Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Японы Дипломатын хөх ном-2024” (Товч тойм)

   Япон улсын Гадаад хэргийн яамнаас эрхлэн жил тутам гаргадаг “Дипломатын хөх ном” нь тухайн жилийн олон улсын байдал, Япон улсын дипломат ажиллагаа, бодлогын чиг хандлага, хэтийн төлөвийг танилцуулдаг товхимол бөгөөд өмнөх жилийн үйл явдлыг голчлон тусган харуулдаг онцлогтой.

   Япон-АНУ-ын эвсэл, бүс нутгийн аюулгүй байдлын орчин, япон хүний хөгжлийн тусгай санаачилгаас гадна Хятадтай харилцах харилцаандаа уян хатан байдлаа стратегийн хувьд хадгалж, хоёр орны харилцааг сайжруулах, тэнцвэржүүлэхэд хүчин чармайлт гаргаж байгааг тусгасан нь энэхүү хэвлэлийн гол онцлох зүйл болжээ. Тодруулбал, 2019 оны хэвлэлээс хойших 5 жилийн хугацаанд анх удаа Хятадтай “Стратегийн нийтлэг ашиг сонирхолд суурилсан харилцан ашигтай харилцаа” (“Mutually beneficial relationship based on common strategic interest”) гэсэн нэр томьёог сэргээн ашиглаж, хоёр орон нийтлэг асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлж, хамтран ажиллахаа тэмдэглэсэн байна. Арлын маргаан, Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцын цэвэршүүлсэн усыг далайд асгасан зэрэг асуудлаар хоёр орны хооронд хурцадмал байдал хэвээр байгаа юм.

   Мөн тус номд Япон-АНУ-ын холбоог цаашид идэвхтэй бэхжүүлнэ, учир нь энэхүү холбоо нь Японы гадаад бодлого, аюулгүй байдлын гол тулгуур болохыг онцлон тэмдэглэжээ.

   БНСУ-ыг Япон улс олон улсын хамтын нийгэмлэгийн олон асуудлыг шийдвэрлэх түншийн хувьд хамтран ажиллах ёстой чухал хөрш орон хэмээн тодорхойлж, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал ноцтой байгаа тул Япон, БНСУ-ын нягт хамтын ажиллагаа урьд өмнөхөөсөө илүү чухал байгааг онцолжээ. Мөн БНАСАУ-аас цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө ахиулж байгаа нь Японы аюулгүй байдалд хамгийн ноцтой аюул занал учруулж байна гээд үүнтэй холбогдуулан АНУ, БНСУ-тай хамтран аюулгүй байдлын гурван талын хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгааг дурджээ.

   ОХУ-ын тухайд БНХАУ төдийгүй БНАСАУ-тай харилцаагаа сайжруулах алхам, ялангуяа Орос-Украины дайны байдлыг улам дордуулж болзошгүй Умард Солонгосын зэвсэг шилжүүлэх үйл ажиллагааны талаар болгоомжилж байгаагаа онцолжээ. Ялангуяа Орос-Украины дайны дараа хоёр улсын харилцаа хүндхэн байгаа хэдий ч Япон ОХУ-тай хийх төслүүдээ сэргээж, Курилын арлуудын маргааныг шийдвэрлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаа талаар дурдсан байна.

   Монгол-Японы харилцааны тухайд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Япон улсад хийсэн айлчлал, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалтын үеэр хийсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Японы Ерөнхий сайд Кишида Фүмио болон Гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалт, яриа хэлэлцээг онцолж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Япон-Монголын оюутны форум”-г хоёр дахь удаагаа зохион байгуулж, хоёр орны хойч үе оюутан залуучуудын солилцоог идэвхтэй явуулсныг тэмдэглэжээ.

   Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон улсад хийсэн айлчлалын үеэр баталсан “Япон-Монголын үйл ажиллагааны хөтөлбөр (2022-2031)”-т тулгуурлан олон салбарын хамтын ажиллагааны төслүүдэд тогтвортой ахиц дэвшил гарч буйг онцолж, “Нэг тэрбум мод” санаачилгын хүрээнд Япон улс 50 мянган мод тарих төслийг эхлүүлснийг уг бүтээлд дурдсан байна.


Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн
Гуравдагч хөрш орон судлалын салбарын ЭШДэА А.Сосорбурам


Бусад мэдээлэл