Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.Мягмар: Онц байдал зарласан нь ерөнхийлөгчийн зүгээс сөрөг хүчний гол эсэргүүцэгчдийг буулгаж авах гэсэн оролдлого байлаа

ШУА-ийн Олон улсын судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Мягмарын https://tsahiur.mn/ веб сайтад өгсөн ярилцлага

   - БНСУ-д онц байдал зарласан явдлыг олон улсын хэвлэлүүд мэдээлэхдээ “Дотоодын улс төрийн асуудлаас үүдэлтэй” гэж мэдэгдэж байна. Онц байдал зарласан шалтгаан нөхцөлийн талаар ярилцлагаа эхлэх үү?

   - БНСУ-ын хуулиар улс орныг хамарсан зэвсэгт мөргөлдөөн, эмх замбараагүй байдал бий болох зэргээр үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсэж, түүнийг цагдаа, хууль сахиулах байгууллагын хүчээр зогсоохоос өөр аргагүй болсон үед засгийн газрын хурлаар хэлэлцүүлсний үндсэн дээр ерөнхийлөгч албан ёсоор онц байдал зарлах эрхтэй байдаг.

   Гэвч сая онц байдал зарлах үед тус улсад тийм ноцтой нөхцөл байдал үүссэн эсэх нь эргэлзээтэй. Онц байдал зарлах санаачилгыг Батлан хамгаалахын сайд дэвшүүлж, ерөнхийлөгч дэмжсэнээр бусад гишүүдийн саналыг харгалзахгүй хэрэгжүүлсэн бололтой. Улс төрийн ардчилсан тогтолцоотой, чөлөөт нийгэм бүхий харьцангуй тайван улсад онц байдал тогтоох замаар асуудлыг шийдэх гэж оролдох нь маш буруу зүйл л дээ. Энэ гэнэтийн шийдвэр нь иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийг тогтворгүй болгож байна.

   Онц байдал зарласан шалтгааны талаар судлаач миний хувьд харж байгаагаар БНСУ-ын ерөнхийлөгч нь албан үүргээ хүлээн авсан цагаас хойш үйл ажиллагааны хэд хэдэн алдаа гаргаж ард түмний дунд нэр хүнд нь буурсаар байгаа. Тухайлбал, ажлын хариуцлага алдан огцорсон сайдыг гадаадад Элчин сайдаар томилсон, эрх баригч намын даргыг шууд нөлөөлөх замаар суудлаас нь буулгахыг завдсан, ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо хууль зөрчсөн, онцын шаардлага гараагүй байхад ОХУ болон БНХАУ-ыг олон улсын тавцанд шүүмжилсэн. Хамтарсан мэдэгдэл гаргах үеэр АНУ-ын ерөнхийлөгчийг индэр дээр хүлээлгэсэн, нийгмийн өндөр орлоготой бүлгийн татварыг бууруулснаас төсвийн орлого буурсан зэрэг олон жишээ бий.

   - Ерөнхийлөгчийн эхнэртэй холбоотой байх магадлалтай гэсэн таамаглал байна уу даа?

   - Ерөнхийлөгчийн эхнэртэй холбоотой таагүй мэдээ ч хэвлэлээр их гарах болсон. Сүүлийн үеийн судалгаагаар ерөнхийлөгчийг ард түмний 20 хувь нь дэмжиж байна. Түүнээс гадна сөрөг хүчин болох Ардчилсан намын зүгээс ерөнхийлөгчийг албан үүргээс чөлөөлөх тухай олон үндэслэлүүдийг дэвшүүлж, огцруулах хүсэлтийг хэд хэдэн удаа гаргаж байсан. Мөн Үндэсний Ассамблейн зүгээс засгийн газрын шийдвэрт хориг тавих, засгийн газрын гишүүдийг огцруулах хүсэлт гаргах зэргээр ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд саад учруулах болсон. Энэ бүхнээс харахад ерөнхийлөгчийн нэр хүнд ард түмний болон улс төрийн хүрээнд унаж, засгийн газар хэвийн үйл ажиллагаа явуулах боломж улам бүр хумигдах болсон. Онц байдал зарласан нь ерөнхийлөгчийн зүгээс сөрөг хүчний гол эсэргүүцэгчдийг буулгаж авах гэсэн оролдлого болов уу гэж харж байна. Үндэслэл нь хангалттай бус болохоор Умард Солонгосын асуудлыг хавчуулсан болов уу. Эх орны аюулгүй байдалд заналхийлсэн урвагчид байна гэж онц байдал зарлахдаа мэдэгдсэн байна лээ.

   - Ардчилсан улс оронд ийм ноцтой байдал гэнэт үүссэн нь олон улсын хувьд сонирхол татлаа. БНСУ-аас илүү Хойд Солонгосын нөхцөл байдал, байр суурь, үйлдэл анхаарлын төвд байдаг. Та судлаач хүний хувьд энэ тал дээр байр суурьтай байна вэ?

   - Онц байдал зарласан тохиолдолд улс орны хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл цэргийнхний гарт шилждэг. Энэ нь маш ноцтой асуудал. Тиймдээ ч Үндэсний Ассамблей яаралтай хуралдаж үүр шөнөөр онц байдлыг цуцлах тухай шийдвэр гаргасан байна. Хамгийн сүүлд 1979 онд ерөнхийлөгч Пак Жөн Хий алагдаж, улс орны дотоодод эмх замбараагүй байдал үүссэнээс цэргийн онцгой дэглэм тогтоож байсан.

   Тэр үеийн болон өнөөгийн нөхцөл байдал эрс ялгаатай. Тухайн үед төрийн авторитар дэглэм ноёрхож байсан бол эдүгээ улс төрийн ардчилсан тогтолцоо бүхий чөлөөт нийгэм төлөвшөөд удаж байна. Иргэдэд ухамсарт ардчилал, эрх чөлөөний итгэл үнэмшил бат шингэсэн байгаа. Өнөө цагт асуудлыг энэ аргаар шийдвэрлэх гэснээрээ ерөнхийлөгч Юн Сок Ёль өөрийн нэр хүндийг дотоодод болон олон улсын тавцанд унагалаа.

   - Онц байдлыг дөрвөн цагийн дараа цуцалснаар улс төрийн хурц байдал намжлаа. Ардчилсан орны хувьд засаглалаа сайн хамгаалж чадлаа гэж зарим судлаачид дүгнэж байна?

   - Хурцадмал байдал намжиж ард түмний амьдрал хэвийн үргэлжилж байна. Гэвч улс төрийн хүрээнд байдал намжаагүй байна. Сөрөг хүчний зүгээс ерөнхийлөгчийг татан буулгах зорилгоор Үндэсний Ассамблейн байрны өмнө олон нийтийг хамарсан эсэргүүцэл зохион байгуулж байна. Мөн засгийн газрын зарим гишүүд огцрох тухай яригдаж байна.

   Ард түмний дэмжлэгийг авахгүй, Үндэсний Ассамблейтай эв зүйгээ олж чадахгүй бол ерөнхийлөгч цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бага. Онц байдлыг Үндэсний Ассамблейн хурлаар яаралтай цуцалснаар болзошгүй эрсдэлээс сэргийлж чадсан. 1979 онд онц байдал зарласан үеийг ашиглан цэргийн эрхтэн Жөн Дү Хван хуйвалдаан зохион байгуулж төрийн эрхийг хууль бусаар авсан байдаг.

   - Нөгөө талд ерөнхийлөгчийн байр суурийг дэмжсэн гишүүд улстөрчид байх шиг байна. Тэд ямар үндэслэл, юуг тайлбарлаж байх юм бэ?

   - Ерөнхийлөгчийн зарлигийг дэмжсэн улс төрчид харьцангуй цөөхөн байгаа болов уу. Үндэсний Ассамблейн зүгээс огцруулахыг шаардсан сайдууд болон түүний хамаарал бүхий хүмүүс голдуу байгаа. Мөн онц байдал тогтоосон шөнө Үндэсний Ассамблейн яаралтай хуралд оролцоогүй эрх баригч намын гишүүд цөөнгүй байсан. Тэдний ерөнхийлөгчийн энэхүү шийдвэрийг дэмжсэн эсэх нь тодорхойгүй.

   - Солонгосын хувьд улс төрийн байгууллын талаар тайлбарлаж өгөхгүй юу. Ерөнхийлөгчийн засаглалтай орон ч гэлээ гүйцэтгэх засаглал маш бие даасан байгаа нь ажиглагдлаа?

   - БНСУ нь ерөнхийлөгчийн засаглалтай улс. Гүйцэтгэх засаглалын тэргүүн нь улсын төсөв зарцуулах, төрийн албан хаагчид болон элчин сайдын томилох, хууль санаачлах, зэвсэгт хүчнийг удирдах, онц байдал тогтоох зэрэг бие даасан асар өргөн хүрээний эрх мэдэлтэй.

   Улс орны дотоод болон гадаад олон асуудал ерөнхийлөгчөөр ямар хүн сонгогдохоос шууд хамаардаг. Тиймээс тус улсын иргэд ерөнхийлөгчийн сонгуульд асар өндөр ач холбогдол өгдөг. Ерөнхийлөгчийн зарим төрлийн үйл ажиллагаа, шийдвэрт Үндэсний Ассамблейгаас хориг тавих эрхтэй байдаг ч гишүүдийн саналаас хамаарч хориг хүчин төгөлдөр болдог. Үндэсний Ассамблей нь хууль санаачлах, батлах, ерөнхийлөгчийн өргөн барьсан улсын төсөв хянах болон хориг тавих, улс төрийн албан тушаалтнуудыг томилох, шаардлагатай тохиолдолд тайлбар авах зэрэг эрхүүдийг эдэлдэг.

   - Онц байдалтай холбоотойгоор үйл явдлууд ар араасаа өрнөсөөр байна. Та алиныг нь онцлох вэ?

   - Онц байдал тогтоосноос БНСУ-д нийгэм, улс төрийн тогтворгүй байдал үүсэж, тус улсын хувьцааны болон үндэсний валютын ханш буурсан. Энэ нь хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлж, эдийн засагт сөргөөр нөлөөлөх магадлалтай. Мөн олон улсын тавцанд тус улсын нэр хүндийг унагасан хэрэг боллоо.

   - Цаашид энэ нөхцөл байдлаас үүдэлтэй улс төр хийгээд бусад салбарт ямар өөрчлөлт гарах бол?

   - Ерөнхийлөгч огцорвол сонгууль дахин хийх гээд тус улсын нийгэм, улс төрд олон ажил өрнөх байх. Огцрохгүй суудалдаа үлдлээ гэхэд сөрөг хүчинтэй эвээ олох, ард түмний дэмжлэгийг олж авах гээд Юн Сок Ёль ерөнхийлөгч цаашид олон сорилтуудтай тулгарах нь дамжиггүй.

   - БНСУ болон БНАСАУ хоёрын улс төр хийгээд батлан хамгаалах гээд чухал салбарын хүрээнд, ер нь энэ хоёр улсын харилцаа ямар байна вэ?

   - БНСУ-ын өмнөх ерөнхийлөгчид БНАСАУ-тай харилцаагаа сайжруулах оролдлого хийсээр ирсэн. Ялангуяа Ким Дэ Жүн, Пак Гын Хэ, Мүн Жэ Ин ерөнхийлөгчид БНАСАУ-ын удирдагчидтай биечлэн уулзаж хоёр улсын харилцаанд чамгүй ахиц гаргаж байсан.

   Гэвч өнөөгийн ерөнхийлөгч Юн Сок Ёль гадаад бодлогын хувьд БНАСАУ-ын гол дайсан гэж үздэг Япон улстай батлан хамгаалах болон худалдаа эдийн засгийн харилцаагаа сайжруулж, АНУ тэргүүтэй барууны хамтрагчидтайгаа хэт ойртсоноос үүдэн хоёр улсын харилцаа хүйтэрсэн. ОХУ болон БНАСАУ-ын тал Орос-Украйны дайнаас үүдэн батлан хамгаалах, аюулгүй байдлын харилцаагаа гүнзгийрүүлж байгааг БНСУ-ын тал эсэргүүцэх болсон. ОХУ-ын талд зэвсэг техник нийлүүлэх, цэрэг илгээх замаар цөмийн технологи дамжуулан авч байж болзошгүй гэж БНСУ хардаж байгаа.

   - Энэ нөхцөл байдлаас манай улс суралцах шаардлагатай зүйлс юу байна вэ?

   - Сонгогчдын боловсролыг дээшлүүлж, төрийн удирдах өндөр албан тушаалд зөв хүмүүсийг сонгох хэрэгтэй. Мөн нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг хангах үүднээс иргэдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, авлигыг бууруулах, орлогын тэгш бус хуваарилалтыг багасгах замаар дундаж давхаргыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах гээд яривал олон зүйл бий.

   - Ярилцсанд баярлалаа.


Эх сурвалж: https://tsahiur.mn/


Бусад мэдээлэл