Хятад судлалын салбар
Түүхэн замнал
Тус хүрээлэн шав тавигдсан цагаасаа Хятадын асуудлыг чухалчилсаар ирсэн ба өнөөдөр ч Хятад судлал хүрээлэнгийн судалгааны голлох чиглэл байсаар байна. Тиймээс Хятад судлалын салбарыг хүрээлэнтэйгээ нас чацуу хэмээж болох ба тус салбар хүрээлэнгийнхээ бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, хөгжлийн бүхий л үеийн турш хадгалагдсаар иржээ.
Хүрээлэн анх ШУА-ийн Тэргүүлэгчдийн дэргэд хэлтсийн статустайгаар байгуулагдахад хоёр тасагтай байсны нэг нь Ази судлалын тасаг байв. Ази судлалын тасгийн судалгааны цөм Хятадын асуудалд төвлөрч байжээ. 1976 онд хүрээлэн гурван тасагтайгаар судалгааны хүрээлэнгийн статусаар ажиллаж эхлэхэд аль нэгэн улсыг тусгайлан судлах судалгааны анхны бие даасан нэгж байгуулагдсан бөгөөд тэр нь Хятад судлалын тасаг байв. Үүнээс хойш Хятад судлалыг хүрээлэнгийн бүтцэд бие даасан нэгжийн статусаар байлгах хандлага (2015-2018 оны зурвас үеийг үл тооцов) өөрчлөгдөлгүй өнөөдөртэй золгосныг дор жагсаав. Үүнд,
- - 1968 – Ази судлалын тасаг
- - 1976 – Хятад судлалын тасаг
- - 1990 – БНХАУ, Азийн социалист орнуудын сектор
Монгол-Хятадын харилцааны түүхийн сектор
- - 1996 – Хятад судлалын сектор
- - 2000 – Хятад судлалын салбар
- - 2015 – Хөрш орон судлалын салбар
- - 2018 – Хятад судлалын салбар
Манай салбар дээрх бүхий л хугацаанд хөрш орон БНХАУ–ыг суурь судалгааны үүднээс орон судлалын чиглэлээр системтэй судалжээ. Хятадын эрт эдүгээгийн болон соёл иргэншлийн түүх, уламжлал, Монгол-Хятадын харилцааны түүх, Хятадын орчин үеийн байдал, тавьж буй хөгжлийн зорилт, даван туулж буй сорилт, нийгмийн хөгжлийн онцлог, геополитик болон геоэдийн засгийн бодлого хийгээд хятад хүний оюун санааны өвөрмөц байдал /mentality/ зэргийг манай салбарын үе үеийн эрдэмтэд боломжийн хэрээр судалж, судалгааныхаа үр дүнд тулгуурлан олон бүтээлийг хэвлүүлж чадсан байна.
Өнөөдөр манай улсад хөрш Хятадын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээлэл, судалгааны бааз нэгэнт буй болжээ. Үүнд манай салбарын судлаачид чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд гүйцэтгэсээр байна. Академич Н.Ишжамц, Ч.Далай, доктор Л.Жамсран, Г.Сүхбаатар, Д.Маам зэрэг ахмад үеийн эрдэмтэд; доктор М.Зэнээ, Л.Бэгзжав, Ж.Баясах, Н.Ариунгуа, Ч.Батцэцэг, Д.Шүрхүү нарын дунд үеийн эрдэмтэд хийгээд одоо ажиллаж буй залуусыг багтаасан үе үеийн хятад судлаач, эрдэмтдийн олон олон ном, өгүүлэл хийгээд орчуулга, танин мэдэхүйн бүтээлүүд үүний нотолгоо болно.
Өнөөгийн байдал
Өнөөдөр тус салбар нийт найман эрдэм шинжилгээний ажилтантайгаар салбарын судалгааны үндсэн чиглэлийн хүрээн дэх Хятадын улс төр, эдийн засаг, шашин соёл, боловсрол, шинжлэх ухаан, цөөн тоот үндэстний бодлого, ногоон хөгжлийн бодлого хийгээд эдгээр салбарыг хамруулсан Монгол-Хятадын харилцаа ба Хятадын гадаад бодлогын асуудлыг гол болгосон судалгааны ажлыг хэрэгжүүлж байна.
Судалгааны үндсэн чиглэл:
Нэг. Монгол-Хятадын харилцааны судалгаа:
- Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны түүх, орчин үе, хэтийн төлөв
- Монгол Улс дахь Хятадын ашиг сонирхол
Хоёр. Хятад орон судлал:
- БНХАУ-ын улс төр, нийгэм-эдийн засгийн байдал, соёл, хөгжлийн бодлого, дотоод асуудал
- БНХАУ-ын дипломат ажиллагаа, гадаад бодлого түүний Монгол Улс дахь нөлөө
Салбарын бүрэлдэхүүн:
№
|
Эрдэм шинжилгээний ажилтан
|
Албан тушаал
|
Эрдмийн цол, зэрэг
|
Холбоо барих
|
1
|
Дамдиндоржийн Базардорж
|
Салбарын эрхлэгч, ЭШАА
|
Доктор PhD
|
bazardorjd@mas.ac.mn
|
2
|
Мөнхөөгийн Эрдэнбаяр
|
ЭШДэА
|
Доктор PhD
|
erdenebayar_m@mas.ac.mn
|
3
|
Максимын Хишигтуяа
|
ЭШДэА
|
Магистр
|
khishigtuya_m@mas.ac.mn
|
4
|
Шараагийн Догмийчойдон
|
ЭШДаА
|
Магистр
|
dogmii@mas.ac.mn
|
5
|
Сүхцэрэнгийн Батдорж
|
ЭШДаА
|
Магистр
|
sbatdorj@mas.ac.mn
|
|
|
|
|
|