ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан З.Мэндийн МОНЦАМЭ агентлагт өгсөн ярилцлага
- Монгол, Узбекистан хоёр улс хэзээ хэрхэн дипломат харилцаа тогтоож байв?
- Узбекистан нь Казахстан, Киргизстан, Тажикистан, Афганистан, Туркменистантай хиллэдэг Төв Азийн улс. Тус улс 1991 оны есдүгээр сарын 1-нд тусгаар тогтнолоо зарлахад Монгол Улс тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрсөн эхний таван улсын нэгд тооцогддог. Манай хоёр улс 1992 оны нэгдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоосон. Тухайн үед тус улсад сууж байсан Ерөнхий консул Б.Буд, Элчин сайд Н.Мишигдорж болон Ерөнхий сайдын зөвлөх Д.Содном, Гадаад харилцааны тэргүүн дэд сайд Ж.Чойнхор нар энэ талд нэлээд хүчин чармайлт тавьж ажилласан байдаг.
Өмнөх тогтолцооны үед манай улс гадаад бодлогын хувьд уян хатан хандаж, анх Ташкентад Ерөнхий консулын газрыг 1977 оны 11 дүгээр сард ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үед нээн ажиллуулж байв. Тэр үедээ Ташкент дахь цорын ганц Дипломат төлөөлөгчийн газар бол манай улсынх байсан. Тиймээс узбекүүд энэ тал дээр бидэнд маш их талархалтай ханддаг. Улмаар 1990-ээд оны нийгмийн өөрчлөлтийн үед улс орны санхүү, эдийн засгийн бэрхшээлтэй нөхцөл байдлаас шалтгаалж, 1994 оны гуравдугаар сарын 15-нд консулын газрыг хаасан юм. Мэдээж Узбекистаны тал манайхаас Дипломат төлөөлөгчийн газраа сэргээн нээхийг олон удаа албан байдлаар хүсэж байсан удаатай.
Эдүгээ тэр байдлаа засаж, тэр тусмаа бүр ахиулж Ташкентад ЭСЯ-аа нээж байгаа явдал нь Төв Азийг өргөн хүрээнд харах цонхыг нээсэнтэй адил зүйл болж байна.
- Он цагийн хувьд хоёр улс анхлан хэзээнээс харилцаа холбоотой байсан гэж түүхэнд үлдсэн байдаг вэ?
- Судлаачдын үздэгээр, Бага исламын ертөнц болох Төв Азид бий болсон шинэхэн таван улстай дипломат харилцаа тогтоогоод 32 жилийн нүүрийг үзэж байгаа ч Монгол Улс эдгээр оронтой эртний түүхэн хэлхээ холбоо ихтэй.
Орчин үеийн Узбекистаны газар нутаг дээр НТӨ VIII зуунд Кушан, Хорезм, Парфи, Согд гэсэн эртний улсууд оршин байв. НТӨ II-III зуунд Грек-Бактрын буюу А.Македоны Эзэнт гүрэнд харьяалагдаж, улмаар Түрэгийн хаант улс, НТ VIII зуунд Арабын Халифат эзэн сууж байлаа. Цаашилбал XIII зуунд монголчууд довтолсноор Монголын Эзэнт гүрний хэсэгт багтан Цагаадайн эзэнт улсад харьяалагдах болж, XIV зуунаас Төмөр хааны мэдэлд очсон. Узбекийн үзэсгэлэнт эртний хот нь өрнө, дорныг холбосон Торгоны замыг дайран өнгөрдөг бөгөөд олон үндэстэн ястан холилдон, эв найрамдалтай зэрэгцэн оршиж ирсэн байдаг. Ялангуяа Монголын эртний нийслэл Хархорум хоттой худалдаа, соёлын харилцаа тал дээр гүнзгий харилцаатай байсан түүхтэй.
Өөрөөр хэлбэл, монголчуудын удмын хаадын нөлөөн дор Ойрхи Дорнодын араб, персийн соёлыг Торгоны замаар дэлгэрүүлэн XV зуунд Самарканд, Бухар, Шахрисабз, Ташкент, Термез, Хива зэрэг хот цэцэглэн хөгжиж, барилга архитектурын хувьд дорнын сонгодог хийцтэй болсон. XV зууны үед узбекээс төрсөн эрдэмтэд дэлхийн хэмжээнд үнэлэгдэх суут бүтээл туурвилыг хийсэн байдаг. Тухайлбал, Муса Хорезм, Ахмад Фергани, Мохаммед Хорезм, Абу Наср Фараби, Беруни, Абу али ибн Сино, Улугбек зэрэг суут эрдэмтэд төрж, одон орон, гүн ухаан, тооны ухаан, анагаах ухааны хөгжлийг түргэтгэсэн. Тэдний бүтээлийг цааш нь өрнийн эрдэмтэд шинжлэх ухаанд авч ашиглан хөгжүүлсэн байдаг.
- Иргэд хоорондын харилцаа бол дипломат харилцааны үндэс суурь гэж хэлж болох байх. Энэ талын харилцаа өнөөдөр хэр зэрэг байна вэ?
- Социализмын тогтолцооны үед хоёр улс гүн гүнзгий харилцаатай явж ирсэн. Эрдэнэт хот Узбекистаны Алмалык хоттой шууд харилцаатай байлаа. Наяад оны эхээр соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулж байсан. 1970, 1980-аад оны үед бүр 300-400 оюутан суралцдаг байсан бол 1990-ээд оны эхээр 100 гаруй монгол оюутан Узбекистаны дэмжлэг, тэтгэлгээр их дээд болон техник мэргэжлийн сургуульд суралцсан байдаг. Одоогийн байдлаар хоёр орны харилцаа өмнөх түвшиндээ хүрэхгүй байна. Иймд аль аль талдаа харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай.
Учир нь тус улс өдгөө улс төр, эдийн засаг, худалдааны салбарт бүс нутагтаа нөлөө бүхий улс орон болж хувирсан. Бидэнд нэгэнт бий болгосон түүхэн харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь байна. Түүнийгээ урт хугацаанд хадгалах нь зүйтэй юм гэж үзсэн хэрэг байх. Тиймээс манай улс Элчин сайдын яамаа нээж байна гэж ойлгож байна.
- Тус улс руу зорчихын тулд манай иргэд голчлон ямар чиглэлийг сонгодог юм бол. Жилд дунджаар өөр хоорондоо хэдэн жуулчин зорчиж байна вэ?
- Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевын “Бүгд Найрамдах Узбекистан улсын аялал жуулчлалыг хурдацтай хөгжүүлэх нэмэлт арга хэмжээ” хөтөлбөрт тусгаснаар тус улс гадаадын 45 орны иргэдэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломжийг олгосон. Энэ хүрээ хязгаарт манай улсыг хамруулсан байдаг. Өнөөдөр Улаанбаатар-Алматы чиглэлд шууд нислэг үйлдэж байна. Тэндээсээ Узбекстан руу нэвтэрч буй. Энэхүү чиглэл нь өнөөгийн хамгийн ойр, боломжит маршрут гэхэд болно.
Дээрх таван орны хувьд Казахстан, Киргиз, түүний дараагаар Узбекистан руу манай иргэд зорчдог гэсэн статистик бий. Өнгөрсөн оны байдлаар, манай талаас 200 гаруй хүн, узбекийн талаас 900 гаруй хүн харилцан зорчсон байна. Мэдээж энэ тоо хангалттай бус.
Тус улс сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбараа эрчимтэй хөгжүүлж байна. Манай хоёр орны хувьд мөн ялгаагүй аялал жуулчлалын салбарт өргөн хүрээнд хамтарч ажиллах боломжтой. Тухайлбал, Бухар, Самарканд зэрэг хот дахь эртний цайз, барилга байгууламж нь монголын түүхтэй ихээхэн уялдаа холбоотой. Иймд тэдгээр дурсгалт газруудыг манайхны олон хүн үзэж танилцах бодолтой явдаг нь илт байдаг.
- Манай иргэд тус улсаар аялсан тохиолдолд юуг анхаарах вэ?
- Хамгийн түрүүнд ёс уламжлал, зан заншлын өвөрмөц харилцааг хүндэтгэх хэрэгтэй. Иргэд нь шашны итгэл үнэмшил өндөртэй тул архи дарсны хэрэглээнээс татгалздагийг бодолцох хэрэгтэй. Бусдаар бол узбекүүд маш найрсаг, асуудалд нээлттэй ханддаг хүмүүс байдаг. Уламжлалт Исламын шашнаа сэргээж буй учраас амьдралд хандах хандлага, гүн ухааны хувьд даруу төлөв байдалд ихэд анхаарч, эрхэмлэдэг гэсэн үг.
- Тус улстай худалдааны салбарт хэрхэн хамтарч байна вэ. Цаашид аль салбараа түшиглэвэл илүү үр дүнтэй бол?
- Монгол Улсаас Узбекистан улс руу 2021 оны байдлаар 376,47 мянган ам.долларын үнийн дүнтэй малын дайвар бүтээгдэхүүн, боодлын хуванцар хайрцаг экспортолсон бол 3.452.05 мянган ам.долларын үнийн дүнтэй шоколад, янжуур тамхи, хатаасан жимс импортолсон байна. Аль хориод жилийн өмнөөс эхэлсэн МҮХАҮТ, Узбекистан улсын ХАҮТ (Узбекистаны Бараа, үйлдвэрлэгчид, үйлдвэрлэл эрхлэгчдийн Танхим хуучин нэрээр) хамтран хоёр талын бизнес эрхлэгчдийн уулзалт, хамтын ажиллагааг тогтмолжуулах шаардлагатай. Энэ сарын сүүлчээр Ташкент хотноо “Монгол Узбекистаны бизнес форум, үзэсгэлэн худалдаа” болох төлөвлөгөөтэй байгаа гэж сонслоо. Энэ форумд манай иргэд, аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож харилцан хамтын ажиллагаагаа эхлүүлж, туршлага судлахад илүүдэхгүй болов уу.
Узбекистан бол жимс жимсгэнэ, нарийн ногоо, хөвөнгийн тариалалтын эх орон гэдгийг бүгд мэднэ. Иймээс тэдний хөвөн тариалалтаас суралцах, шинэхэн болон хатаасан жимс ногоо нийлүүлэх, газар тариалалтад хэрэгцээтэй төрөл бүрийн бордоог авах хэрэгцээ манай улсад бий. Манай газар тариалангийн салбар эрчимтэй хөгжиж байна. Тэгвэл газар тариалангийн салбарын техник, тоног төхөөрөмж, сэлбэг засварын үйлдвэр байгуулах тал дээр хамтрахад зүгээр.
- Тус улсад ЭСЯ-аа нээсний ач холбогдлыг судлаачийн хувьд та хэрхэн харж байна вэ. Эхний ээлжид ямар ажлыг хэрэгжүүлээсэй гэж бодож байна вэ?
- Аливаа улсад Элчин сайдын яамаа нээнэ гэдэг тус улстай тогтмол харилцах боломж нээгдэж байна гэсэн үг. Одоогийн байдлаар Казахстан, Киргизстан улсад манай улсын ЭСЯ ажиллаж байна. Сая Узбекистанд нээлээ. ЭСЯ-аа нээснээр хоёр улс хоорондын худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсролын салбар дахь харилцаа өргөжнө гэсэн үг.
Одоогоор манай хоёр орны харилцаа төдийлөн өргөн хүрээг хамарч чадахгүй байна. Энэ нь газар зүйн алслагдмал байдал, бүс нутагт явуулж буй нийгэм, улс төрийн бодлогын ялгаатай байдалтай холбоотой байна уу гэж боддог. Өнөөдөр тус улс руу газраар бол Баян-Өлгийн Цагаан нуур боомтоор ОХУ, Казахстанаар дамжин өнгөрөх нэг чиглэл эсвэл Казахтстаны Алматы хот руу шууд нислэг үйлдэх чиглэлээр нэвтэрч байгаа нь тээврийн зардал, түүн дотор цаг хугацаа, мөнгө санхүүгийн хувьд чамгүй хүндрэлийг бий болгодог. Мөн БНХАУ-ын нутгаар дамжин Төв Ази руу нэвтрэх, түүн дотор Узбекистан руу очих боломжтой болж байна. Цаашид аялал жуулчлал эрчимжвэл Улаанбаатар-Ташкент чиглэлийн шууд нислэгийг бий болгох хэрэгтэй.
Түүнчлэн хот байгуулалт, тохижилт, тэр дундаа ус суваг, далангийн байгууламж, зам талбай, зорчих хэсгийн төлөвлөлт тал дээр Узбекистанаас судалж үзэхэд зүгээр. Хотууд нь ногоон байгууламж сайтай тул “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлэх боломж бий. Жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зорилтын хүрээнд ч тус улсын туршлагыг судлах, шинэ тодорхой мэргэшил шаардагдах аливаа мэдлэг, туршлагыг (ноу-хауг) дотооддоо нэвтрүүлэх гарц бий гэж бодож байна.
Зургийн тайлбар: Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээж байгаа нь. 2024 он
Эх сурвалж: 2024.06.25 /МОНЦАМЭ/. https://montsame.mn/