Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
i admin

Нийтлэсэн

  • 2024-09-12
  • 0

Бидний тухай




Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэн нь Монгол Улсад гадаад орон судлалын бие даасан бүтэц болон 1968 онд байгуулагдсан 53 жилийн түүхтэй шинжлэх ухааны байгууллага юм. Тус хүрээлэн түүхэн хөгжлийн хагас зуун жилийн хугацаандаа “Үүсэл, төлөвшлийн үе” (1968-1985 он), “Өөрчлөлт шинэчлэлийн үе” (1986-1999 он), “Шинэ зууны хөгжлийн үе” (2000-2021 он) гэсэн 3 үе шатыг туулан өнөөдрийн түвшинд хүрчээ.

Тодруулбал, Олон улс судлалын хүрээлэн нь Монгол Улс НҮБ-д элссэний дараа гадаад харилцаагаа өргөжүүлэн тэлэх бодлого идэвхтэй явуулж эхэлсэн цаг үеийн зайлшгүй эрэлт шаардлагыг харгалзан ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын дэргэд Ази, Африкийн хэлтэс нэртэйгээр 1968 онд байгуулагдаж, 1976 онд Дорнодахин судлалын хүрээлэн болж өргөжин, 1991 онд Дорнодахин, олон улс судлалын хүрээлэн, 1999 онд Олон улс судлалын хүрээлэн болон хөгжиж ирсэн 53 жилийн түүхтэй эрдэм шинжилгээний ууган байгууллагуудын нэг юм.

Хүрээлэнгийн үе үеийн эрдмийн хамт олон өнгөрсөн 53 жилийн хугацаанд Монгол Улсын гадаад бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад гадаад бодлого, орон судлалын суурь судалгааны үр дүнгээрээ зохих хувь нэмэр оруулсаар байна. Энэ үүднээс өнгөрсөн хугацаанд хөрш ОХУ, БНХАУ болон гуравдагч хөрш орнуудын ашиг сонирхол, бодлого, зорилт, хөгжил дэвшил, түүх, соёлыг өргөн хүрээнд судлахад үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлж иржээ. Тус хамт олны дунд эрдмийн бүтээл туурвилаараа Монгол Улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон эрдэмтэн түүхэн хугацаанд тодрон гарсан байна.

Тухайлбал, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан академич Н.Ишжамц, Ч.Далай, Т.Намжим, шинжлэх ухааны доктор Л.Жамсран, Л.Хайсандай нарын 5 эрдэмтэн Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Ж.Баясах Монгол Улсын Гавьяат багш цолыг тус тус хүртэж, хүрээлэнгийн хамт олны дундаас нийт 6 гавьяат төрөн гарсан юм. Мөн доктор /ScD/ О.Батсайхан шилдэг бүтээл туурвилаараа Монгол Төрийн дээд соёрхол хүртжээ.