2020 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай болон Британи судлалын төв НҮТББ-ын төлөөлөл Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайдын яамны шинэ байранд зочилж, Цог жавхлант Хатан хааны Элчин сайд, ноён Филип Малон хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр захирал, доктор Д.Золбоо байгууллагынхаа үйл ажиллагааны онцлог хийгээд 2020 онд хүрээлэнгээс Европ болон Британи судлалын талаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй зорилтын талаар товч танилцуулав.
Энэ хүрээнд хүрээлэнгийн дэргэд байгуулсан Монголын Британи судлалын төвийг тогтмол үйл ажиллагаатай болгох, судалгааны ном, сэтгүүл гаргах зэрэг ажлаа эрчимжүүлэх бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Элчин сайд ноён Филип Малон ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн нь Британий боловсрол, шинжлэх ухааны холбогдох байгуулагуудтай амжилттай хамтран ажиллаж ирсэн болохыг 2013 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Кэмбрижийн их сургуультай хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнд хэвлүүлсэн “Transcontinental Neighbors” хэмээх 2 боть бүтээлийн жишээгээр тодотгон тэмдэглээд тус хүрээлэнгийн удирдлагын зүгээс гаргаж буй ажил хэрэгч санал санаачилгыг талархан хүлээн авч дэмжихээ илэрхийлэв.
Цаашид дээр дурдсан ажлуудыг ажил хэрэг болгох үүднээс ЭСЯ-ны холбогдох ажилтнууд болон хүрээлэнгийн эрдэмтэд хамтран нарийвчилсан төлөвлөгөө гарган ажиллахаар энэ удаагийн уулзалтаар тохиролцсон байна.
Мэдээ бэлтгэсэн Р.Төрдалай