Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Элчин сайд Цай Вэньруйтай уулзав.
Элчин сайд Цай Вэньруйтай уулзав.

    БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, Элчин зөвлөх Ян Чиндун болон ЭСЯ-ны бусад төлөөлөгчид 2020 оны 6 дугаар сарын 9-ны өдөр ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн удирдлагууд болон Хятад судлалын салбарын эрдэмтэн судлаачдыг хүлээн авч уулзав.
    Уулзалтын үеэр ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо хүрээлэнгийн түүх, бүтэц, үйл ажиллагааг танилцуулсан ба Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор  Д.Шүрхүү тус хүрээлэнгээс Хятадын шинэ үеийн гадаад бодлого, Бүс ба Зам санаачлага, Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засгийн коридорын асуудлаар голлон судалгаа хийдэг гээд сүүлийн үед хийсэн судалгааны ажлууд ба цаашид хийхээр төлөвлөж буй судалгааны ажлын талаар товч танилцуулав.

    Элчин сайд Цай Вэньруй Хятад улсын Хоёр чуулганы шийдвэр, Хонконгийн аюулгүй байдлыг хамгаалах эрхзүйн тогтолцоо байгуулах тухай ба Ковид-19-тэй тэмцсэн Хятадын үйл ажиллагааны тухай гэх мэт Хятад улсад болж буй томоохон үйл явдлын талаар мэдээлэл хийв.  Түүний өгүүлсэнээр 2020 оны 5 сарын 22-28-нд хуралдсан Хоёр чуулганаар Хятадын улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх тухай Засгийн газрын илтгэл тайланг хэлэлцэж зохих шийдвэрүүдийг баталжээ. Тэр дундаа “Нэг улс хоёр систем” тогтолцоог хамгаалах үүднээс Хонконгын онцгой бүсийн аюулгүй байдлыг хамгаалах эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгох тухай хууль санаачлан ойрын хугацаанд батлахаар байна. Шинэ коронавирусийн халдварт өвчин нь БНХАУ байгуулагдсанаас хойш тохиолдсон хамгийн хурдацтай тархсан, хамгийн өргөн хүрээг хамарсан, хяналтад оруулахад хамгийн ярвигтай өвчин байлаа. Энэ өвчнийг даван туулахын тулд ХКН, төр засгаас хатуу анхааран хурдтай шаргуу ажиллагаа явуулан даван туулж чадлаа. Энэ хүнд хэцүү үед Монголын ард түмэн тусламжийн гараа сунгаж байсныг онцлон тэмдэглээд зөвхөн ЭСЯ-аар дамжуулан 6 сая юаний тусламж үзүүлсэнд гүнээ талархаж буйгаа илэрхийлэв. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрч хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болж байна. Бие биенээ хүндэтгэсэн, талуудын эрх ашгийг дэмжсэн найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа, хоёр орны харилцааны ирээдүйг өөдрөгөөр төсөөлж буйгаа илэрхийлэв.
    Уулзалтад оролцогчид Монгол-Хятад хоёр орны эдийн засаг, худалдаа, санхүүгийн өнөөгийн байдал ба цаашдын хандлага, хоёр орны харилцааны төлөв байдлын тухай санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.


Бусад мэдээлэл