МИГЭДДОРЖИЙН БАТЧИМЭГ
(1973-2020)
Монгол Улсын УИХ-ын гишүүн агсан М.Батчимэг хүнд өвчний улмаас таалал төгссөн тухай мэдээг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдмийн хамт олон гүнээ харамсан хүлээн авч, талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран зүтгэгч нарт нь гүн эмгэнэл илэрхийлж байна.
М.Батчимэг гишүүн нь Монгол Улсын ардчилал шинэчлэлийн үйл явцыг олон улсын хөгжлийн зүй ёсны замналын дагуу өрнүүлэх хөгжүүлэхийн төлөө ухамсарт амьдралаа зориулсан нэр хүндтэй улс төрч эмэгтэй байсны зэрэгцээ Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, олон улсын харилцаа судлалын чиглэлд жинтэй судалгаа хийсэн авьяаслаг судлаач, шилдэг менежерүүдийн нэг байлаа.
Тэрбээр төрийн бодлого, үйл ажиллагаа шинжлэх ухаан, судалгаа шинжилгээнд тулгуурлах ёстой, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд улс төржилт, түүний нөлөө байх ёсгүй гэдэг байр суурийг тууштай баримталж байсан юм. Тухайлбал, 2015 онд тухайн үеийн Засгийн газраас шинжлэх ухааны салбарын бүтэц зохион байгуулалтын талаар баримталж байсан бодлого, үйл ажиллагаанд гарсан зарим алдаа дутагдлыг М.Батчимэг гишүүний хичээл зүтгэл, нэр хүнд нөлөөгөөр зохих түвшинд засан залруулж, Монгол Улсад орон судлал, гадаад бодлого, аюулгүй байдлын дагнасан болон суурь судалгааг эрхлэн хэрэгжүүлдэг, мэргэжлийн байгууллагуудын бүтцийг хэвээр хадгалан үлдэж чадсан билээ.
Дэлхий ертөнцөд эрчимтэй өрнөж буй их өөрчлөлт хувьслын сорилт, шалгуур дунд Монгол Улс хөгжлийн гадаад орчноо танин мэдэх, судлах, улмаар үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогынхоо үзэл баримтлалыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулах нь манай улсын оршин тогтнох, хөгжин дэвшихийн бодит баталгаа болно гэдэг үзэл баримтлалыг М.Батчимэг агсан тууштай баримталж байсныг энд дурсан тэмдэглэх нь зүйтэй.
Эрдэм судлалд элэгтэй, эх түүх, эх хэл соёлдоо түшигтэй, чадварлаг төрийн түшээ, авьяаслаг судлаач эрдэмтэн М.Батчимэг нь хийж бүтээх ид үе, цэл залуу насандаа хүнд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн боловч түүний гэгээн төрх, үйлс бүтээл бидний зүрх, сэтгэлд үүрд хадгалагдан дурсагдах болно.
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ