Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
i admin

Нийтэлсэн

  • 2026-05-14
  • 0

Баримт мэдээллийн төв (номын сан)


   Түүхэн замнал

   ШУА-ийн Тэргүүлэгчдийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 04 тоот тогтоолоор Олон улс судлалын хүрээлэнд Баримт мэдээллийн төв (Номын сан) байгуулагдав.

   Хүрээлэнгийн түүхтэй холбогдох архивын материалуудаас үзэхэд 1977-1982 онд хүрээлэнд Нууцын фонд гэх төв байсан ба тус фондод гадаад мэдээ, симпозиумын материал зэрэг нийт 10 гаруй төрлийн материал, мэдээ мэдээллийн орчуулга, судлаачдын гар бичмэл, зохиолуудын эх бичмэл зэргийг хадгалж, судлаачдад судалгааны хэрэглэгдэхүүн болгон ашиглуулж байв.

   Тухайн үед тус хүрээлэн олон газар байрлаж байсан бөгөөд Гадаад харилцааны яаманд хүрээлэн байрлаж байгаад нүүх үед тус Нууцын фондын материалууд Гадаад харилцааны яаманд үлдсэн гэж ахмад судлаачид дурсдаг. Үүнээс үзэхэд баримт хэрэглэгдэхүүнийг хадгалж, судлаачдад судалгааны эх хэрэглэгдэхүүн болгон ашиглуулдаг бүтэц буюу Баримт мэдээллийн төв урд өмнө тус хүрээлэнд байсан юм.

   Эдүгээ тус Баримт мэдээллийн төв нь хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, судалгааны баримт хэрэглэгдэхүүний сан хөмрөг үүсгэх, хүрээлэнгээс хэвлүүлсэн бүтээлийг дижитал хэлбэрт шилжүүлэх, номын сангийн үйл ажиллагааг цахимжуулж, ашиглалтыг тогтмолжуулахын хүрээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.

   Үйл ажиллагааны үндсэн чиглэл

   1. Баримтын фонд

  • Хүрээлэнгийн түүхтэй холбогдох (Ази, африк судлалын төв, Дорно дахин судлалын хүрээлэн, Олон улс судлалын төв, Зүүн хойд Ази судлалын төв) судлаачдын гар дээрх баримт материалыг цуглуулах, бүртгэл хийх;
  • Үндэсний Төв Архивд хадгалагдаж байгаа хүрээлэнгийн хөмрөг фондоос нэр хүндтэй томоохон эрдэмтдийн гар бичмэл, номын эх сурвалжийг цуглуулах;
  • Түүхэн сурвалж, баримт бичиг, гэрэл зураг, дуу, дүрс бичлэг, эд өлгийн зүйлс, дуртгал, дурсамжийн нэгдсэн сан бүрдүүлэх;
  • Хүрээлэнгээс хэрэгжүүлсэн суурь судалгааны ажилд холбогдох баримт, эх ноорог, эх сурвалжийн сан бий болгох;
  • Нэр хүндтэй судлаачдын хувийн сан хөмрөг бий болгох арга хэмжээг хэрэгжүүлэх.

   2. Цахим сан

  • Хүрээлэнгээс хэвлүүлсэн бүтээлийг дижитал хэлбэрт шилжүүлж http://imori.ac.mn/ цахим санд байршуулах, хөгжүүлэлтийг хариуцах;
  • Хүрээлэнгийн бүтээлийн цахим номын сан, мэдээллийн бүртгэлжүүлэлт хийх;
  • Хүрээлэнгийн цахим хуудас (https://iis.ac.mn/)-ыг журмын дагуу хариуцан ажиллуулах;
  • Хүрээлэнгийн фэйсбүүк хуудас, сошиал мэдээллийн сувгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

   3. Номын сан

   Номын сан үндсэн чиг үүргийнхээ дагуу номын сангийн фондыг шинэ ном, мэргэжлийн сэтгүүлээр бүрдүүлэн баяжуулж, уншигч хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж, номын бүрэн бүтэн байдлыг ханган ажилладаг. Мөн гадаад, дотоодын хамтран ажилладаг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай ном, сэтгүүл солилцох зэрэг ажлуудыг холбогдох дүрэм, журмын дагуу хийж байна.

   Тус хүрээлэнгийн номын сангийн үндсэн фонд нь олон улсын харилцаа, гадаад бодлого олон улсын улс төр, эдийн засаг, түүхийн чиглэлээр хэвлэгдсэн ном, мэргэжлийн сэтгүүл болон гадаад хэл дээрх мэргэжлийн ном сэтгүүлээс бүрддэг. Номын сан нь хүрээлэнгийн судлаачид болон бусад уншигч, хэрэглэгчдэд нээлттэйгээр мэргэжлийн ном сэтгүүлээр ханган ажиллаж байна.

   Тус хүрээлэнгийн номын фонд нь орон судлал, олон улсын харилцаа, хамтын ажиллагаа, гадаад, бодлого, аюулгүй байдал, улс төр, эдийн засаг, түүхийн чиглэлийн монгол хэлнээ хэвлэгдсэн бүтээлүүд зонхилсон номтойгоос гадна орос, хятад, англи, япон, солонгос, энэтхэг, герман хэлээр хэвлэгдсэн мэргэжлийн ном сэтгүүл байдаг.

   Төвийн бүрэлдэхүүн

Эрдэм шинжилгээний ажилтан

Албан тушаал

Холбоо барих

Шараагийн Догмийчойдон

Төвийн эрхлэгч, ЭША

dogmii@mas.ac.mn 

Лхагвын Гантулга

Цахим хөгжүүлэлт

gantulga@mas.ac.mn 

Дамдинжавын Амаржаргал

Номын санч

amarjargal_d@mas.ac.mn