Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Энэтхэг номын булан” нээгдэв
“Энэтхэг номын булан” нээгдэв


Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд БНЭУ-ын ЭСЯ-ны санаачлагаар ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн номын санд “Энэтхэг номын булан” нээх ёслол болон доктор О.Нямдаваагийн “Монгол, Энэтхэгийн өнө эртний хэлхээ холбоо” бүтээл, Энэтхэгээс олдсон  XIII-XIV зууны Монгол хаадын миниатур зургийн үзэсгэлэнгийн нээлтийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулав.

Уг цогц арга хэмжээнд УИХ-ын гишүүн бөгөөд Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг, БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, Монгол Улсын Их Хурлын дарга асан Д.Дэмбэрэл, ГХЯ-ны Азийн газрын захирал Э.Сарантогос, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Д.Золбоо, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай, Энэтхэг судлалын Төвийн тэргүүн, доктор О.Нямдаваа, Элчин сайд клубын дэд Ерөнхийлөгч Удвал, Олон улсын харилцааны Алтан аргамж ТББ-ын дэд дарга Цолмон, Дипломат Академийн захирал Элчин сайд Х.Бэхбат, Монгол-Балбын нийгэмлэгийн дарга Гончигсүрэн ламтан, Узбекстан улсад суугаа Монголын өргөмжит консул Абдугафур Рахимов, Соёлын Яамны мэргэжилтэн Ариунзаяа, ШУГЗ, доктор Л.Хайсандай, доктор Ц.Цэрэндорж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Алтай судлалын салбарын эрхлэгч О.Самбуудорж, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат, Хүмүүнлэгийн их сургуулийн ОУХС-ны захирал Уламбаяр, Кино найруулагч соёлын гавьяат Жигжидсүрэн, академич Т.Төмөртогоо, С.Дулам, Д.Цэвээндорж нарын эрхмүүд хүрэлцэн ирж оролцов.

Энэ арга хэмжээний үеэр БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх “Дэлхий даяарх цар тахлын голомтыг өөрийн улсдаа барьж чадсан цөөхөн хэдэн улс буюу 9 улсын нэг нь Монгол Улс юм. Энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 65 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнд “Энэтхэг номын булан” нээж Энэтхэгийн түүх соёл, олон улсын харилцаатай холбоотой эдгээр номнуудыг бэлэглэж байна. Залуу үеийнхэн уншиж танилцаарай” хэмээгээд Монголын эрдэмтэн судлаачидтай цаашид байнга хамтран ажиллахдаа нээлттэй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Их хурлын гишүүн бөгөөд Монгол-Энэтхэгийн Парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг “Миний бие Монгол-Энэтхэгийн Парламентын бүлгийн даргыг хашиж байгаа бөгөөд цаашид бүхий л хүчин чадал нөөц бололцоогоо ашиглаж хоёр улсын хамтын ажиллагааны өргөн салбарт идэвх санаачлагатай ажиллахаа илэрхийлж дипломатч, доктор О.Нямдаваагийн Энэтхэг судлалд оруулж буй нөр их хувь нэмрийг онцолж талархлаа илэрхийлэв”.

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо “Дипломатч, доктор О.Нямдаваа гуай Монголын түүхийн талаар урьд өмнө дуулдаагүй, судлагдаагүй зүйлийг гарган тавихыг хичээдэг эрдэмтэн судлаач, дипломатчийн нэг. Та бүхий гарт өргөн барьж буй “Монгол, Энэтхэгийн өнө эртний хэлхээ холбоо” номонд Хүннү (Хүн)-Энэтхэгийн харилцааг Энэтхэгийн түүх, чулуун бичиг, сүмийн барилгын хананд хэрхэн тэмдэглэсэн, Их Монгол улс, Делийн Султанат байлдааныг болон Могулын эзэнт улсын байгуулсан архитектор, соёл урлаг, зоосыг судлан тавьсны зэрэгцээ Энэтхэгт перс хэлээр үлдсэн “Судрын чуулган” номын Монгол хаадын XIII-XV зууны үеийн зурсан миниатур зурагт хийсэн тайлбартай энэхүү ном Монголын түүх, гадаад харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй” хэмээгээд манай хүрээлэнгийн дэргэдэх Энэтхэг судлалын төвийн тэргүүн О.Нямдаваагийн эрдэм судлалын ажил амжилт хүслээ. 





Бусад мэдээлэл