Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл, бүс нутагт явуулж буй бодлого, үйл ажиллагаа
Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл, бүс нутагт явуулж буй бодлого, үйл ажиллагаа

   1981 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Абу Даби хотод Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл (Зөвлөл)-ийг үүсгэн байгуулах баримт бичгийг албажуулан баталжээ. Уг зөвлөл нь бүс нутгийн шинжтэй институт болж үүсгэн байгуулагдсан бөгөөд Персийн булангийн хаант засаглалтай улсууд өөр хоорондоо түншлэх бүтцийг байгуулах замаар улс орноо бэхжүүлэн хөгжүүлэх зорилтоор Иран-Иракийн зөрчил мөргөлдөөний цаг үед анх байгуулагдсанаараа онцлог юм.

   Персийн буланд орших хаант засаглалт улсууд болох АНЭУ, Бахрейны Хаант Улс, Кувейт Улс, Катар Улс, Оманы Султант Улс, Саудын Арабын Хаант Улс Зөвлөлийн гишүүн ажээ. Ойрхи дорнодын эдгээр зургаан орны байгуулсан уг эдийн засаг, улс төрийн эвсэл нь хэл, соёлоор ижил төстэй гишүүн улсууд хоорондын эдийн засгийн интеграци, улс төрийн эв найрамдлыг өргөжүүлэн бэхжүүлэх гэсэн алсын хараан дор гишүүдийн нэгдмэл байдлыг хангах үндсэн зорилготой.

   Зөвлөлийг байгуулах шийдвэр гаргах тухай 1981 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэлд, “Зөвлөл нь дээд зэргээр уялдуулан зохицуулах, нэгдэн нийлэх, нягт харилцааг бий болгох арга хэрэгсэл болж үйлчилнэ. Зөвлөл нь мөн эдийн засаг, санхүү, боловсрол, соёл, нийгмийн асуудал, эрүүл мэнд, харилцаа холбоо, мэдээлэл, паспорт болон иргэний харьяалал, аялал, худалдаа, гааль, ачаа тээвэр, хууль зүйн болон хууль тогтоох асуудлаар дүрэм журам боловсруулна” [1] гэж тусгагдсан байдаг.

   2003 оны 1 дүгээр сард Зөвлөлийн гишүүд гаалийн нэг бүсийг нэвтрүүлэн хэрэгжүүлж, 2013 оны 9 дүгээр сард Сингапур зэрэг бусад улс оронтой хоёр талт хэлэлцээрийг, 2014 оны 7 дугаар сард Европын чөлөөт худалдааны холбоотой тус тус гэрээ хэлэлцээр байгуулсан.

   Засаглалын хувьд Саудын Арабын Хаант Улс, Катар Улс, Оманы Султант Улсууд нь бүрэн эрхт хаант засаглалтай бол, Бахрейн Улс, Кувейт Улс, АНЭУ нь холимог хэлбэрийн засаглалтайд тооцогддог. Эдийн засгийн хувьд эдгээр булангийн орнууд нь газрын тос, байгалийн хий зэрэг баялгаас олох орлого нь үндсэн орлогыг бүрдүүлж байдаг буюу дунджаар дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг зөвхөн байгалийн баялаг бүрдүүлж байдаг тул үйлдвэрлэл эрхлэгч гэхээс илүүтэй өөрсдийн өмчлөлийн баялгийг ашиглагч эдийн засагтай гэх тодотголд хамаардаг. 1970-аад онд явагдсан газрын тосны үнийн өсөлтийн үр дүнд эдгээр улс орнууд нийгмийн дэд бүтэц, нийтийн үйлчилгээг хүртээмжтэй хөгжүүлж эдийн засгаа бэхжүүлэх зорилтоо хангах үүднээс гадаадын ажиллах хүчийг их хэмжээгээр оруулж ажиллуулсан бөгөөд булангийн орнуудын иргэд нь өөрсдөө гол төлөв төр, олон нийтийн албанд ажил эрхэлж, төсвийн зарлага, ажлын байрны хүртээмжтэй байдал нь тухайн орны иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд эерэг нөлөөг үзүүлсэн байна. [2]. Зөвлөлийн гишүүн орнуудын дотоод нийт бүтээгдэхүүн [3], хүн амын тоог. [4] хүснэгтээр харуулав.


Зөвлөл бүрэлдэх хүчин зүйл, зөвлөлийн мөн чанар

   “Араб үндэстэн бол хуваагдашгүй бөгөөд улс гүрний дунд өөрийн байр суурь бүхий бат орших хэсгийг буй болгоно” хэмээн 1913 онд Парист хийгдсэн Арабынхны анхны их хурлаас бүх араб үндэстэнд хандан уриалж байсан нь арабчуудын үндэсний үзэл, нармай арабын үзэл санаа, эвсэн нэгдэх эрмэлзлийг илэрхийлдэг. Арабчууд бол “Атлантын далайн эргээс Персийн булан, Арабын тэнгисийн эрэг хүртэлх Умард Африк, Дундад дорнод болон Ойрхи дорнодын өргөн уудам дэвсгэрт орших араб хэлтний аймаг, араб дахин”. [5] юм. АНЭУ-ын хүн амын 42 хувь, Бахрейны Хаант Улсын хүн амын 67.7 хувь, Кувейт Улсын хүн амын 78.1 хувь, Катар Улсын хүн амын 40.7 хувь, Оманы Султант Улсын хүн амын 76.7 хувь, Саудын Арабын Хаант Улс 88 хувь тус тус араб хэлээр ярьдаг. [6] бөгөөд эдгээр улсуудын төрийн албан ёсны хэл нь бүгд араб хэл болой. Эдгээр улс орнуудын хүн ардын ярианы хэлэн дэх орон нутгийн шинжтэй аялгууны ялгаа байдаг хэдий ч араб дахины нийт бичиг соёлын өв, утга зохиол, шашны суртахууны ном судар, лалын шашны сургаалын эх судар Коран зэрэгт тэрхүү үл ялих ялгаа нь төдийлөн нөлөөлөөгүй учир араб хэл нь аливаа аймаг угсаатныг арабын ертөнцөд хамаарагдах эсэхийн гол тэмдэг болсон хэвээр, соёл, шашин, сэтгэхүйн арга, зан үйлийн тээгч болсоор иржээ.

   Арабчууд түүх, шашин мөргөл, хүмүүсийн сэтгэхүй, зан заншил, газар зүйн болон ашиг сонирхлын нийтлэг сэжмээр холбогдсоны хувьд улс орноо сэргээн мандуулах үндэсний эрмэлзлээр нэгдэхийн сацуу өөр хоорондын улс төр, эдийн засгийн хэлхээ холбооны хэтэрхий сул тал, тархай бутархай, хөгжлийн түвшин харилцан адилгүй байдал, хүн амын тоо, байгалийн баялаг, амьжиргааны түвшин, ашиг орлого зэрэг үзүүлэлтээрээ эрс тэс ялгавартай байдал зэргийг даван туулах, түүнчлэн гаднын томоохон гүрэн улсуудын сарнин бутаргаж хуваан эзэмших бодлогыг. [7] сөрөн зогсох зэрэг хэрэгцээ шаардлагаар эвлэлдэн хамсах, нэгдэн нийлэх үйл явц руу түүхийн бүхий л цаг үеүдэд, тэр дундаа XX зуунд эрчимтэйгээр тэмүүлсэн. Нэг талаас арабчууд өөрсдийн тархай бутархай байдлыг арилган хүчээ нэгтгэх, эзэнт улс эсхүл их бага нэгдлүүдийг байгуулах эрмэлзэл түүхэн бүхий л цаг үед байсан, нөгөө талаас Их Британи зэрэг дэлхийн томоохон гүрэн улсууд араб үндэсний энэхүү хөдөлгөөнийг Туркийн эсрэг ашиглах зорилгоор нармай арабын үзэл санааг дэмжиж байсан. [8], улмаар дэлхийн II дайны төгсгөл ойртох тутам арабчууд арабын улсуудын холбоог байгуулах асуудлыг 1944 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Арабын орнуудын бага хурлын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулан албан ёсоор хэлэлцэх болж, 1945 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Кайро хотод Египет, Сири, Ливан, Ирак, Йордан, Саудын Араб гэсэн улсууд хамтран Арабын улсуудын холбоог. [9] анх байгуулсныг зарлаж бөгөөд хожим Йемен, Алжир, Бахрейн, Коморос, Жибути, Кувейт, Ливи, Мавритан, Марокко, Оман, Палестин, Катар, Сомали, Судан, Тунис, АНЭУ улсууд гишүүнээр элссэнээр нийт 22 гишүүн улс бүхий, бүс нутгийн холбоо болон өргөжсөн байна.

   Арабын улсуудын холбоо нь үндсэн зорилгын хувьд “гишүүн улс хоорондын харилцааг бэхжүүлэх, хоорондын хамтын ажиллагааг нөхцөлдүүлэх бодлогын нийцлийг хангах, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалах, Арабын улс орнуудын ашиг сонирхол, үйл хэрэгт анхаарал хандуулах”. [10], эдийн засаг, санхүү, худалдаа, гааль, мөнгөн тэмдэгт, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, төмөр зам, авто зам, агаарын тээвэр, шуудан харилцаа, соёл, иргэний харьяалал, паспорт, виз, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, гэмт хэрэгтэн шилжүүлэх, нийгмийн асуудал, эрүүл мэндийн салбар зэрэгт нягт хамтын ажиллагааг бий болгох зорилготой.

   Хэдийгээр Зөвлөлийн зургаан гишүүн орнууд нь бүгд Арабын улсуудын холбооны гишүүн орнууд байсан хэдий боловч “Персийн булангийн бүс нутагт хамааралтай байсан болон одоо ч хамааралтай хэвээр буй түүх, нийгэм, соёл, улс төр, стратегийн бодит байдалд тохируулан авах хариу арга хэмжээ болгож Персийн булангийн улс орнуудын дунд хамтын ажиллагааны зөвлөл шинээр байгуулах”. [11] нэн даруй хэрэгцээ шаардлагатай болсныг Зөвлөлийг үүсгэн байгуулах баримт бичгүүдэд 1981 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дурдсан байна. Өөрөөр хэлбэл, 1970-аад оны нефтийн хямрал, 1979 оны Ираны хувьсгал, 1980-аад оны үед дэгдсэн Ирак-Ираны дайн, түүнээс шалтгаалсан эдийн засгийн уналт, тогтворгүй байдал, олон улсын харилцааны олон зөрчил, тэмцэл зэрэг нь Зөвлөлийг үүсгэн байгуулах болсон улсуудын хувьд байгалийн баялаг, газрын тос, бусад хүчин зүйлийн улмаас гадаад, дотоод орчны хямралд өртөх байнгын аюул занал буйг хүлээн зөвшөөрөхөд хүргэж, дэлхий дахин, олон улс, бүс нутгийн шинжтэй асуудлуудад хариу арга хэмжээ авах, дасан зохицоход хамтарсан бүлгийн хэлбэрээр оролцоход хүргэжээ.

   Энэхүү агуулгаар Зөвлөлийн онцлог, мөн чанарыг судлаачид дараах үндсэн гурван суурь чиглэлтэй холбон тайлбарладаг байна. [12]. Үүнд:

  • Нэгдүгээрт, гаднаас ирэх аюул занал нь гишүүн улс орны оршин тогтнох үндэс суурийг алдагдуулахгүй байх бүс нутгийн аюулгүй орчныг бий болгох. [13] явдал. Энэ зорилгыг биелүүлэх ажлын хүрээнд 1983-1987 онуудад хамтарсан цэргийн сургуулилтуудыг хийж, гишүүн орнуудын зэвсэгт хүчний жанжин штаб, батлан хамгаалахын сайд нар батлан хамгаалах хамтарсан хөтөлбөрийг боловсруулах, цэрэг-батлан хамгаалахын дундын сүлжээ, хамтын удирдлагын тогтолцоог бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж зохих ажлуудыг хийж гүйцэтгэсэн. [14];
  • Хоёрдугаарт, эдийн засгийн урт хугацааны хөгжлийг хангах, улс орны амьжиргааны түвшнийг тогтмол дээшлүүлэх, үндэсний уламжлал, үнэт зүйлсийг хамгаалах замаар дотоодын сайн сайхан амьдралыг тэтгэн өргөжүүлэх явдал;
  • Гуравдугаарт, дэлхийн хэмжээнд өрнөж буй өөрчлөлт хувьсал болон дотоодын аюул заналд хариу арга хэмжээ авах чадамж бүхий, бус нутагтаа хүчирхэг нэгдлийг байгуулах явдал.

   Зөвлөлийн улсууд нь 1981 онд анх уг нэгдлийг нэн даруй байгуулах болсон цаг үеийн хэрэгцээ шаардлага түүнээс хойших хугацаанд, одоо ч арилаагүй болох нь Саддам Хуссейн 1990-1991 онд Кувейтийг эзэлсэн зэрэг үйл явдлаар нотлогдсон буюу нөхцөл байдал зөвхөн хэлбэр, хэв маягийн хувьд хувьсан өөрчлөгдсөн боловч нэгдлийг байгуулах суурь шалтгаан өөрчлөгдөөгүй хэмээн үздэг. Дээрх агуулгаар энэхүү байгууллын мөн чанарыг тайлбарлан авч үзвэл, Зөвлөл нь үүсгэн байгуулагч гишүүн улс орнуудын нийтлэг болон өвөрмөц ашиг сонирхлыг хангах, олон улс, бүс нутгийн сорилтуудыг даван туулах зорилготой цэрэг-батлан хамгаалах, улс төр, эдийн засгийн эвсэл, нэгдлийн шинж чанартай зохион байгуулалт мөн.

Зөвлөлийн бодлого, үйл ажиллагаа, бүс нутаг дахь байр суурь

   Зөвлөлийн гишүүн орнуудын газар зүйн байршил, геостратегиар дамжуулан бүс нутгийн онцлог, хөрш орнуудын хүчин зүйл, худалдаа эрхлэх харьцангуй давуу тал, Их Британи зэрэг томоохон гүрнүүдийн ашиг сонирхлын холбоос, нөлөөллийг танин мэдэх боломжтой. Ойрхи дорнодын бус нутаг нь дэлхийн нефтийн зах зээлд чухал суурийг эзэлж ирсэн бөгөөд бүх дэлхийн нефтийн нөөцийн 60 хувьтай тэнцэх нөөцтэй гэгддэг. Саудын Араб, Бахрейн улсууд нь дэлхийн II дайны өмнө нефть үйлдвэрлэж эхэлсэн бол, Кувейт, Катар зэрэг улсад 1960-аад он гэхэд нефтийн асах их нөөц шинээр нээгдэж, 1966 он гэхэд Кувейт жилд 114 сая тонн нефть үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. 2021 оны тоон мэдээгээр Зөвлөлийн гишүүн улс орнууд өдөрт 17.8 сая баррель (159 литр) нефть үйлдвэрлэдэг. [15], ОПЕК-ийн нөөцийн тэн хагасыг эзэмшдэг. [16] болсон. Улмаар Зөвлөлийн улсууд нь дангаараа дэлхийн газрын тосны батлагдсан нөөцийн 30 шахам хувийг бүрдүүлж, Перс/Арабын булангийн улсууд нь дангаараа 50 шахам хувийг тус тус эзэлдэг болжээ. Энэ нь Зөвлөл болон тус бүс нутгийн орнууд дэлхийн эдийн засгийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд онцгой байр суурийг эзэлж буй болохыг нотлох үзүүлэлт бөгөөд Зөвлөлийн улсууд нь бүс нутагтаа онц чухал байр суурийг олсон суурь шалтгааны нэг нь энэхүү байгалийн баялаг мөн.

   1981 оны 11 дүгээр сард Зөвлөлийн гишүүн улсууд Нэгдмэл эдийн засгийн хэлэлцээрийг баталж, үүгээрээ илүү ойр нягт эдийн засаг, худалдааны харилцааг бий болгох, мөнгөн хөрөнгийн харилцан шилжүүлэг чөлөөтэй хийгдэх, шинжлэх ухаан, технологи, тээвэр, харилцаа холбоо, санхүүгийн түншлэлийн салбарт үйл ажиллагаа хамтран явуулах, уялдуулан зохицуулах зорилгыг дэвшүүлсэн. Уг хэлэлцээрийг 2001 онд өргөжүүлж, Зөвлөлийн гишүүн улсын иргэд иргэншил үл хамааран эрх тэгш, эн тэнцүү байх баталгааг бүрдүүлснээрээ Зөвлөлийн “эдийн засгийн иргэншил”. [18]-ийг бий болгосонд тооцогддог.

   2001 оны Эдийн засгийн өргөтгөсөн хэлэлцээрээр Зөвлөлийн гишүүд гаалийн нэг бүсийг байгуулах, гишүүн улсуудын иргэн, хуулийн этгээдүүд аливаа ялгаварлалгүйгээр, ижил тэнцүү эрхтэй оролцох дундын зах зээлийн бүсийг тогтоох, тодорхой шат дараалсан ажиллагааны дагуу дундын мөнгөн тэмдэгтийг эргэлтэд оруулах, эдийн засгийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, газрын тос, байгалийн хий, байгалийн бусад баялгийг ашиглах таатай орчныг бүрдүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, нийгмийн эв нэгдлийг хангах, Араб, Исламын өвөрмөц төрхийг бататгах, энэ үйлсэд хүчин зүтгэх ажиллах хүчин, боловсрон хүчнийг бэлтгэн сургах хүний нөөцийг бэхжүүлэх, оюуны өмчийг хамгаалах, шинжлэх ухаан-технологийн мэдээллийн санг баяжуулах чиглэлд хамтран ажиллах, тээвэр, харилцаа холбоо, дэд бүтцийг хөгжүүлэх, цахим худалдаа эрхлэх эрх зүйн орчныг ижилсүүлэх, газар, ус, агаарын тээврийн дэд бүтцүүдийг холбон нэгтгэх талаар тохирсон.

   Энэхүү суурь тохиролцооны дагуу Зөвлөлийн хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг тоймлон авч үзэхэд:

Дүгнэлт

   Персийн буюу Арабын булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнууд болох АНЭУ, Бахрейны Хаант Улс, Кувейт Улс, Катар Улс, Оманы Султант Улс, Саудын Арабын Хаант Улсуудын нэгдмэл ашиг сонирхол нь тухайн орнуудын оршин тогтнох, аюулгүй байдлаа хамгаалах бодлого, алсын хараатай холбоотой байхаас гадна, Зөвлөлийн үйл ажиллагаа нь эдгээр улсуудын байгалийн баялагт түшиглэсэн ашиглагч хэв маягийн эдийн засгийн бүтэцтэй, дэлхийн газрын тосны зах зээл, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гинжин хэлхээнд томоохон байр суурь бүхий, хэл, соёл, шашин шүтлэг, уламжлал, засаглалын хэв маягаараа ойр төстэй шинж чанартай, ард түмнийхээ энх тунх амьдрал ахуй, аж ахуй эрхлэх орчин нөхцөлийг тогтвортой тэтгэн хамгаалах гэсэн үнэт зүйлстэй салшгүй холбогдоно.

   Өөрөөр хэлбэл, Ойрхи дорнодын бүс нутагт, хажуу зэргэлдээ хөрш орнуудад өрнөсөн дайн мөргөлдөөн, эзлэн түрэмгийлэл, энэ лугаа бусад гадаад, дотоодын аюул заналхийллийг сөрөн зогсох улс төр, эдийн засаг, цэргийн эвслийн чиг үүргийг Зөвлөл гүйцэтгэж байна гэж дүгнэж болохоор байна.


[1] Rouhollah K. Ramazani, The Gulf Cooperation Council: Record and Analysis (University of Virginia Press, 1988).

[2] Ж. Баяр. Ойрхи дорнодын асуудал. УБ. 1973. х. 6-9

[3] Дэлхийн банк: Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүдийн эдийн засгийн үзүүлэлт. https://data.worldbank.org/indicator

[4] Зөвлөлийн гишүүн орнуудын хүн амын тоо 2024 оны байдлаар. https://worldpopulationreview.com/country-rankings/gcc-countries

[5] Ж. Баяр. Ойрхи дорнодын асуудал. УБ. 1973. х. 6-9

[6] World Data сан: Араб хэлээр ярьдаг улс орнууд. https://www.worlddata.info/languages/arabic.php

[7] Ж. Баяр. Ойрхи дорнодын асуудал. УБ. 1973. х. 6-9

[8] Мөн тэнд.

[9] Монгол хэлэнд Арабын барилдлага, Арабын лиг гэх зэргээр хөрвүүлэн ашиглах нь бий.

[10] Арабын улсуудын холбооны дүрмийн 1 дүгээр зүйл. https://www.refworld.org/legal/constinstr/las/1945/en/13854

[11] АНУ-ын Гадаад нэвтрүүлгийн мэдээний алба. FBIS-MEA, V-81-107, June 4, 1981, A10-A13.

[12] Riccardo Dugulin. A Neighborhood Policy for the Gulf Cooperation Council. (Gulf Research Center, 2010) https://www.files.ethz.ch/isn/125707/A_niebourhood_policy_2633.pdf

[13] Gulf Cooperation Council, http://www.globalsecurity.org/military/world/gulf/gcc.htm

[14] Riccardo Dugulin. A Neighborhood Policy for the Gulf Cooperation Council. (Gulf Research Center, 2010). 9-10

[15] Зөвлөлийн статистик, тоон мэдээний төв. https://gccstat.org/en/statistic/economic/oil_production_uae

[16] Linda Low, Lorriane Carlos Salazar. The Gulf Cooperation Council: A Rising Power and Lessons for ASEAN. (Institute of Southeast Asian Studies, 2011).

[17] BP Statistical Review of World Energy, 2016.

[18] Зөвлөлийн гишүүд хооронд 2001 онд байгуулагдсан Эдийн засгийн хэлэлцээрийн 3 дугаар зүйлд тусгагдсанаар.

[19] Linda Low, Lorriane Carlos Salazar. The Gulf Cooperation Council: A Rising Power and Lessons for ASEAN. (Institute of Southeast Asian Studies, 2011).

[20] Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл – олон улсын байгууллагын тухай. https://www.britannica.com/topic/Gulf-Cooperation-Council

[21] Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны цахим хуудас. https://www.gcc-sg.org/ar-sa/MediaCenter/NewsCooperation/News/Pages/news2023-5-8-5.aspx

[22] Robert Mason. The Omani Pursuit of a Large Peninsula Shield Force. 360

[23] Daniel Kurtzer, Maira Seeley. The Middle East’s Evolving Security Landscape: Prospects for Regional Cooperation and US Engagement. (Istituto Affari Internazionali (IAI) (2020)).



ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын салбарын ЭША З.Мэнд






Бусад мэдээлэл