Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“КОВИД-19: ХАЛДВАР ХАМГААЛАЛ, ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА” (БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ЖИШЭЭГЭЭР)
“КОВИД-19: ХАЛДВАР ХАМГААЛАЛ, ОЛОН УЛСЫН ТУРШЛАГА” (БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ЖИШЭЭГЭЭР)

    Дэлхий нийтийг хамраад буй цар тахал өөрийн оронд бүртгэгдэхээс өмнө БНСВУ-ын төр засаг анхаарч, учирч болзошгүй аюулын эсрэг авч хэрэгжүүлэх арга замаа тодорхойлж эхэлсэн. Ийм ч учраас харьцангуй хохирол багатайгаар аюулыг сөрж, бүрэн хяналтандаа аваад байна. 97,7 сая хүн амтай тус улсад өнөөдрийн байдлаар 1304 тохиолдол бүртгэгдсэнээс 1142 нь эдгэрч, нас баралт 35 байна. 

    БНСВУ-ын Эрүүл мэндийн дэд сайд, доктор Нгуен Тань Лонг 4 дүгээр сарын 30-нд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн чуулганд оролцохдоо “КОВИД-19 тахлыг хянах Вьетнамын туршлага бол улс төрийн системийн манлайлал, Засгийн газрын оновчтой шийдвэрийн цогц нийлбэр бөгөөд үндсэн стратеги нь урьдчилан сэргийлэлт - эрт илрүүлэлт - нарийн тусгаарлалт ба тохирсон эмчилгээ юм” хэмээн мэдэгдсэн. 

    ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга, доктор Данг Куан Тан өнгөрсөн хугацаанд Вьетнам улс гадаадаас буцаж ирсэн бүх зорчигчдыг хатуу хяналтандаа байлгаж, олон нийтийн хяналтыг чангатгаж, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр худал ташаа мэдээ дамжуулахгүй байх, үнэн зөв мэдээллээр хангахад маш сайн анхаарсан нь халдварын тархалтыг хумихад ихээхэн тус дэм болсон гэж үзсэн байна. 

    Халдварт өвчнийг хянах үр дүнтэй системийн ачаар Вьетнам улс халдварын талаар эрт сэрэмжлүүлж, цаг алдалгүй ажиллаж, өвчтөнүүдийг буюу бүртгэгдсэн тохиолдлуудын хавьтлыг мөрдөн мөшгиж, хатуу хөл хорионы дэглэмд шилжиж, голомтот цэгүүдийг тусгаарлах ажлыг хэрэгжүүлжээ. Цаашид, одоо байгаа хяналтын платформуудыг оновчтой болгох замаар КОВИД-19-ийн хяналтыг бэхжүүлэхэд чиглэгдэх болно. Өөрөөр хэлбэл, шалгах-ойрын хавьтлын хүмүүстэй холбоо тогтоох-эмчлэх, олон нийтийн дунд халдварын тархалтыг хянах илүү өргөн хувилбарыг бэлтгэхэд үргэлжлүүлэн анхаарна гэж мэдэгдэж байна.

    Вьетнам улс КОВИД-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх талаар өөрийн олж авсан туршлага, сургамж, чиг баримжааг бүс нутаг, олон улсын хэмжээнд байнга хуваалцсаар ирсэн ба ДЭМБ болон Азийн бусад орнуудаас өндөр үнэлгээ авдаг. Тухайлбал, энэ сард Сингапурын Үндэсний Их Сургуулиас цахимаар зохион байгуулсан “Эрүүл мэндийн ирээдүйн чиг хандлага” форумд Тайланд, Тайвань, Энэтхэг, Индонез, Филиппин, Бангладеш зэрэг орны эрдэмтэн, судлаачид оролцжээ. Вьетнамыг төлөөлж Эмнэлгийн тусламж үйлчилгээний удирдлагын газрын дарга, Ковид-19 эмчилгээний ажлын хэсгийн орлогч дарга, доктор, дэд профессор Лыөнг Нгок Хуэ оролцож, Вьетнамын Эрүүл мэндийн яамны ойрын хугацаанд авч хэрэгжүүлж буй КОВИД-19-ийн эмчилгээний талаар, КОВИД-19 тахлын эрүүл мэндийн системд үзүүлэх нөлөө, Эрүүл мэндийн тогтолцооны үр ашгийг дээшлүүлэх, зардлыг бууруулах зорилгоор эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг (дижитал анагаах ухаан) нэвтрүүлэх, теле зөвлөгөө өгөх, теле хяналт хийх гэх мэт туршлагаа хуваалцсан нь өндөр ач холбогдолтой болсон байна. Эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, эмчлэхэд ашигладаг бөгөөд энэ нь эмнэлгүүдийн хэт ачааллыг бууруулах, эрүүл мэндийн байгууллагууд болон эмчилгээний түвшинд хөндлөнгийн халдварыг бууруулахад дэмтэй.

    КОВИД-19 тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй Вьетнамын туршлагыг багцалж томьёолбол:

    1. Улс төрийн тогтолцоо, яамд, иргэдийн нягт хамтын ажиллагаа, удирдлагын нэгдсэн тогтолцоонд шилжих;

    2. Өвчний нөхцөл байдалд тохирсон хариу арга хэмжээ авах стратеги, төлөвлөгөө боловсруулах;

    3. Эмчилгээ, асаргаа, сувилгааны менежментийг оновчтой зохион байгуулах, тохиолдол бүрийн нарийвчилсан мэдээллийг хянах;

    4. Мэргэжлийн гарын авлагыг тогтмол шинэчилж байх;

    5. КОВИД-19 өвчний эмчилгээний тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэлийн журам боловсруулах;

    6. Шинжилгээний лабораторийн системийг эмчилгээний байгууламжид бий болгох;

    7. Яаралтай болон халдвартай өвчний сэхээн амьдруулах чиглэлийн мэргэшсэн хүний нөөцийн бодит байдлыг тооцоолж, нэмэлт сургалт зохион байгуулж, боловсон хүчний тоог нэмэгдүүлэхэд анхаарах;

    8. Хөдөлгөөнт баг байгуулж, баг, хороодод тогтмол үзлэг хийх;

    9. КОВИД-19-ийн эмчилгээтэй холбоотой зөвлөгөө өгөх Цахим төв байгуулах;

    10. КОВИД-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн чанарын шалгуурт хяналт тавьж, тогтмол шалгаж байх; 

    Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй вьетнам иргэдийг тусгай үүргийн онгоцоор татан авсаар байгаа бөгөөд тэднийг 14 хоногийн хугацаанд зөвхөн эмнэлэгт тусгаарлаж байгаа нь маш зүйтэй үйлдэл гэж харж байна. Хэдийгээр нийт ард иргэддээ чиглэсэн санхүүгийн бодит дэмжлэг байхгүй ч гэсэн тусгаарлах байрны болон эмчилгээний зардлыг төрөөс бүрэн хариуцаж байгаа аж.  

    Батлагдсан тохиолдол бүрийн ойрын болон дам хавьтлыг маш сайн олж илрүүлэх, тухайн голомтод бүхэлд нь (дүүргийн, эсвэл сумын хэмжээнд) ариутгал халдваргүйтгэлийг хийж байгаа нь халдварын тархалтыг хумихад чухал нөлөөтэй байна гэж үзэж болно. Зарим орон нутагт гарсан өвчний дэгдэлтийг богино хугацаанд бүсчилж, тусгаарлан, зайлшгүй шаардлагатай тархварын эсрэг арга хэмжээ авав.

    Түүнээс гадна өдөрт 34000 орчим дээж авах хүчин чадалтай баталгаажуулах лаборатори 71-ийг улсын хэмжээнд ажиллуулж, иргэдийг шинжилгээнд олноор хамруулж байна. Ингэснээр өмнө нь 6 сард хийдэг байсан шинжилгээг сүүлийн нэг сарын хугацаанд хийгээд байгаа аж. Энэ нь санамсаргүй тохиолдлын тархалтыг хянах, бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм.

    Вьетнамын хувьд тээвэр ложистик нь урьдын адил тасалдалгүй, хэвийн хийгдэж байна. Эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэглээний материал, маск, хамгаалалтын хэрэгсэл нөөц сайтай болсон. Эрүүл мэндийн салбар санхүүжилтээ төвлөрүүлж, 3700 амьсгалын аппарат авч нөөцөлсөн ба шаардлагатай үед орон нутаг, эрүүл мэндийн байгууллагуудад тусламжаар шилжүүлэхэд бэлэн байна.

    Шадар сайдын мэдэгдсэнээр “энэ тахлын үеэр оновчтой арга хэмжээг цаг үеэ олсон, маш хурдан хугацаанд шуурхай хэрэгжүүлэх ёстой. Арга хэмжээ хурдан байх тусам үр дагавар багатайгаар тархалтыг хязгаарлах болно. Цар тахлын нөхцөл байдлыг хянахад хагас сараас нэг сар орчим хугацаа шаардагдана гэж таамаглаж байна” гэж мэдэгдсэн нь зөв болох нь батлагдлаа. Жишээлбэл, Хай Зыөнг мужид халдварын голомт илрэхэд хурдан, шийдэмгий үйлдлийн ачаар хяналт тавихад 10 орчим хоног зарцуулж, тархалтыг хумиж чаджээ.

    Вьетнам улс тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, хянах асуудалд эерэг амжилтанд хүрсэн нь улс төрийн систем, нийгэм, иргэдийн хамтын хүчин чармайлтын үр дүн юм.

    КОВИД-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах, цар тахлыг “дайны хэмжээнд авч үзэж" иргэдийн эрүүл мэндийг хамгаалахаас гадна аль болох эдийн засгийн хохирол багатайгаар даван туулах, макро эдийн засгийг тогтворжуулах нь аюулт цар тахлын дараа эдийн засгаа "хурдан сэргээх", "бага хохирох" боломжийг нэмэгдүүлэх, олон улсын бизнесийн нийгэмлэг, хөрөнгө оруулагчдын аюулгүй, тогтвортой хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэх чиглэлээр Вьетнам анхааран ажилласаар байна.


Ашигласан эх сурвалж:

    1. https://ncov.moh.gov.vn/vi/web/guest/-/6847426-473, https://www.worldometers.info/

    2. http://vncdc.gov.vn/vi/tin-tuc-quoc-te/13956/viet-nam-chia-se-kinh-nghiem-chong-dich-covid-19-voi-the-gioi

    3. https://moh.gov.vn/co-cau-to-chuc

    4. https://ncov.moh.gov.vn/vi/web/guest/-/6847426-474

    5. https://ncov.moh.gov.vn/vi

    6. https://moh.gov.vn/tin-noi-bat/-/asset_publisher/3Yst7YhbkA5j/content/9-bai-hoc-chong-dich-covid-19-hieu-qua.

    7. https://moh.gov.vn/tin-noi-bat/-/asset_publisher.


Танилцуулга мэдээ бэлтгэсэн:

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн Бүс нутаг, олон улсын байгууллага судлалын

салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (PhD) Б.Цэнгэллхам


Бусад мэдээлэл