Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БНТУ-ын орон нутгийн сонгууль ба улс төрийн орчны өөрчлөлт
БНТУ-ын орон нутгийн сонгууль ба улс төрийн орчны өөрчлөлт

    Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-д 2024 оны 3 дугаар сарын 31-нд орон нутгийн сонгууль болж өндөрлөлөө. Тус сонгуульд Шударга ёс хөгжлийн нам (AKP), Бүгд найрамдах ардын нам (CHP), Үндэсний хөдөлгөөний нам (MHP), Сайн нам (İyi parti), Хөгжил цэцэглэлтийн шинэ  нам (Yeni Refah parti (YRP)) зэрэг улс төрийн намаас нэр дэвшигчид өрсөлджээ. БНТУ-д нийт 200 орчим улс төрийн нам байдаг ч үүнээс Бүгд найрамдах ардын нам (CHP), Шударга ёс, хөгжийн нам (AKP), Үндэсний хөдөлгөөний нам (MHP), Сайн нам (İyi parti), Хөгжил цэцэглэлтийн шинэ  нам (YRP) -ууд нийгэмд жинтэй байр суурийг эзэлдэг юм. Орон нутгийн сонгуулийн ирц 78%-тай явагдсан бөгөөд улсын хэмжээнд сонгуулийн нийт дүнгээр Бүгд найрамдах ардын нам (CHP) 37.7%, Шударга ёс, хөгжлийн нам (АКP) 35.5%,  Хөгжил цэцэглэлтийн шинэ  нам (Yeni Refah parti (YRP)) 6.2 % , ДЭМ нам (DEM) 5.7 %, Үндэсний хөдөлгөөний нам (MHP) 5%, Сайн  нам (İyi parti) 3.8 % -ийн саналыг тус тус авч үлдсэн хувийг бусад намууд авсан байна.

    Энэ удаагийн орон нутгийн сонгууль ихээхэн өрсөлдөөнтэй болж өнгөрсөн бөгөөд хэд хэдэн онцлогтой байна. Үүнд:

    1. Истанбул, Анкара, Измир, Анталъя,  Бурса зэрэг томоохон хотын захирагчаар Бүгд найрамдах ардын нам (CHP)-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан нь 1977 оноос хойших 47 жилийн дараах түүхэн “ялалт” болж байна. Харин эрх барьж буй Шударга ёс, хөгжлийн нам (AKP) хоёрдугаар байрт орсноор 22 жилийн дараах анхны  ялагдлаа хүлээж буй юм.

    2. Сонгуулийн дүнд Истанбул хотын захирагчийн сонгуульд одоогийн Бүгд найрамдах ардын нам (CHP)-аас нэр дэвшигч Экрэм Имамоглу 50.91%-иар дахин сонгогдлоо. Энэ нь улс төрчид болон гадаад, дотоодын судлаач нарын анхаарлыг ихээхэн татаж, 2028 оны БНТУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал маш өндөр байгаа бөгөөд одоогийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч болно хэмээн үзэж байна.

    Экрэм Имамоглугийн хувьд Истанбул хотын захирагчаар 2 дахь удаагаа сонгогдож байгаа, албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа /2019-2024/ хотын ногоон байгууламж болон дэд бүтэц салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулсан. Тухайлбал, Истанбул хотын метроны шугамыг нийт 47.3 километр урттайгаар тэлж, метроны 7 шинэ шугамыг ашиглалтад оруулсан,  хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, түүхэн газруудыг шинэчилж сэргээх зэрэг олон ажлыг амжилттай гүйцэтгэснээр ард иргэдийн итгэлийг олоод байгаа юм.

    3. БНТУ-ын иргэдийн дийлэнх нь засгийн эрхийг барьж байгаа Шударга ёс, хөгжлийн нам (AKP) -ын нөлөөг бууруулах, улс төр, нийгэм эдийн засагтаа тодорхой хэмжээний өөрчлөлтийг оруулах хандлага ажиглагдаж байна. Ялангуяа инфляц, үнийн өсөлт зэрэг эдийн засгийн тогтворгүй байдлаас улбаалаад  сөрөг хүчний намуудаас нэр дэвшигч нарт боломж олгох хандлага түлхүү байна. Жишээ нь, 2019 оны орон нутгийн сонгуулиар Шударга ёс, хөгжлийн нам (AKP) нийт 39 томоохон хот, мужийн саналыг авч байсан бол 3 дугаар сарын 31-нд болсон сонгуулиар 24 болж буурчээ. Харин Бүгд найрамдах ардын нам (CHP)-ын хувьд 21 хот, мужаас саналыг авч байсан бол энэ удаагийн сонгуульд 35 томоохон хот, мужийн саналыг авч дэмжигдсэн байна.

    Орон нутгийн сонгуулийн дүнгээс харахад Шударга ёс, хөгжлийн нам (AKP) 2002 оноос хойш анх удаагаа ялагдал хүлээхэд олон хүчин зүйлс нөлөөлсөн байна. Үүнд:

    1. Ковид-19 цар тахлаас улбаатай эдийн засгийн хямрал үргэлжилсээр турк лирийн ханш суларч, хэрэглээний зардал нэмэгдэж, улмаар үнийн тогтворгүй байдал үргэлжилж инфляц өссөн хэвээр байна. Ингэснээр иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, худалдан авах чадвар суларсан нь Шударга ёс, хөгжлийн намд өгөх иргэдийн хандлагад сөргөөр нөлөөлж байна. Жишээ нь, 2024 оны 2 дугаар сарын хэрэглээний үнийн өсөлт өмнөх жилтэй харьцуулахад 67%-иар, өмнөх сарынхтай харьцуулахад 4.5%-иар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа юм. Түүнчлэн турк лирийн АНУ-ын ам.доллартай харьцах ханш тогтмол суларч байна. Жишээ нь, 2019 онд 1 ам.доллар 5,65 турк лиратай тэнцэж байсан бол 2024 оны 3 дугаар сарын 31-ний байдлаар 1 ам.доллар 32,34 турк лиратай тэнцэж байна. Турк лирийн ам.доллартай харьцах ханш сүүлийн таван жилийн хугацаанд 82.6%-д хүрсэн байна. Мөн 2023 онд болсон байгалийн гамшигт үзэгдэл /газар хөдлөлт/ нь Туркийн эдийн засагт 100 гаруй тэрбум ам.долларын хохирлыг учруулжээ. Эдгээр хүндрэлүүд нь дунд болон дундаас доогуур орлоготой иргэдийн амьдралын чанарт муугаар нөлөөлснөөр сонгогчид сөрөг хүчний намаас нэр дэвшигчдийг дэмжих нь харьцангуй ихэсжээ.

    2. 2023 оны газар хөдлөлтөд нийт 11 муж өртөгдсөн ба энэ удаагийн орон нутгийн сонгуульд 10 муж сөрөг хүчний намуудад сонголтоо өгсөн байна. Жишээ нь, Адыяман, Килис зэрэг мужууд  нь Шударга ёс, хөгжлийн нам (AKP)-ыг тууштай дэмждэг бөгөөд 2019 оны орон нутгийн сонгуульд 53,2%-ийн саналаар Шударга ёс, хөгжлийн намыг дэмжиж байсан бол 2024 оны сонгуулиар 49,74%-иар Бүгд найрамдах ардын намаас нэр дэвшигчийг дэмжжээ.

    3. 2024 оны байдлаар БНТУ-д нийт 16 сая орчим тэтгэврийн насны иргэд байгаа бөгөөд тэтгэврийн насны сонгогчдын дийлэнх нь Бүгд найрамдах ардын нам (CHP)-д саналаа өгсөн байна. Өнөөгийн байдлаар тэтгэврийн доод хэмжээ 7000-10,000 лира /219-312 ам.доллар/ болж нэмэгдсэн хэдий ч энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 17,000 лира /530 ам.доллар/-гаас ч доогуур үзүүлэлттэй байна. 2016 оноос эхлээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь тэтгэврийн доод хэмжээнээс илүү гарч эхэлжээ. Ялангуяа сүүлийн 5 жилийн дотор ялгаа огцом нэмэгдсэн байна. 2019 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2021 лира байсан бол тэтгэврийн доод хэмжээ 1861 лира байв. Инфляц, үнийн өсөлт зэргээс улбаалаад тэтгэврийн доод хэмжээ ахмадуудын амьдралын чанар, өдөр тутмын хэрэгцээнд хүрэлцэхгүй байгаа нь сөрөг хүчний намыг дэмжих  гол шалтгаан болсон байна.

    4. Шударга ёс, хөгжлийн нам (AKP) сүүлийн жилүүдэд нам доторх шилжилт хөдөлгөөнийг хийсэн  нь сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлж байна хэмээн зарим судлаачид үзэж байгаа юм.  Жишээ нь, нэр дэвшигчдийн зарим нь тухайн бүс нутгийн иргэдэд хангалттай танигдаагүй, эерэг имиж бүрдүүлээгүй зэргээс үзэхэд нэр дэвшигчдийг тодорхойлох стратеги алдаатай байжээ.

    Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар БНТУ-ын иргэд улс төрийн  орчинд тодорхой хэмжээний өөрчлөлт хийхийг зорьсон байна. Эдийн засгийн хямрал, өндөр инфляцын үргэлжлэл, тэтгэврийн доод хэмжээ жил ирэх тусам хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур болж байгаа, хэрэглээний үнийн өсөлт зэргээс улбаалаад иргэдийн амьдралын чанар суларч байгаа нь сонголт өөрчлөгдөх үндсэн шалтгаан болсон гэж үзэж болохоор байгаа юм. Энэ байдал нь сөрөг хүчний нам болох Бүгд найрамдах ардын нам (CHP)-ын 47 жилийн дараах “ялалт”-д эергээр нөлөөлсөн бол Шударга ёс, хөгжлийн нам (AKP) -ын 22 жилийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болжээ.

    Цаашид дээрх хоёр намын бодлого болон хэрэгжилт маш өрсөлдөөнтэй байх нь тодорхой болж байна. Үүнээс шалтгаалаад 2028 оны БНТУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд аль нам нь ялалт байгуулах нь шийдэгдэх болно.

БНТУ-ын орон нутгийн сонгуулийн үр дүн /улс төрийн намуудаар/

   

    Эх сурвалж:

  1. BBC news, /Turkish/ Asya Robins, “AKP yerel seçimleri neden kaybetti, partiyi neler bekliyor?” 2 Nisan 2024.  https://www.bbc.com/turkce/articles/c72dd8158ljo
  2. Туркийн улс төр, эдийн засаг, нийгмийн судалгааны төв /SETAV/. https://www.setav.org/chpnin-31-mart-kodlari/
  3. Deutsche Welle, /DW/, "Erdoğan'ın seçim yenilgisi Alman basınında", 1 Nisan 2024. https://www.dw.com/tr/erdo%C4%9Fan%C4%B1n-se%C3%A7im-yenilgisi-alman-bas%C4%B1n%C4%B1nda/a-68715127
  4. BBC news /Turkish/ Ayşe Sayın, “AKP’de seçim yenilgisinin nedenleri olarak neler sıralandı, parti yönetiminde ve kabinede değişiklik olacak mı?” 4 Nisan 2024. https://www.bbc.com/turkce/articles/c2809dpn870o
  5. VOA, news agency, /Turkish/. https://www.voaturkce.com/Turkiye
  6. Ekrem İmamoğlu, official website. https://www.ekremimamoglu.com/blog/ekrem-imamoglu-icraatlar/
  7. Туркийн нийгмийн даатгалын газар, мэдээллийн сан. https://veri.sgk.gov.tr/
  8. Туркийн статистикийн хүрээлэн,  Хэрэглээний үнийн индекс, 2024 оны хоёрдугаар сар. https://data.tuik.gov.tr/Bulten/Index?p=Tuketici-Fiyat-Endeksi-Subat-2024-53623


  • Мэдээ бэлтгэсэн: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон
  • судлалын салбарын эрдэм шинжилгээний  ажилтан, магистр Х.Сэлэнгэ


Бусад мэдээлэл