Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Хүрээлэнгийн удирдлагууд БНЭУ-ын Элчин сайдын яаманд зочлов.
Хүрээлэнгийн удирдлагууд БНЭУ-ын Элчин сайдын яаманд зочлов.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён  М.П.Сингх 2020 оны 6 дугаар сарын 17-ний өдөр ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай болон судлаачдын төлөөллийг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд захирал Д.Золбоо байгууллагынхаа талаар товч танилцуулж, Энэтхэг судлалын талаар өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн зарим  ажлын талаар дурдав.

Элчин сайд, ноён М.П.Сингх Монгол Улсын Засгийн газар “Ковид-19” цар тахалтай үр дүнтэй тэмцэж буйг өндрөөр үнэлж байгаагаа онцлоод хоёр улсын нийтлэг үнэт зүйл болсон бурхны шашин, ардчилсан хөгжлийн замнал нь өнөөгийн хамтын ажиллагаа, цаашдын хэтийн төлөвийг тодорхойлж байдгийг дурдав.

Уулзалтаар Монгол-Энэтхэгийн боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагаа, цаашид хамтран ажиллахаар зорьж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй ярилцав. Мөн үеэр Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан “Монгол-Энэтхэгийн харилцаа: Уламжлал, Эдүгээ ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах талаар хэлэлцлээ. 

Цаашид тус хүрээлэнгийн эрдэмтдийн төлөөлөл БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай тогтмол уулзалт зохион байгуулж, боловсрол, шинжлэх ухааны салбар дахь хоёр талт хамтын ажиллагааны талаар санал солилцож байхаар тохиролцов.



Бусад мэдээлэл