Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“АКАДЕМИЧ ЧУЛУУНЫ ДАЛАЙН БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ” ХЭВЛЭГДЭН ГАРЛАА
“АКАДЕМИЧ ЧУЛУУНЫ ДАЛАЙН БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ”  ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

    Монгол судлалын үндэсний зөвлөлийн санаачилга, БШУЯ, СЯ-ны санхүүжилтээр “Академич Чулууны Далайн бүтээлийн эмхэтгэл” 9 боть бүтээл хэвлэгдэн уншигч түмний гарт очиход бэлэн боллоо.

    Өнгөрсөн 2020 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Чулууны Далайн мэндэлсний 90 жилийн ой тохиосон бөгөөд ойн хүрээнд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдмийн Зөвлөлийн шийдвэрээр академичийн эрдэм судлалын бүтээлийг Монгол судлалын Үндэсний зөвлөлийн дэмжлэгтэйгээр “Монгол судлалын шилдэг өв” цувралд анх удаа 9 ботиор эмхэтгэн нийтлүүлсэн нь энэ юм.

    ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдмийн хамт олноос ахмад үеийн нэрт эрдэмтдийн бүтээлийн цуврал гаргах, эрдэмтэн судлаачид болон өргөн олны хүртээл болгохыг зорин хүрээлэнгийн захирлын тушаалаар холбогдох Редакцын зөвлөл, Ажлын хэсэг байгуулагдсан билээ. Эмхэтгэлийн Редакцийн зөвлөлд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, доктор, профессор Л.Хайсандай нарын тэргүүтэй судлаачид, шавь нараас нь бүрдсэн 11 эрдэмтэд оролцсон юм.

    Академич Ч.Далай Монголын түүхийн судалгааны хэд хэдэн чиглэлээр илүүтэй анхааран судалж, өөрийн үзэл номлол, байр суурийг дэвшүүлэн гаргаж, Хамаг Монгол, Их Монгол, Монголын Эзэнт гүрэн, Чингис хааны төрийн бодлого, үйлс замналын тухай, Монголын угсаатан үүсэж бүрэлдсэн түүх ба төрт ёсны уламжлал, шашин, соёл, Монгол, Төв Азийн соёл иргэншил, үндэсний сэргэн мандлын тухай, Монгол-Хятад, Монгол-Япон, Монгол-Солонгосын түүхэн харилцааг хамарсан өргөн хүрээтэй судалгаа хийсэн байдаг.

    “Монгол судлалын шилдэг өв” цувралд багтаж буй академичийн 9 боть бүтээл нь судалгааны чиглэл, дэвшүүлсэн зорилтынхоо хүрээнд Монгол Улсад түүх, орон судлал, соёл, сэтгэлгээний нээлтүүд болохуйц анхдагч шан татсан бүтээлүүд байсныг тэмдэглэх нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, академичийн бүтээлүүд нь тухайн цаг үеийнхээ үзэл суртлын халхавчнаас даван гарч, үнэнийг эрэлхийлэх шинжлэх ухаанч хандлага, эх оронч үзэл шингэсэн байдгаараа хэлмэгдэл хавчлагын хүнд бэрхэд дайрагдаж байсан ч он цагийн уртад үнэн цэн нь алдраагүй, олны анхаарал сонирхлоос ч ангижираагүй юм.

    Монгол Улсад орон судлал, гадаад бодлого, олон улсын харилцааны суурь судалгааг дагнан хэрэгжүүлэгч байгууллага болох ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн туулсан хагас зуун илүү жилийн эрдэм судлалын үйлс, бүтээсэн өвийг өнөөдөр эргэн харахад Монгол Улсын хөгжлийн суурь асуудал, оршин тогтнохуйн бодит баталгаа болсон гадаад орчин, түүний хувьсал өөрчлөлт, нөлөөлөл, үр дүн, түүх, үр дагаварыг шинжлэх ухаанч байдлаар нэгтгэн дүгнэх, төр засгийн байгууллагуудыг зөвлөмж, судалгаа, мэдээллээр хангах үүргээ биелүүлсээр иржээ. Хүрээлэнгийн энэхүү туулсан 50 гаруй жилийн түүхэн хугацааны дийлэнх хэсэг нь академич Чулууны Далай агсны эрдэм судлалын ажил үйлстэй нягт холбогдож байна.

    Академичийн Монголын түүх, орон судлал, гадаад харилцааны талаар дэвшүүлсэн санал, зөвлөмж, эрдэм шинжилгээний үнэлэлт дүгнэлт нь өнөө хэр ач холбогдлоо алдаагүй бөгөөд дотоод, гадаадын эрдэмтэн судлаачдаас өндөр үнэлгээ авч, Монгол Улсын түүх, нийгмийн шинжлэх ухаанд бодитой хувь нэмрээ оруулсаар байгаа билээ.

    Бүтээлийн эмхэтгэл нь Монгол Улсын орон судлал, гадаад харилцааны судалгааг дагнан хэрэгжүүлж буй эрдмийн хамт олны дундах ахмад болон залуу үеийн амьд холбоог бататгах, академич Чулууны Далайн амьдрал үйлс, эрдэм судлалын өв, залгамж холбоо, Монгол Улсын шинжлэх ухаанд оруулсан бодит хувь нэмрийг цогц байдлаар гарган сурталчлах өргөн боломжийг нээхэд оршиж байна.

    Энэхүү бүтээлийн эмхэтгэлийг Үндэсний болон орон нутгийн номын сан, их дээд сургууль, судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд тараагдах юм.






Бусад мэдээлэл