Вэбсайтын цэс
Хэлний сонголт
avatar
i admin

Нийтлэсэн

  • 2024-09-12
  • 0

Түүхэн замнал

Монгол Улс 1961 онд НҮБ-д элсэн орж, дэлхийн хамтын нийгэмлэгт хууль ёсны байр сууриа баттай эзэлсэн явдал олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өсгөн гадаад харилцаа өргөжин тэлэхэд шинэ түлхэц үзүүлсэн байна. Мөн энэ онд Шинжлэх Ухааны Академи байгуулагдаж, Монгол Улсын орчин үеийн шинжлэх ухаан хөгжлийнхөө шинэ үе шатанд дэвшин оржээ.

МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны 1968 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 03 тоот тогтоолоор ШУА-ийн Тэргүүлэгчдийн дэргэд “Ази-Африк судлалын хэлтэс”-ийг байгуулснаар дээрх хүчин чармайлт бодит биеллээ олсон байна. Дээрх тогтоолын дагуу “Ази-Африк судлалын хэлтэс” нь 1968 оны 4 дүгээр сарын сүүлчээр бодитоор эмхлэн байгуулагдаж, хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтнуудын олонх нь өөр байгууллагуудаас шилжин ирж, ШУА-ийн Тэргүүлэгчдийн 5 дугаар сарын 4-ны өдрийн хурлаар батлагдан ажилдаа оржээ. Мөн дээрх хурлаас тухайн үеийн нийгмийн хөгжлийн шаардлага, олон улсын байдал, улс хоорондын харилцааны төвөгтэй байдлаас шалтгаалан “Ази-Африкийн судлалын хэлтэс”-ийг Дорно дахины судлалын хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулжээ.

Олон улсын тавцанд эсрэг тэсрэг хоёр үзэл суртлын тэмцэл эрс хурцдаж байсан 1970-аад оны дунд үеийн улс хоорондын харилцаа ч тэр үеийн эрх баригч нам, төрийн бодлогоос ангид байгаагүй билээ. Тухайн цаг үеийн байдалтай уялдуулан тэр үеийн социалист улсуудын Хятад судлалын төвүүдийн эрдэм шинжилгээний ажил өрнөж, хамтын ажиллагаа улам бүр өргөжиж буйг харгалзан МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1976 оны 7 дугаар сарын 2-ны 188 дугаар нууц тогтоол, мөн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 402 тоот нууц тогтоолоор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын дэргэдэх Дорно дахин судлалын хэлтсийг Дорно дахины судлалын хүрээлэн болгон өөрчлөн байгуулсан шийдвэр нь дорно дахины судлалын асуудлыг хөгжүүлэн бэхжүүлэх талаар тухайн үеийн нам засгаас авч явуулсан дэс дараатай, ач холбогдолтой бүхий үйл явдал болсныг архивын баримтнаа тэмдэглэн үлдээжээ.

Энэ тогтоолын үндсэн дээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1976 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 402 тоот тогтоолоор Дорно дахины судлалын хүрээлэнг “Хятад судлалын”, “Хөгжиж байгаа ба Хөрөнгөтөн орон судлалын”, “Хэвлэл-мэдээллийн” гэсэн 3 тасагтай, 30 хүнтэй зохион байгуулснаар хүрээлэнгийн түүхийн нэгэн шинэ үе эхэлжээ.

Дорно дахин судлалын хүрээлэнгийн анхны захирлаар ШУА-ийн Дэд Ерөнхийлөгч, академич Ш.Бира, орлогч захирлаар доктор Н.Ишжамц, Эрдэмтэн нарийн бичгийн даргаар дэд эрдэмтэн Ч.Далай, Хятад судлалын тасгийн даргаар дэд эрдэмтэн Л.Жамсран, Хөрөнгөтөн ба хөгжиж байгаа орон судлалын тасгийн даргаар дэд эрдэмтэн Н.Дангаасүрэн, Хэвлэл мэдээллийн тасгийн даргаар Э.Пунцаг нар тус тус томилогдон ажиллажээ.



Дорно дахин судлалын судалгааны цар хүрээ өргөжин боловсон хүчнээр бэхжиж, ШУА-ийн бие даасан эрдэм шинжилгээний хүрээлэн болсноор Монгол Улсын хэмжээнд дорно дахины болон хөгжиж байгаа орон судлалын талаар хийх эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхэлсэн шинжлэх ухааны үндсэн байгууллага, гол төв нь болсон байна.

Энэ үеэс хүрээлэнгийн судалгааны хүрээнд олон залуу шинэ боловсон хүчин орж ирэн хүрээлэн өргөжин тэлжээ. 1970-аад оны сүүл үеэс М.Зэнээ, М.Хурметхан, Н.Алтанцэцэг, Д.Баясгалан, Л.Бэгзжав, Н.Ариунгуа, Ж.Баясах, Н.Төмөр, Ц.Баатар, Ц.Батбаяр, Б.Сэржав, Ч.Батцэцэг, Р.Отгонбаатар, Н.Баярбаатар, О.Оюунгэрэл нарын зэрэг гадаад, дотоодод дорно дахины судлалаар их дээд сургууль төгссөн залуу судлаачдын шинэ үеийнхэн Дорно дахин судлалын хүрээлэнгээс ажил амьдралын гараагаа эхэлж байсан бол өдгөө тэд бүтээл туурвил ихтэй, нэртэй эрдэмтэн судлаачид болсон байна.


Хүрээлэнгийн судалгааны гол цөм нь хятад судлал байж, Хятадын дотоод, гадаад бодлого, Хятад дахь үндэстний асуудлыг судлахын зэрэгцээгээр хөгжиж байгаа орнуудын улс төр, эдийн засгийн хүрээний судалгааг уламжлал ёсоор явуулсаар байв. Энэ үндсэн хоёр чиглэлийн дагуу тус хүрээлэн тэр үеийн ЗХУ-ын болон социалист бусад зарим орны эрдэм шинжилгээний төв байгууллагуудтай судалгааны ажлаа уялдуулж, ажилтнуудаа тэгш солилцооны журмаар явуулж судалгаа хийлгэх, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, судалгааны арга туршлагаас эзэмшүүлэх зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлж байв.

1990 оноос Монгол улсад ардчилал, зах зээлийн өөрчлөн байгуулалтын үзэл санаа хүчтэй дэлгэрэх болсонтой холбогдуулан хөрш Орос, Хятад орнуудын түүх, гадаад бодлого, орон судлалын судалгаанаас гадна дэлхийн бусад хөгжилтэй орнуудын судалгааг шинэ шатанд гарах, үзэл суртлаас ангид судлах шаардлага, хэрэгцээ буй болсон билээ. Монгол Улсын гадаад орчны дээрх өөрчлөлтийн улмаас хүрээлэнгийн судалгааны чиглэлийг бий болсон шинэ нөхцөл байдалтай уялдуулан улам боловсронгуй болгох, хянан үзэх шаардлага гарсан байна.

Энэ үүднээс хүрээлэнгийн орон тоонд багтаан АНУ-аас Ази, Номхон далайн бүс нутагт явуулж буй бодлого, Монгол-Америкийн харилцааны түүх, өнөөгийн байдал, хамтын ажиллагааг судлах судалгааны группийг Н.Ишжамц, С.Ишдорж, А.Дамдинсүрэн, М.Хурметхан, Н.Алтанцэцэг, Л.Бэгзжав, Ч.Эрдэнэбаяр, Д.Шүрхүү, Б.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Түүхийн баримт түшин өгүүлэхэд хүрээлэнгийн хамт олон 1990 оноос хойших хөгжлийн түүхэн замналдаа бүтэц, зохион байгуулалтын багагүй сорилттой тулгарч байжээ. Үүний тод жишээ нь, бүр 1991 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн нийт эрдэм шинжилгээний ажилтан, ажилчдын хурлаас хүрээлэнгийн нэрээ дэлхий нийтийн шинжлэх ухааны хөгжлийн хандлага, улс орны өмнө тулгарч буй өргөн хүрээний бодлого, үйл явцтай уялдуулан “Олон улс судлалын хүрээлэн” хэмээн анх өөрчлөн нэрлэхээр тогтсон боловч энэ зорилгодоо хүрч чадаагүй бөгөөд тухайн үеийн ШУА-ийн Ерөнхийлөгчийн тушаалаар 1991 оны 6 дугаар сард “Дорно дахин, олон улс судлалын хүрээлэн” хэмээн өөрчилсөн байдаг. Харин хожим нь 1997 оны 2 дугаар сард Дорно дахин, олон улс судлалын хүрээлэнг Олон улс судлалын төв болгон өөрчилж, ШУА-ийн Түүхийн хүрээлэнд харьяалуулан бүтэц, зохион байгуулалтын хувьд нэлээд цомхотгожээ. Энэ нь 1990-ээд оны дундуур улс орны төсөв санхүүд учирсан хүндрэлтэй холбогдон төсвөөс судалгааны ажилд зориулах хөрөнгө төсвийн хэмжээ эрс багасгасантай холбоотой байв.

Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын тоо нэмэгдэж, боловсрол өндөр боловсон хүчнээр бэхжиж, судалгааны хүрээ өргөжиж байсан ч төр засгийн шийдвэрийн дагуу олон жилийн баялаг түүхтэй хүрээлэн Дорно дахин, олон улс судлалын хүрээлэн, Зүүн хойт Ази судлалын төв гэсэн судалгааны бие даасан хоёр байгууллага болон хуваагдаж, өрх тусгаарлан ажиллажээ. Энэ хоёр байгууллага нь 1991-1999 онд тийнхүү тус тусдаа үйл ажиллагаагаа явуулж, удирдлага, зохион байгуулалт, санхүү-аж ахуйн хувьд бие даан ажиллаж байсан хэдий ч судалгааны ерөнхий чиглэл, зорилго, боловсон хүчний хувьд бие биеэ нөхсөн байдалтай ажиллаж байв. Эдгээр байгууллагад академич Ч.Далай, Н.Ишжамц, Б.Лхамсүрэн, Б.Балдоо, доктор Ш.Сандаг, Н.Дангаасүрэн, Л.Жамсран, Г.Сүхбаатар, С.Дамдинсүрэн, Х.Дашдондов нарын зэрэг нэртэй олон эрдэмтэн ажиллаж байлаа.

Манай улсын хувьд хамгийн ирээдүйтэй, үр ашигтай Зүүн хойт Азийн бүс нутаг, тухайлан Орос, Хятад, Япон, Солонгос болон АНУ зэрэг улс орныг судлах, тухайн орнуудын эрдэмтэдтэй хамтрах буюу дангаар судалгаа хийх явдал энэ үед зөвхөн эрдэм шинжилгээний төдийгүй улс төр, эдийн засаг, практикийн үлэмж чухал ач холбогдолтой байв. Энэ зорилтод тус хоёр байгууллагын үүрэг, зорилго, үйл ажиллагаа бүхэлдээ чиглэсээр ирсэн болно.

Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 138 тоот “Шинжлэх ухааны зарим байгууллагын бүтцийн өөрчлөлтийн тухай” тогтоолыг үндэслэн ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн дэргэдэх Олон улс судлалын төв, Улаанбаатар их сургуулийн дэргэдэх Зүүн хойт Ази судлалын төвийг нэгтгэн “Олон улсын харилцааны хүрээлэн”-г байгуулсан байна.

Шинэ хүрээлэн байгуулсантай холбогдуулан ШУА-ийн Тэргүүлэгчид 1999 оны 9 дүгээр сардаа багтаан тогтоол гаргаж, Олон улс судлалын хүрээлэнгийн захирлаар академич Ч.Далайг, эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор (Рh.D) Д.Шүрхүүг томилжээ. Улмаар ШУА-ийн Ерөнхийлөгчийн тушаалаар 2000 оны 8 дугаар сарын 4-ний өдөр академич Ч.Далай өөрийн хүсэлтээр захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, доктор (Sс.D) Л.Хайсандай Олон улс судлалын хүрээлэнгийн захирлаар томилогдож ажилласан байна.

ОУСХ-ийн үндсэн зорилт нь гадаад харилцаа, гадаад орон судлалын асуудлаар эрдэм шинжилгээний тулгуур судалгаа хийх, мөн орчин үеийн олон улсын харилцааны тулгамдсан асуудал, онол, практикийн цаг үеийн гол чухал асуудлыг түүх, улс төр, эдийн засаг, олон улсын эрхзүйн үүднээс судлах, энэ талаар дэлхийн бусад орны шинжлэх ухааны ололт, арга туршлагаас эзэмшин судалгаа шинжилгээг гүнзгийрүүлэхэд чиглэж байлаа.


Олон улс судлалын хүрээлэн ийнхүү 1999 онд сэргээн байгуулагдсан үеэс шинжлэх ухаан, нийгэм улс төрийн нэг гол хэвлэл болох “Олон улс судлал” сэтгүүл 2000 оноос олон түмэн уншигчдад хүрэх болж, олон улсын харилцаа, орон судлалын чиглэлийн улирал тутмын үндэсний хэмжээний томоохон сэтгүүл болж чадсан нь Монгол Улсын Дорно дахины судлалын эртний баялаг уламжлал үргэлжлэн хөгжиж, олон улс судлал хэмээх нийгмийн шинжлэх ухааны биеэ даасан салбар болсны гол үр дүн, манай улсын шинжлэх ухаан, соёлд томоохон ахиц дэвшил гарсны нэг илрэл болжээ.

Мөн “Монголын гадаад харилцаа” /The Mongolian Journal of International Affairs/ сэтгүүлийг англи хэлээр, “Эв мод”, “Өнөөгийн Хятад”, “Герман: Судалгаа, мэдээлэл”, “АНУ: Судалгаа, мэдээлэл”, “Энэтхэг судлал”, “Солонгос судлал” зэрэг мэргэжлийн дагнасан сэтгүүлүүдийг жилд 1-2 дугаараар тухайн орны Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хэвлэж нийтэлж байв.

Олон улс судлалын хүрээлэнд 1999 онд Орос судлалын салбар байгуулагдаж, өдгөө 20 орчим жил ажиллаж байгаа хэдий ч Орос судлал нь Монголын түүх судлалын салшгүй хэсэг байсаар ирсэн баялаг уламжлалтай юм. Монгол, Оросын харилцааны орчин үеийн байдал хийгээд түүхийг соёл иргэншлийн үүднээс судлах явдал шинэлэг, сонирхолтой, ирээдүйтэй чиглэл болж байна. Орос судлалын чиглэлээр сүүлийн 20-иод жилд үндсэндээ ОХУ-ын гадаад бодлогын шинэчлэл, Ази, Номхон далайн бүс нутагт хандсан бодлого, Зүүн, Зүүн хойт Азийн орнуудтай тогтоосон хамтын ажиллагаа, бүс нутгийн интеграци, эдийн засгийн глобалчлалын үйл явцад оролцох, Сибирь Алс Дорнодоо хөгжүүлэх талаар боловсруулж байгаа арга хэмжээ зэрэг асуудлаар хүрээлэнгийн Орос судлалын хамт олон голлон судалж эхэлжээ. Үүний зэрэгцээгээр Монгол, Оросын харилцаа, уламжлал ба шинэчлэлийн асуудалд нэлээд анхаарч шинээр нээлттэй болсон архивуудын баримт материалыг судлан эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах замаар түүхэн үнэнийг сэргээх, түүхийн “цагаан толбо”, эзэнгүйдлийг арилгах, хоёр орны түүхийн зангилаа асуудлуудыг шинээр үнэлж цэгнэхэд анхаарлаа хандуулсан байна.

Шинэ зууны эхэн үед Олон улс судлалын хүрээлэнгийн судалгааны гол чиглэл нь Хятад судлал байж, тус салбарын ажилтнууд орчин үеийн БНХАУ-ын дотоод, гадаад бодлого, Хятадын шинэтгэл, нээлттэй бодлого, Монгол-Хятадын харилцаа, түүх соёлын талаарх судалгааг өргөн хүрээнд явуулсан байна.

2000 он гарсаар хүрээлэнгээс хөрш орнуудын судалгаанаас гадна гуравдагч хөрш орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, түүхийн талаар судалгаа ихээхэн эрчимжсэн байна. Энэ хугацаанд Япон судлал, АНУ, Канад, Европ, Энэтхэг, Төв Ази, Зүүн Өмнөд Азийн чиглэлээр судалгааны ажлуудыг эрчимжүүлж, тусгайлсан салбаруудыг байгуулсан байна.

Дурдан буй үед олон улсын харилцааны онол, арга зүй өөрчлөгдөж, дэлхий дахинаа глобалчлал, терроризм, салан тусгаарлах үзэл, аюулгүй байдал, дайн, энхийн асуудлыг үнэлэх үнэлэмж, дүгнэлт эрс өөрчлөгдөж, үүнтэй уялдан хүрээлэнгийн судалгааны цар хүрээ ч ийнхүү өргөжин тэлжээ.


Олон улс судлалын хүрээлэн энэ үеэс гадаад харилцааг эдийн засагжуулах чиглэлийн судалгаанд түлхүү анхаарч ажилласан бөгөөд 2007-2009 онд хэрэгжүүлсэн сэдэвт ажлуудын ихэнх нь энэ чиглэлд зориулагдсан байна. “Монгол Улсын хөгжлийн стратеги ба хөрш орнууд”, “Зүүн Хойт Азийн эрчим хүчний геополитик ба Монгол Улс”, “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад АНУ, ЕХ-той тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны үүрэг, ач холбогдол”, “Япон болон “Азийн барууд”-ын хүчин зүйл ба Монгол Улс” зэрэг суурь судалгааны сэдэвт ажлыг хэрэгжүүлж байв.

Нөгөөтээгүүр энэ жилүүдэд ОУСХ-ийн судалгааны чиглэл ийнхүү өргөжин шинэчлэгдсэнээр хөрш хоёр орон БНХАУ, ОХУ болон Япон, Солонгос, АНУ, Их Британи, Герман, Энэтхэг, Канад, Вьетнам, Турк зэрэг улс болон тодорхой орон, бүс нутгуудыг дагнан судлах судлалын ажил нэн идэвхэжсэн юм. Мөн тус хүрээлэнд өндөр боловсрол мэдлэгтэй шинэ залуу олон боловсон хүчнийг урьж ажиллуулах болов. Энэ ч үүднээс, ШУА-ийн харьяа хүрээлэнгийн үлгэрчилсэн дүрмийн заалтыг үндэслэн ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 2008 оны 1 дүгээр сарын 15-ны 03/08 тоот тогтоолын дагуу хүрээлэнд бүтцийн өөрчлөлт дахин хийж, Орос судлал, Хятад судлал, Япон судлал, Европ судлал, Солонгос-Зүүн Ази судлал, АНУ-Канад судлал, Төв Ази судлалын гэсэн 7 сектортойгоор 2008-2012 онд ажилласан байна.

Харин 2013-2015 онд Олон улсын хүрээлэнгийн захирлаар доктор Д.Шүрхүү ажиллаж, хүрээлэнгээс энэ хугацаанд ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбар, ОХУ-ын Байгалийн эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль болон Кэмбрижийн их сургуультай хамтран төслүүд хэрэгжүүлж, уул уурхай, төмөр замын судалгааг явуулжээ.

Монгол Улсын Засгийн газрын “Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн № 27 тоот тогтоолоор “Олон улс судлалын хүрээлэн”-г “Олон улсын харилцааны хүрээлэн” болгон өөрчилж, тус хүрээлэнгийн захирлаар доктор (ScD), профессор Ж.Баясах томилогдсон байна. Дээрх тогтоолоор хүрээлэнд бүтцийн өөрчлөлт хийгджээ.

2015 оноос олон улсын харилцаа, дэлхийн бодлого, орон судлалын “PAX MONGOLICA” эрдэм шинжилгээний сэтгүүлийг улирал тутам, жилд гурван дугаар монгол хэлээр, нэг дугаар англи хэлээр гаргаж байв.

2017 оноос хүрээлэнгийн дүрмийг хамт олон, Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн шинэчлэн баталж, 2020 он хүртэлх хүрээлэнгийн стратеги төлөвлөгөөг боловсруулжээ. Энэ үед хүрээлэнгийн судалгааны үндсэн чиглэл нь олон улсын харилцааны асуудлыг голлон Монгол Улсын гадаад бодлого, аюулгүй байдал, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудалд төвлөрөн хандаж байлаа.

“Олон улсын харилцааны хүрээлэнгийн бүтцийг шинэчлэн батлах тухай” 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын №4 тоот тогтоолоор Орос судлалын салбар, Хятад судлалын салбар, Гуравдагч хөрш орон судлалын салбар, Бүс нутаг, олон улсын байгууллага судлалын салбар гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулсан байна.


2018 оны 9 дүгээр сараас доктор Д.Золбоо тус хүрээлэнгийн захирлаар томилогдон ажиллаж, хүрээлэнгийн суурь болон хэрэглээний судалгааны үр өгөөжийг дээшлүүлэх, судалгааны санхүүжилт, хөрөнгө оруулалтыг олон эх үүсвэртэй болгох, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хүний нөөцийн шинэчлэл хийх, судалгааны үр дүнгээ цахимжуулах, олон нийтэд хүргэх талаар олон ажлыг санаачлан хэрэгжүүлж, хүрээлэнгийн 2025 он хүртэлх Стратеги төлөвлөгөөнд 2020 онд тодотгол оруулан, холбогдох дүрэм, журмыг шинэчлэх, шинээр буй болгох талаар зохих үр дүнд хүрсэн байна.