 онд Монгол Улс Евроазийн орнууд руу дээр дурдсан бараа бүтээгдэхүүнийг экспортолж эхлэх боломжтой болно. Гэхдээ махны экспортын тал дээр Монголын түншүүд багагүй нэмэлт ажил хийх шаардлагатай гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Монголд малын гаралтай өвчний нөхцөл байдал хүндхэн хэвээр байна, Монголын тал бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдалтай холбоотой зохих баталгааг бидэнд хараахан гаргаж өгч чадахгүй байгаа.
Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар онц аюултай өвчлөлтэй холбоотой нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хяналт, вакцинжуулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл баримт бичиг өгөх тал дээр илүү их идэвх гаргана гэж бид найдаж хүлээж байна. Оросын Холбооны Улс хамтын ажиллагаанд бэлэн. Энэ онд манай талаас 10 сая тун шүлхийн вакцин, хонины салхин цэцгийн эсрэг эм арилжааны үндсэн дээр нийлүүлэхээр төлөвлөж байгаа.
- Байгаль нуурын үндсэн цутгал болох хил дамнасан Сэлэнгэ гол руу цутгадаг Эгийн гол дээр Усан цахилгаан станц барих асуудал олон жил шийдэгдсэнгүй. Хоёр талд хоёуланд нь нийцтэй шийдвэр гарах төлөв харагдаж байна уу? Энэ асуудал дээр Оросын талын байр суурь ямар байгаа вэ?
- Ерөнхийдөө бол талуудын албан ёсны хандлага энэ асуудал дээр нийцэж байгаа. Нэн тэргүүнд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн объектод багтдаг Байгаль нуурын экологийн аюулгүй байдлыг хангах явдал. Талууд дүн шинжилгээний ажил явуулахыг зөвшөөрсөн. Монголын тал УЦС байгуулснаар экологид ямар ч ноцтой сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж мэдэгдэж байгаа ч манай экологичдын санаа зовнил батлагдвал ямар ч шинэ мэдээллийг нухацтай авч үзэхэд бэлэн байгаа. Би усны нөөцийн шинжээч биш л дээ, гэхдээ энэ асуудлыг арай өргөн хүрээнд харахыг санал болгомоор санагддаг. Жишээ нь, Орос, Монголын хамтарсан схем, Сэлэнгэ мөрнийг цаашид аж ахуйн зорилгоор ашиглах загвар бий болговол ямар вэ? Үүний тусламжтайгаар Улаан-Үд, Буриадын бусад суурин газруудад тохиодог үерээс зайлсхийж болно шүү дээ. Ямар ч байсан хил дамнасан Сэлэнгэ мөрний усыг ашиглах явдал нь манай хоёр орны харилцаанд орсон “өргөс” байж болохгүй.
- ЗХУ-ын үед уул уурхайн салбарт Монгол Улстай идэвхтэй хамтран ажилладаг байсан. Одоо ийм хамтын ажиллагааг Улаанбаатар болон Оросын бизнес хүрээллийнхэн хэр сонирхож байгаа бол?
- Бүхий л түвшний Монголын төлөөлөгчид Монгол дахь уул уурхайн төслүүдэд Оросын хөрөнгө оруулалтыг татах хүсэлтэй байгаагаа бидэнд хэлдэг. Гэхдээ ойрын үед хэрэгжихгүй байх гэж би бодож байна. Нэн тэргүүнд, “Эрдэнэт” хамтарсан үйлдвэр болон “Монголросцветмет” -ийн хүрээн дэх хамтын ажиллагааны загварууд яагаад хангалттай үр дүнтэй байгаагүй вэ, мөнгө, полиметаллын “Асгат” орд газар, ураны “Мардай” орд газрыг эзэмших хамтарсан төслийн хэрэгжилт яагаад тасалдсан бэ гэдгийг дүгнэж цэгнэх ёстой.
Монголын ажил хэргийн болон хөрөнгө оруулалтын уур амьсгалыг гадаадын шинжээчид төдийлөн дээгүүр үнэлдэггүй гэдгийг харгалзах нь зүйтэй. Тухайлбал, олон улсын нэгэн банк илтгэлдээ хөрөнгө оруулагчидтай хийсэн маргааныг шийдвэрлэх механизм сул, шат дамжлага ихтэй, асуудал шийдэгдэхэд цаг авдаг, эрхзүйн орчин тогтворгүй, ойлгомжгүй, хууль тогтоомж хоорондоо зөрчилддөг, тусгай зөвшөөрөл авах журам ойлгомжгүй, авлигын түвшин өндөртэй гэж онцолсон байна билээ. Монголын эрх баригчид энэ бүх асуудлыг сайн харж байгаа, төрийн зохицуулалтын механизмыг сайжруулахаар ажиллаж байгаа юм. Парламент нь хөрөнгө оруулалт, газрын харилцаа, байгаль хамгаалалтай холбоотой хууль тогтоомжийг сайжруулах тал дээр нухацтай ажил хийхээр төлөвлөж байгаа. Чухамхүү энэ ажлаас манай тал хөрөнгө оруулалт хийх боломж хамаарна, тиймээс түншүүддээ ажлын эхлэлд нь амжилт хүсье.
Түүнчлэн, ОХУ-ын бизнес хүрээллийнхэн Монголын талаас хөрөнгө оруулалтын санал сонсох боломж тэр бүр байдаггүй. Магадгүй, энэ оны долоодугаар сард Екатеринбург хотноо болох “Иннопром” олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэн сайхан боломж болж мэдэх юм. Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам энэ форумд оролцох урилга хүлээн авсан.
Ерөнхийдөө, Монголтой уул уурхайн салбарт хамтран ажиллах тухайд өнөөдрийн хувьд геологи хайгуул л илүү ирээдүйтэй салбар шиг надад санагдаж байгаа. Монгол Улс эрдэс түүхий эдээр баялаг оронд тооцогддог, гэхдээ энэ нь зөвхөн онолоор шүү дээ. Нэн даруй ашиглаж эхлэхэд бэлэн орд газар тийм ч их биш. Түүнчлэн энэ улсын нутаг дэвсгэрийн тал хэсэгт геологи хайгуул ерөөсөө хийгээгүй.
- Цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараа Оросын элчин сайдын яамны ойролцоо Оросын эсрэг чиглэгдсэн хэд хэдэн арга хэмжээ болсон. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үеэр Монгол дахь санал өгөх хэсгүүдэд Монголын хууль сахиулагчид аюулгүй байдлыг хангахад бэлэн болов уу?
- Ийм арга хэмжээнүүд нь олныг хамраагүй байсан гэдгийг онцолмоор байна. Оролцогчдын хувьд гэвэл хэдэн арваас хэтрэхгүй. Хамгийн сүүлийнхэд гэхэд дөрвөн залуу хүн оролцсон. Хэдийнээ танил болсон хүмүүс, шинэ хүн бараг нэмэгдээгүй. Эдгээр “идэвхтнүүд”-тэй АНУ, ЕХ-ны орнуудын дипломатууд байсхийгээд уулзаж, ямар нэг байдлаар дэмждэг. Сонгуулийн үеэр ийм оролдлого гарахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ Монголын хууль сахиулагчид ажилдаа мэргэшсэн хүмүүс. Манай сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх үед тэдний аюулгүй байдлыг хангах шаардлагатай бүхий л арга хэмжээг Монголын талаас авч хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
Эх сурвалж: https://tass.ru/
Орос хэлнээс орчуулсан: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын
салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхцэцэг