Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоотой уулзаж ярилцлаа.
- Олон улсын монголч эрдэмтний Их хуралд манай гадаад харилцааны асуудал хэзээ бие даасан салбар болж орох болсон юм бэ?
- Монгол Улсын гадаад харилцааны түүх, гадаад бодлогын чиглэлээр гадаад, дотоодын эрдэмтдийн хэлэлцүүлж байсан илтгэл цөөнгүй байсаар ирсэн байдаг. Миний санаж байгаагаар 10-р их хурлаас хойш Гадаад бодлого, харилцаа судлалын чиглэл бие даан салбар нэгж болон хуралдаж байсан санагдана. Тэр үед манай хүрээлэнгийн захирал, доктор Л.Хайсандай гуай салбар хуралдааны даргаар ажиллаж миний бие нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэж байсан юм. Харин өнгөрсөн жил Эзэн Чингис хааны 860 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний их хурлын гадаад харилцааны чиглэлийн салбар хуралдааныг нь манай хүрээлэн, Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газартай анхлан хамтран зохион байгуулж байсан. Энэ жил тэрхүү уламжлалын дагуу “Монголын гадаад ертөнц ба харилцаа” сэдэвт 4-р салбар хуралдааныг амжилттай зохион байгууллаа.
- Монголч эрдэмтний Их хурлын түүхийн салбар хуралдаан нүсэр болсон. Түүн дээр гадаад харилцааны салбар байсан гэхээр өмнө нь маш том хуралдаан болдог байж дээ...
- Аливаа зүйл цаг хугацааны эрхээр хувьсан өөрчлөгдөж, цаг үеийн шаардлага, хөгжлийн чиг хандлагаа дагаад сайжирч байдаг гэдэгт итгэдэг. Нэг удаагийн хурлаар 300 гаруй илтгэл тавигдсан, талаас илүү нь Түүхийн салбарт хэлэлцүүлж байгаа нь үнэн. Ингэх нь ч аргагүй байх. Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан цагаасаа л Монголын түүх, монгол хэл, зохиолын судалгаа зонхилж байсан уламжлалтай шүү дээ. Түүнээс гадна түүхийн шинжлэх ухаанд археологи, угсаатан зүй, антропологи гээд олон салбар шинжлэх ухаан багтдаг. Зөвхөн түүхийн үечлэлээр нь хуваахад л 4-5 хуралдаан гарахаар шүү дээ. Миний хувьд хурал зохион байгуулагчид, Чингис хааны үндэсний музейн удирдлагын зүгээс дотоод нөөц боломж, нөхцөл байдалд тааруулан уян хатан зохион байгуулж, богино хугацаанд хурлыг амжилттай шийдвэрлэж чадлаа л гэж харж байна. Нүсэр гэж хэлж байгааг зарим талаараа зөв байхыг үгүйсгэхгүй.
- Монгол судлаачид, тэр дотроо манай гадаад харилцааг судалдаг хэчнээн эрдэмтэн энэ удаа илтгэл хэлэлцүүлэв?
- Монгол Улс, ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Чех улсын монголч эрдэмтэд найман зууны тэртээх Чингис хааны төрийн алтан аргамжийн бодлого, Монголын Их Эзэнт гүрний дипломат өвөөс эхлээд орчин үеийн Монгол Улсын гадаад бодлого, харилцааны олон талт асуудал, дэлхийн монгол судлалын алдартай төвүүдийн түүхэн уламжлал, өнөөгийн үйл ажиллагааны тухай, ялангуяа нэрт монголч эрдэмтдийн амьдрал, үйлсийн талаар сүүлийн үеийн судалгааны үр дүнд үндэслэсэн, шинэлэг дүгнэлт бүхий илтгэлүүдийг энэ удаагийн салбар хуралдаанд хэлэлцлээ.
- Гадаад харилцааг хэд орчим насныхан судалж байна?
- Хуралд оролцсон судлаачдын хувьд ахимаг насны судлаачид дийлэнх нь байгаа гэдгийг танхимд харсан байх. Ер нь бол салбарын онцлогоосоо хамаараад ахимаг насны голдуу, тэр дундаа ахмад дипломатчид цөөнгүй байдаг. Ахмад, дунд, залуу үеийн хэлхээ холбоо байх ёстой зүйл. Мэдээж хэрэг энэ сэдвээр ажиллах сонирхолтой залуу үеийнхэн цөөхөн байгааг хүлээн зөвшөөрнө. Энэ нь зөвхөн манай салбарын асуудал биш байх. Бодлогоор дэмжихгүй л бол хэсэг хугацааны дараа бас нэг “цонх үе” гарах вий дээ л гэж боддог доо.
- Бусад улс орны монгол судлаачдын орчин манайхаас өөр байх нь тодорхой. Ирсэн судлаачид энэ талаар юу ярьж байх юм бэ?
- Аль ч цаг үед ийм л байсаар ирсэн гэж бодож байна. Олон хүчин зүйл нөлөөлдөг биз. Хамгийн түрүүнд л гэхэд хүн амын тооноосоо хамааралтайгаар судлаачид цөөн, тиймээс манай судлаачид нэг сэдвээр нарийвчлан судлахаас илүүтэйгээр олон сэдвээр ажиллах шаардлагатай болдог ч гэх юм уу даа. Гаднынхан нарийвчлан судалсан сэдвээрээ л ажиллахаас бусад асуудалд тэр бүр оролцоод байх шаардлага гардаггүй юм шиг. Ажиллах орчин, нөхцөл гээд л яривал тэнгэр, газар шиг ялгаа гарна. Тэглээ гээд манай судлаачид гомдоллоод байлгүй сэтгэл зүрхээрээ л ажилласаар ирсэн дээ.
- Гадаад харилцааны судалгаа өнгөрсөн, одоо, ирээдүй гурав цагийн аль хэсэгт илүү багтах вэ?
- Хэрвээ та манай илтгэлүүдийн нэрийг харвал аль, алиныг нь хамарч байгааг анзаарч болно. Монголын эртний нүүдэлчид, Эзэнт гүрний “Төрийн алтан аргамж”-ны бодлого, түүний учир шалтгаан, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, өнөөгийн гадаад бодлоготой уялдаж байгаа байдал гэх зэргээр ярихаар цаг хугацааны өргөн хүрээг хамарч болж байгаа биз дээ. Жишээ нь, манайд илтгэлээ хэлэлцүүлсэн Ё.Отгонбаяр доктор АНУ-Монголын харилцаа тогтоох түүхэн оролдлогын нэгээхэн хэсгийг авч үзсэн байхад Америк судлаач Жакоб л гэхэд Монгол-Америкийн харилцааны өнгөрсөн түүх гэхээсээ илүүгээр ирээдүйн чиг хандлага ямар байх вэ гэдэг талаар нь илтгэсэн.
- Та өөрөө олон улсын харилцааны ямар салбарыг судалдаг хүн бэ?
- Миний хувьд яг үнэндээ гадаад харилцааны салбарын мэргэжилтэн биш. Түүх судлаач, хятад хэлний хэлмэрч, төрийн албаны менежер зэргээр бэлтгэгдсэн судлаач хүн. Эрдэм судлалын ажилд чиглүүлсэн багш нар минь хятад судлал гэхээс илүүгээр британи судлалаар ажиллахыг зөвлөснөөр тэр чиглэлээр ажиллахыг оролдсоор ирсэн. Арав гаруй жилийн өмнө “Монгол, Британийн харилцаа” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан. Энэ жил Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Энэ бүх хугацаанд хоёр орны харилцааны түүх, Британи судлалын чиглэлээр манай баг хамт олон цөөнгүй бүтээл туурвисан байдаг. Хамгийн томхоноос нь нэрлэвэл Британийн Кембрижийн Их сургуулийн Монгол, Дотоод Ази судлалын төв болон бусад хүрээлэнгүүдтэй хамтраад “Тив дамнасан хөршүүд” хэмээх 2 боть бүтээл гаргаж байсан нь өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байна. Ямар боловч жирийн судлаачийн хувьд Европын бусад улсуудтай харьцуулахад арай илүү олон бүтээл гарсан байдаг шүү гэдгийг баттай хэлнэ. Улс бүхэн өөр өөрийн онцлогтой байх нь мэдээж боловч Британи ихээхэн ялгардаг.
- Олон улсын монгол эрдэмтний Их хурал, тэр дотроос өөрийнхөө удирдан явуулсан салбар хуралдааны онцлог ач холбогдлын талаар ярих уу?
- “Монголын гадаад ертөнц ба харилцаа” салбар хуралдаанд хэлэлцсэн илтгэлүүд Монгол Улсын түүх, соёл, улс төр, гадаад харилцааны өргөн хүрээтэй салбар, чиглэлийг хөндсөн, шинэлэг, сонирхолтой, судалгааны ач холбогдолтой байж, салбар хуралдаан амжилттай явагдаж өндөрлөсөн. Салбар хуралдааны зохион байгуулалт сайн, эрдэмтдийн дунд хэлэлцүүлэг идэвхтэй явагдаж, хурлын дэг хэвийн, эрдэмтдийн хандлага, уур амьсгал ажил хэрэгч, нөхөрсөг дотно байсныг тэмдэглэхийг хүсэж байна.
Эх сурвалж: https://montsame.mn/