ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрдэм шинжилгээний ЭША Б.Санжаажавын "Өдрийн сонин"-д хэвлэгдсэн ярилцлага.
- ХБНГУ-ын ерөнхийлөгч Ф.В.Штайнмайер манай улсад айлчлан ирлээ. Энэ жил манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Тэртээ 1970-аад оны үе бол дэлхий ертөнц социалист ба капиталист гэсэн улс төр, эдийн засгийн эсрэг тэсрэг системд хуваагдсан, хоорондоо ид сөргөлдөж байсан үе. Ямар нөхцөлд манай хоёр орон дипломат харилцаа тогтоох боломжтой болсон талаар сонирхуулахгүй юу?
- Нэг талаас тухайн үеийн дэлхийн бодлогыг тодорхойлогч АНУ, ЗХУ-ын хоорондын сөргөлдөөн, тэдний нэгийгээ ялж гарах гэсэн стратеги, тактикийн алхмуудаас эхтэй гэж болно. Ялангуяа 1970-аад оны эхээр АНУ Бээжинтэй эвсэх замаар ЗХУ-ыг ганцаардуулах, хүчийг нь сулруулах бодлогыг идэвхтэй баримталж эхэлсэн. Энэ нь түүний гол холбоотнууд болох ХБНГУ, Япон гэх мэт өрнөдийн орнуудад тэдний хувьд хаалттай байсан бусад социалист орнуудтай холбоо тогтоох, өөрсдийн ЭСЯ-уудыг нээх боломжийг олгосон. Үүний дараа ХБНГУ-ын тухайн үеийн Канцлер В.Брандт 1972 оны 9-р сард Боннд сууж байсан ЗХУ-ын Элчин сайд В.Фалинд “Бид удахгүй Бээжинтэй дипломат харилцаатай болж байгаа. Манайх хамтад нь бас БНМАУ-тай дипломат харилцаатай болох хүсэлтэй байна. Москва энэ асуудлаар зуучилж өгнө үү” гэсэн агуулгатай хүсэлт гаргасан. Нөгөө талаас хуучин Канцлер В.Брандт нь тухайн үед өөрийн шууд хиллэдэг Зүүн Европын харилцааг зөөлрүүлэх, ойртох идэвхтэй бодлого баримталж байсан нь үүнд чухал нөлөө үзүүлсэн. Тэр үед Чехословак, Польш, Унгар, Болгар зэрэг социалист орнуудтай дипломат харилцаа тогтоох, харилцаагаа ядаж улс төрийн хүрээнд хэвийн болгох нь ХБНГУ-ын ашиг сонирхолтой нийцэж байсан. Үүний тулд тэрээр хэд хэдэн буулт хийж тухайн үед шуугиан тарьсан. Жишээ нь Польшид айлчлал хийх үеэрээ Потсдамын гэрээгээр Их гүрнүүдийн хэлэлцээгээр тохирсон Найс-Одерын хилийн зурвасыг эцэслэн зөвшөөрч, нацист Германы үед польшийн еврейчүүдийг хядсан фашист германы аллагын өмнөөс дурсгалын хөшөөний өмнө өвдөг сөхөрсөн зэргийг энд дурдаж болно. Мэдээж тухайн үед Москва төвтэй социалист лагерийн орнууд гадаад харилцааны асуудлаа хоорондоо зөвлөлдөж шийддэг байсан учраас энэ асуудлаар ах дүүгийн харилцаатай БНАГУ, тэр ч бүү хэл хил залгаа Чехословак Унгар гэх мэт орнуудын байр суурийг харгалзан үзэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл хоёр Германы харилцааг хэвийн болох, цаашилбал зүүн Европын бусад ах дүү социалист орнуудтай холбоотой асуудлууд шийдэгдэх хүртэл манай тал дорвитой хариу өгөх боломжгүй байсан гэсэн үг. Ингэж явсаар 1973 оны 5-р сараас Лондон дахь элчин сайдуудын түвшинд яриа хэлцэл эхэлсэн. Элчин сайд асан С.Дамбадаржаагийн үед эхэлсэн хэлэлцээр Д.Цэрэндондов элчин сайдын үед дуусаж 1974 оны 1-р сарын 31-нд талууд харилцан ноот бичиг солилцсоноор албан ёсоор дипломат харилцаа эхэлсэн түүхтэй.
- Ээдрээтэй сонин түүх байна. Түүнээс хойш манай хоёр орны харилцаа ямар агуулгатай явж ирсэн бэ?
- Харилцааны түүхийг агуулгаар нь үндсэн хоёр хэсэгт хувааж үзэж болно. Нэгд: Хүйтэн дайны үеийн харилцаа. Энэ нь 1974-1990-ээд оны эхэн үед хамаарна. Энэ хүртэл улс төрийн харилцаа зонхилж байсан ч худалдаа хийж байсан. Тухайлбал манай хонины боловсруулсан өлөн гэдсийг ХБНГУ руу экспортолж нэмэлт валют олж байсан түүхтэй. Ойролцоогоор 178.8 мянган дойч маркийн худалдаа гэдэг бол тэр үеийн ханшаар багагүй мөнгө, энэ нь өрнөдийн хөрөнгөтөн гэх орнуудтай хийж байсан худалдаанд нэлээн жин суурьтай байсан. Германтай хийсэн манай худалдааны баланс ашигтай гардаг байсан нь сонирхолтой. Хоёрт: Харилцааны идэвхжилийн үе буюу 1990-ээд оноос хойших үе. Харилцааны үндсэн агуулга нь хөгжлийн тусламж гэж хэлж болно. Энэ үе одоо хүртэл үргэлжилж байна. Хүйтэн дайнд АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд ялж, хүйтэн дайны гол бэлэг тэмдэг болж байсан Берлиний хана 1989 онд нурсан, 1991 оны 12-р сард ЗХУ оршин тогтнохоо больсноор ЗХУ-аас улс төр, эдийн засгийн хувьд гүнзгий хамааралтай манай улсын хувьд маш хүнд цохилт болсон. Та санаж байгаа бол картын барааны үе, шилжилтийн хүнд үе гэдэг дээ. Энэ үед АНУ болон Япон, ХБНГУ зэрэг орнууд шилжилтийн хүнд үеийг давахад хандив тусламж өгч, “гал алдуулчихгүй” байх тал дээр ихээхэн анхаарсан. Ялангуяа эрчим хүч, дэд бүтцийн салбарт өгсөн хандив тусламж, хөнгөлөлтэй зээлийн нийт дүн 1991-2003 оны хооронд 201,5 сая евро болсон. 2000-аад оны үеэс манайх эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй тогтворжиж ирсэн. Энэ үед хөгжлийн тусламжийг зөвхөн “гал алдахаас” төдий биш нэлээн өргөн хүрээнд үзүүлэх болсон. Өнгөрсөн оны 10-р сард болсон Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газруудын хамтарсан комиссын хуралдаан дээр Германы тал 2025 он хүртэл 78 сая еврог амласан. Үүнээс 29 сая еврог ДОХ, хумхаа, сүрьеэ зэрэг халдварт өвчинтэй тэмцэхэд зориулж олгоод байна. Ирэх 2025 оноос бид хөгжлийн тусламжийн концепцыг зайлшгүй шинэчлэх, илүү хэрэгтэй салбарт, илүү үр ашигтай зарцуулах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Жишээ нь уул уурхайгаас болж сүйтгэгдсэн байгаль орчны нөхөн сэргээх, цианидаар хордсон алт угаагаад овоолгуудыг саармагжуулах гэх мэт ажлуудыг хийх боломжтой.
- Манай хоёр орны хөгжлийн хамтын ажиллагааны талаар уншигчдад товчхон ойлголт өгөхгүй юу?
- Хөгжлийн тусламж, хөгжлийн хамтын ажиллагаа гэдэг ойлголт нь үндсэндээ хөгжингүй гэж нэрлэгддэг баян орнуудаас “хөгжиж буй” гэх үйлдвэрлэл, техник технологи, хүний хөгжлөөр хоцрогдсон буурай хөгжилтэй орнуудад үзүүлж буй тусламж юм. Хөрөнгө оруулалтын хэлбэр нь буцалтгүй тусламж, хөнгөлөлтэй зээл. Манайд ХБНГУ-аас үзүүлсэн хөгжлийн тусламжийн 1/3 нь хөнгөлөлттэй зээл, 2/3 нь буцалтгүй тусламж. Хөгжлийн зээлийн хугацаа 30-40 жилийн хугацаатай, жилийн 0.75-2%-ийн хүүтэй, эхний 5-10 жил зээлийн төлбөрөөс чөлөөлөгддөг иймэрхүү нөхцөлтэй байдаг. Одоогийн байдлаар 1991 оноос хойш ХБНГУ-ын зүгээс 500 орчим сая еврогийн хөгжлийн тусламж үзүүлээд байна. ХБНГУ-ын хувьд хөгжлийн тусламжийн үйл ажиллагааг Германы Хөгжлийн хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) голлон хэрэгжүүлдэг, Холбооны Хөгжлийн хамтын ажиллагааны яамнаас санхүүждэг, өөрийн гэсэн ТУЗ-тэй гүйцэтгэх удирдлагатай компани. Мөн засгийн газар, яамдын түвшинд, ТББ-уудын түвшинд хамтарч ажиллах, манайд дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны төрөл хэлбэрүүд байна. Жишээ нь батлан хамгаалахын салбарт ийм жишээ дурдаж болно. Манай энхийг сахиулагчид НАТО-гийн хүрээнд Германы хариуцаж байсан Хойд Афганистанд үүргээ амжилттай гүйцэтгээд ирснийг энд хэлж болно. Түүнчлэн германы улс төрийн намуудын дэргэдэх Конрад Аденауэрын Сан, Фридрих Эбертийн сан, Ханс Зайделийн сан гэх мэт манай АН, МАН-тай идэвхтэй хамтран ажилладаг. Хоёр орны парламентын шууд харилцаа гэх мэт олон харилцаанууд байдаг.
- Хөгжлийн тусламжийн зарцуулалт ер нь хэр үр ашигтай байдаг бол?
- Энэ тал дээр анхаармаар, сайжруулмаар юмнууд нэлээн бий. 1990-ээд оноос явж ирсэн загвар бүтцийг шинэчлэх, хөгжлийн тусламжийн зарцуулалт үр дүнг шалгадаг нягталдаг механизмуудыг боловсронгуй болгох тал дээр анхаарах цаг болсон. Нууцгүй хэлэхэд төрийн байгууллагууд дээр хэрэгжиж байгаа төслүүд хэн нэгэн даргын нэмэлт орлого, гадаад руу үнэгүй аялж юм үзэж нүд тайлах хэрэгсэл мэт болчихсон. Дээр нь манай улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, дарга цэрэг нь байнга солигддог явдал нь гаднын төсөл хөтөлбөрүүд үр ашигтай хэрэгжих, бодит үр дүнд хүрэхэд саад болдог. Өнөөгийн байдлаар ХБНГУ-аас өгч байгаа хөгжлийн тусламж нь одоогоор ногоон эрчим хүч, ургамал амьтны олон янз байдлыг хамгаалах, уул уурхайн менежментийг сайжруулах, дулааны хэмнэлттэй барилга гэсэн үндсэн 4 чиглэлээр явж байгаа. Энэ салбарууд дээр ч гэсэн анхаарах олон асуудлууд байдаг. Жишээ нь өнөө хэрэгжиж байгаа хамгааллын төсөл дээр дархан цаазат газруудын байгаль хамгаалагч нарт өвөл зуны хувцас тавьж өгөхөд төслийн мөнгөнөөс зарцуулсан нь өнөө л “шилжилтийн үеийн сэтгэлгээнээсээ” гараагүй байгаагийн тод жишээ. Гэтэл Өвөр монголд нүүрсний ил уурхайн шаталтыг багасгах, түүнээс эртнээс урьдчилан сэргийлэхэд зориулж германы сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг авах, тухайн багаж дээр ажиллах хүмүүсийг бэлтгэх зэргээр үнэхээр нүдээ олсон гэмээр зүйл дээр хөгжлийн тусламжийг хэрэглэдэг байх жишээтэй. Бид хөгжлийн төслүүд дээрээ оролцогчдыг зөв тодорхойлж, илүү боловсронгуй оновчтой менежмент, хяналтын арга механизмыг бодож олох шаардлагатай. Хувийн хэвшлүүдийг ч энэ тал дээр татан оролцуулах боломжтой.
- Манай гадаад бодлогод гуравдагч хөрш гэсэн ойлголт байдаг. ХБНГУ нь түүнд багтдаг орнуудын нэг. ХБНГУ нь гуравдагч хөрш дотроо ямар байр суурь эзэлдэг вэ?
- Манай улс нь газар зүйн байрлалаараа ОХУ, БНХАУ гэсэн бодит хоёрхон хөрштэй. Гэвч 1990-ээд онд АНУ тэргүүтэй өрнөдийн улсууд хүйтэн дайнд ялснаар дэлхийн бодлогод оролцох оролцоо, дарах жин нөлөө нь ихэссэн. Энэ үед социалист лагерийн орон байсан манай улсын хувьд гадаад бодлогоо өөрчлөх, цаг үеийн хэрэгцээ шаардлага гарсан л даа. Өөрөөр хэлбэл АНУ, Их Британи, Япон, ХБНГУ зэрэг өрнөдийн хөгжингүй орнуудтай нэг талаас улс төр, эдийн засаг, худалдааны харилцаагаа өргөжүүлэх, гүнзгийрүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Энэ үүднээсээ манай гадаад бодлогын баримт бичиг “гуравдагч хөрш” гэсэн олон улсын практикт хэрэглэгддэггүй нэршлийг оруулж ирсэн. Нэршил нь өвөрмөц гэмээр боловч агуулга нь хоёр хөршийн дунд “хавчигдмал” байрлалаа ямар нэгэн хэмжээгээр нөхөх. Олон улсын тавцан өөрийн ашиг сонирхлыг илэрхийлэх, хүчний харьцааг тэнцвэржүүлэх. Өрнөдийн орнуудын хөрөнгө оруулалтыг татах сонирхлыг агуулсан. ХБНГУ-ын хувьд энэхүү гуравдагч хөршийн дунд чухал байр суурьтай. Европын Холбооны хамгийн хүчирхэг нөлөө бүхий орон. Зөвхөн хөгжлийн хамтын ажиллагаанаас гадна ХБНГУ нь манай баруун Европ руу гарах чухал гарц болж байна. Хэдийгээр энэ зам эдийн засгийн ач холбогдол багатай, ачаа тээврийн эргэлтэд нөлөө үзүүлэхгүй ч манай иргэдийн Европын орнууд руу зорчих гол шугам болж байна. Агаарын тээврийн энэ салбарт сүүлийн үед Турк бас гарч ирж байгаа нь сайшаалтай.
- Та гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтын тухай дурдлаа. Энэ тал дээр манай хоёр орны хувьд ямархуу нөхцөл байдалтай байна?
- Энэ бол сүүлийн 20-иод жил яригдаж байгаа асуудал. Гуравдагч хөршийн бодлогын гол цөм нь өрнөдийн орнуудын бодит сонирхлыг бий болгох буюу өрнөдийн хөрөнгө оруулалтыг татаж, манай эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт, оролцооны харьцааг тэнцвэржүүлэх гэсэн сонирхол. Зарим улс төрчид, судлаачид зохист харьцаа нь 30Х30Х40 байх ёстой гэх мэт тодорхой харьцааг ч ярьдаг явдал бий. Гэвч энэ бүхэн бидний сонирхол хүсэлд мэдээж хөтлөгдөж өрнөдөг үйл явц биш дэлхийн улс төрийн байдал, хүчний харьцаа, эдийн засгийн бодит хэрэгцээ, газарзүйн байршил, тээвэр логистик гм маш олон, нарийн төвөгтэй нөхцөл байдалтай холбоотой зүйл. Энийг ч сүүлийн 30 гаруй жилийн практик харуулж байна. Одоогоор өрнөдийн гэхээр томоохон хөрөнгө оруулалт гэвэл хэл ам байнга дагуулдаг Оюу-Толгойн төслөөс өөр бодит ажил алга байна. ХБНГУ-ын хувьд хөгжингүй аж үйлдвэржсэн орон болохынхоо хувьд түүхий эдийн хэрэгцээ түүн дотроос газрын ховор элементийн хэрэгцээ байгаа. Ийм ч учраас 2011 онд Холбооны канцлер агсан А.Меркель манай оронд айлчлахдаа “Уул уурай-технологийн салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурсан. Ийм төрлийн санамж бичгийг мөн “СТАН” гэгдэх Төв Азийн Казахстан зэрэг орнуудтай германчууд байгуулсан. Гэвч манай энэ санамж бичиг дээр тусгагдсан ажлуудаас Монгол-Германы хамтарсан уул уурхайн сургуулиас өөр хэрэгжсэн бодитой ажил алга байна. Ялангуяа газрын ховор элементийн хайгуул, олборлолтын тал дээр өнөө хүртэл ажил хэрэг эхэлсэн юм байхгүй байгаа нь харамсалтай. Сүүлийн үеийн мэдээллээс харахад германчууд Африкийн орнуудыг голчлон сонирхож, тэндээс түүхий эдээ авах, стратегийн түншлэлтэй болох сонирхолтой байна. Мөн газрын ховор элементийн гол хэрэглэгч нь болох баттерей, сэргээгдэх эрчим хүчний техникүүдийг хийдэг үйлдвэрүүд БНХАУ руу нүүж ирж байна. Ингэж тэд хятадаас газрын ховор элементийн хараат байдлаа зөөлрүүлэх арга хэмжээ авч байна. Энэ нь мэдээж манайд ашиггүй.
- Манай хоёр орны харилцааны ирээдүйг судлаачийн хувьд та хэрхэн төсөөлж байна?
- Манай хоёр улсын харилцаа 50 жил болж байгаа нь олон улсын харилцааны жишгээр мэдээж их биш хугацаа. Гэхдээ хоёр ард түмний хувьд илүү урт удаан уламжлалтай. Бүр Ваймэрын Бүгд Найрамдах Улсаас эхтэй. 1930-аад онд манайх шилдэг хүүхдүүдээ тэнд политехникийн нарийн мэргэжлүүд эзэмшүүлэхээр явуулсан. Тэднээс олон нэрт эрдэмтэд төрөн гарч, манай орны шинжлэх ухаан техникийн салбарын анхдагчид болсон байдаг. Мөн социализмын үед БНАГУ-д олон зуун залуусыг мэргэжилтэй боловсон хүчин болгож бэлдэж өгснөөс гадна Улаанбаатарын Мах Комбинат, Улаанбаатарын Хивсний Үйлдвэр, Борнуурын САА гэх мэт ХАА, аж үйлдвэрийн том том төслүүдийг хэрэгжүүлж өгсөн. Геологи хайгуулын олон судалгаа шинжилгээний ажлуудыг Зүүн Германы тусламжаар хийж, орд газруудыг нээж, нөөцийг нь тогтоолгосон. Хожим ардчилсан хувьсгалын дараа манай шилжилтийн хүнд үеийг давахад ХБНГУ тусалж дэмжиж байсан гээд олон жишээ дурдаж болно. Тийм учраас жирийн монголчуудын хувьд ямар улс, төр, идеологитой байхаас үл хамаараад германчуудын тухай ямагт эерэг сайхан дурсамжтай явдаг. Германы зүгээс манайхтай хөгжлийн хамтын ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхээ мэдэгдсэн. Энэ нь баярлууштай хэрэг. Харин манай зүгээс ХБНГУ-тай харилцаагаа иж бүрэн түншлэлийн харилцаанаас стратегийн түншлэлийн харилцаатай болгохыг эрмэлзэж ирсэн. Өнгөрсөн оны 9-р сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д айлчлахдаа энэ асуудлыг ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, канцлер О.Шольц нартай уулзахдаа хөндсөн. Өнгөрсөн онд хэдийгээр дарангуйллын гэгдэх засаглалтай ч гэсэн Төв Азийн СТАН орнуудтай ХБНГУ стратегийн түншлэлтэй болох алхмыг хийсэн. Тэгэхээр бидэнд ч бас онолын хувьд боломжтой гэсэн үг. Олон улсын хамтын ажиллагааны чухал нөхцөл бол хамтрагч орны засаглалын тогтвортой байдал, залгамж шинж чанар байдаг. Энэ тал дээр бидний хувьд анхаарах, үгүйдээ сонгуулийн дөрвөн жилийн цикл дотроо Засгийн газар нь тогтвортой ажиллах хэрэгтэй байна. Учир нь стратегийн түншлэлийн харилцаа гэдэг бол эдийн засгийн урт удаан хугацааны ашиг сонирхлоор нөхцөлддөг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хоёр улсын түүхэн ойн хүрээнд ХБНГУ-ын ерөнхийлөгч ноён Ф.В. Штайнмайер эдгээр өдрүүдэд манай улсад айлчилж байна. Энэ үеэр хоёр орны харилцааг стратегийн түншлэлд хүргэж байгаа нь үнэхээр сайшаалтай.
Ярилцсан:” Өдрийн сонин”-ы сэтгүүлч М.Мөнхцэцэг
Эх сурвалж: “Өдрийн сонин”. 2024.02.08. №27