Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Ч.ЦЭРЭННАДМИД: ТУРК УЛС БҮС НУТАГТАА ГЕОПОЛИТИКИЙН ШИНЭ ТОГЛОЛТ ХИЙЖ БАЙНА
Alternate Text

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач, доктор Ч.Цэрэннадмидтай ярилцлаа.

    

    -Турк улсын өнөөгийн дотоодын нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье. Улс төрийн нөхцөл байдал нь ямархуу дүр зурагтай байгаа вэ?

    - Шударга ёс, хөгжлийн нам засгийн эрхийг барьсан өнгөрөгч 20 орчим жилийн хугацаанд тус улсын эдийн засаг, нийгмийн салбарын хөгжил хурдацтай нэмэгдэж, дэд бүтцийн салбарууд эрчимтэй хөгжиж эхэлсэн. Дотоод улс төрийн амьдралд ч томоохон өөрчлөлт, шинэчлэлтүүд хийгдэж эхэллээ. 2017 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хууль тогтоох байгууллагын болон ерөнхийлөгчийн сонгуулийг нэг жил явуулах хууль эрх зүйн орчин бүрдэж, 2018 оны зургадугаар сард ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль явагдсан. Ерөнхийлөгчөөр Режеп Таийп Эрдоан сонгогдсон ч түүний Шударга ёс, хөгжлийн нам олонх болж чадаагүй тул Үндэсний хөдөлгөөний намтай хамтарч Ардын эвслийн засгийн газрыг байгуулсан. Ийнхүү 2002 оноос хойш дөрвөн удаагийн бүрэн эрхийн хугацаанд Шударга ёс, хөгжлийн нам тасралтгүй дангаар төр, засгийн эрх барьсан уламжлал эвдэгдсэн юм. Эдгээр өөрчлөлт, шинэчлэлийн жилүүд дотоод улс төрийн амьдралыг харьцангуй тогтворгүй, сөргөлдөгч хүчнүүдийн хооронд ширүүн мэтгэлцээн, тэмцлийг өрнүүлсөн. Өнөөдөр Турк улсад парламентад суудалтай улс төрийн намуудын өрсөлдөөн, гол сөрөг хүчин байсан, одоо ч байгаа Ардын Бүгд Найрамдах нам доторх зөрчил мөргөлдөөн дотоод улс төрийн амьдралын анхаарал татсан асуудал болж байна. Мөн сүүлийн жилүүдэд ард иргэдийн дунд нэр хүнд нь тодорхой хэмжээнд өсч, парламентад суудалтай болсон Сайн намын удирдагч хатагтай Мерал Акшенер, ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоан нарын хооронд маргаан дагуулсан мэдэгдлүүд дотоод улс төрийн амьдралын гол сэдвүүдийн нэг болоод байна.

    - Туркийн аюулгүй байдал, гадаад бодлогын газрын гишүүн Месүт Хакки Оростой дахин байлдсан ч чадна гэж мэдэгдсэн. Энэ нөхцөл байдал цааш хэрхэн яаж үргэлжлэхээр байна вэ?

    - Мэсүт Хакки Жашиний хийсэн дүгнэлттэй холбоотой дайн, зэвсэг техникийн талаарх нарийн мэдээлэл, баталгаатай эх сурвалжийн мэдээлэл одоогоор надад алга, тиймээс судлаачийн хувьд тодорхой мэдээлэл өгөх боломж хязгаарлагдмал байна. Энэ бол цэрэг, стратегийн нарийн асуудал. Ер нь орчин үеийн дэлхий ертөнцөд дайн дажин хийх хүртлээ асуудал тийм ч амархан хурцдахгүй.

    Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд бий болсон хамтын ажиллагааны үр дүн, харилцааны хандлагаас харахад ойрын хугацаанд Турк, Оросын харилцаа огцом муудах үндэсгүй. Хэдийгээр Сири улс дахь иргэний дайн, хямралтай холбоотойгоор хоёр орны харилцаанд цэрэг, батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаатай холбоотой үл ойлголцол, сорилтууд тодорхой цаг хугацаанд байсан ч харилцаагаа хэвийн хэмжээнд барих хоёр орны хүсэл зориг хэвээр байгаа. Үүний дүнд харилцаа сайжрах үйл явц 2016 оноос эхэлсэн, цаашид энэ хандлага тодорхой хугацаанд хадгалагдах магадлалтай. Учир нь Турк улс 2016 оны арванхоёрдугаар сараас ОХУ, Иран улстай хамтран Сири улсад гал зогсоох яриа хэлэлцээг зуучилсан, батлан даагч орнууд болсон. Сири улсад энх тайвныг бий болгох яриа хэлцлийн гол тоглогчид хэвээр байгаа. 2018, 2019 онуудад Сирийн гал зогсоох яриа хэлцлийг зуучлагч, батлан даагч орнуудын хувиар Турк, Иран, ОХУ удаа дараа гурвалсан уулзалтуудыг зохион байгуулж Сирийн дүрвэгсдийг эх орон руу нь буцаах, Идлиб, Сирийн умард нутгийн аюулгүй байдалд анхаарч, терроризмд цохилт өгөх, улс төрийн үйл явцыг ахиулах зэрэг асуудлыг хамтран хэлэлцсэн юм.

    - Хоёр орны харилцааг хурцадмал байдалтай байна гэж харах нь өнгөц дүгнэлт болох нь ээ?

    - Туркийн зарим судлаачид Турк, Оросын хооронд зөрчил их байдаг ч хоёр орон ямар ч хэлбэрээр сөргөлдөхийг хүсэхгүй. Яагаад гэвэл энэ нь хоёр орны ашиг сонирхолд нийцэхгүй. Турк, Орос бие биедээ хэрэгтэй, Ойрхи Дорнодод хэрэгжүүлж буй АНУ-ын бодлого зөрчил маргаантай байсан нь энэ хоёр орныг улам ойртуулж байна гэж үздэг. Нөгөө талаас, эрчим хүч, эдийн засаг, худалдааны салбарын харилцаа тус хоёр орны хамтын ажиллагааны гол хөдөлгөгч хүч. ОХУ бол Турк улсын гадаад худалдааны гол түншүүдийн нэг. 2019 оны эцсийн байдлаар хоёр орны хооронд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ тус бүр 10 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн.

    Турк болон ОХУ-ын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа зөвхөн байгалийн хий, нефьтийн салбараар хязгаарлагдах бус цөмийн эрчим хүчний салбарт эрчимжсэн. Тухайлбал, 2023 онд буюу Бүгд Найрамдах Турк Улс байгуулагдсаны 100 жилийн ой тохиох үед дөрвөн реактор бүхий 4800 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цөмийн эрчим хүчний станцын эхний хэсгийг ашиглалтад оруулахаар төлөвлөснөө 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдөр болсон, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цахимаар оролцсон гурав дахь реакторын шав тавих ёслолын үеэр ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоан мэдэгдсэн юм. Тус станц бүрэн ашиглалтад орвол Турк улсын эрчим хүчний хэрэглээний 10 хувийг дангаар хангах боломжтой, нийт 60 жил тасралтгүй ажиллах хүчин чадалтай байх юм. Үүгээр зогсохгүй 2026 оноос эхлэн жил дараалан үлдсэн гурван реакторыг ажиллуулж эхлэхээр төлөвлөсөн.

    - Ер нь Турк улсын гадаад бодлого ямархуу чиг шугамтай байдаг юм бэ?

    - Бүгд Найрамдах Турк Улс бол уламжлалт геополитикийн хувьд дэлхийн хуурай газрын хоёр тивийн заагт оршиж, өнө эртнээс өрнө, дорно дахиныг холбосон худалдаа арилжааны гол зангилаа боомт байж ирсэн. Түүндээ нийцүүлэн улс орныхоо үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалах дотоод, гадаад улс төрийн бодлогоо геополитикийн хувьд тодорхойлж ирсэн улс. Уламжлалт геополитикийн энэ үндсэн үзэл баримтлал нь дэлхий дахины хүчний тэнцвэр, геостратегийн орон зайд гарч буй томоохон өөрчлөлтүүдийг тусган шинэчлэгдэж байдаг. Иймэрхүү өөрчлөлтийн талаар гадаад бодлогын судлаачид тухай бүр тодорхой дүгнэлт хийсэн байдаг. Тухайлбал, судлаач Н.Соёлгэрэл “Каспийн тэнгис орчмын бүс, Ойрхи Дорнодоос түүхий эд тээвэрлэлт, Торгоны зам санаачилга болон Орос, Өрнөдийн зөрчил зэрэг нь Турк Улсыг Ази, Европыг холбох гүүр болгож, Еврази, Дорно дахины улсуудтай илүү нягт харилцах суурь болдог”, “Хойд Африкт өрнөсөн Арабын үйл явцын дараа Африк, Ойрх Дорнодын улс, Туркийн улс төр, төрийн удирдлагын загварыг ихээхэн сонирхож буй нь эргээд тус бүс нутагт Анкарагийн гадаад бодлого чиглэх хөрс болж” өгсөн тухай тэмдэглэсэн байна.

    - Турк цаашдаа улам хүчирхэгжих нь тодорхой болсон тухай олон улс судлаачид хэлэх боллоо. Холбоотны том бүлэглэл үүсгэж байгааг ч дурдаж байна. Энэ тухайд?

    - Сүүлийн 20, 30 жилийн туршид дэлхий дахинаа өрнөсөн зөрчилт үйл явдлууд тухайлбал Украин, Сирийн дайн, олон оронд өрнөсөн өнгөт хувьсгалууд, үндэстэн дамнасан алан хядах ажиллагаа зэрэг нь цаашид дэлхийн аль ч улс оронд бүс нутгийн хөгжилд хүчтэй нөлөөлөх болжээ. Тиймээс өнөө цагт бүс нутгийн болон тодорхой улс хоорондын харилцааны асуудлыг олон улсын харилцаанд үүссэн шинэ нөхцөл байдал, хандлагаас салгаж үзэх боломжгүй юм. Бүгд Найрамдах Турк Улс, дэлхийн болон бүс нутгийн олон улсын харилцаанд ямар байр суурь эзэлж, ямар хэмжээний тоглогч болж байгааг ч мөн л энэ өнцгөөс харах ёстой болов уу.

    Орчин үеийн геостратеги, геополитикийн нэр нөлөө бүхий судлаачид дэлхий дахины болон бүс нутгийн геостратегийн ирээдүйн дүр зургийг янз бүрээр таамагласан судалгаанууд хийсэн байдаг. Тэдгээрийн дотор Турк Улс бүс нутгийн нөлөө бүхий тоглогч болох талаар зарим нэг анхаарууштай санаа байгааг судлаач, профессор Д.Баярхүү судалгаандаа тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, Оросын футурлогч Виктор Феллер ирэх 200 жилд дэлхий дээр нэгдмэл байснаа сүүл рүүгээ Латин, Герман давамгайлж эцэст нь Слав-Туркийнх болох Европ, Иран давамгайлж байснаа Түрэг угсааны, сүүлдээ Арабуудынх болох Исламын ертөнц зэрэг том төв оршин байх тухай төсөөлөл дэвшүүлсэн байсныг энд дурдаж болно. Мөн Оросын судлаач В.А.Русаков “Якутаас Сараево хүртэлх Их Туран” хэмээх Турк төвтэй лалын үзэл баримтлалыг төсөөлж, ирээдүйн Түрэг угсаатны хамтын нөхөрлөл нь ТУХН-ийн исламын орнуудтай холбоотон болж, улмаар слав туургатан Украин, исламын Ираныг хамруулсан Оттоманы эзэнт гүрнийг сэргээх” магадлалын тухай таамаг дэвшүүлжээ. Эдгээр судлаачдын дэвшүүлсэн төсөөлөл, таамаглалын үндэслэл болон үнэн магадлалтай шинжийн тухай ярихаас илүүтэй гагцхүү дэлхийн болон бүс нутгийн геополитикийн төвүүд хэрхэн үүсч хөгжих, геостратегийн хандлага ямар байх талаар өрнүүлж буй чөлөөт үзэл бодлын орон зайд исламын ертөнц, түрэг угсаатан, Турк Улс ямар нэг байдлаар тодорхой байр суурь эзэлж байгаа нь сонирхол татаж байна.

    - Бүс нутгийнхаа давамгайлах гүрэн болохоор зорьж буй нь ямар учиртай вэ?

    - Ардчилсан дэглэм, чөлөөт зах зээлийн эдийн засагтай, исламын шашны уламжлалт соёлыг орчин үеийн нийгмийн ололт дэвшилтэй хослуулан хөгжиж буй энэ улсын Ази, Европ тивийн зааг дээр орших газарзүйн онцгой байрлал нь өрнө, дорнын соёл аль аль нь дэлгэрэх, Европын Холбоо, Еврази, Төв Ази, Ойрхи Дорнодын улс орнуудтай эдийн засаг, соёлын харилцаагаа өргөн хүрээнд хөгжүүлэх, улмаар бүс нутагтаа төдийгүй дэлхийн улс төр, эдийн засгийн гадаад харилцаанд нөлөө бүхий байх боломжийг бүрдүүлдэг. Энэ ч боломжоо ашиглаж Турк улс бүс нутагтаа геополитикийн шинэ тоглолт хийж байна.

    Тус орны геостратегийн онцлог, улс төрийн дэглэм, төрийн байгууламжийн онцлог, дэлхийн болон бүс нутгийн олон улсын байгууллагууд дахь оролцоо, нөлөөлөл, олон талт, өргөн хүрээтэй гадаад харилцаа, идэвхтэй гадаад бодлого зэрэг үндсэн хүчин зүйлүүд Турк Улсыг бүс нутгийн нөлөө бүхий гол тоглогчдын нэг болгож байна. Бүс нутгийн нөлөө бүхий тоглогч болох нь Турк улсын үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалах, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэстний нэгдмэл шинж чанараа хадгалах, улмаар хөрш зэргэлдээ улс орнуудтай энх тайвныг эрхэмлэсэн, найрсаг харилцаатай байж, олон улсын алан хядах үйл ажиллагаа, салан тусгаарлах хийгээд хэт үзлийг дэлгэрүүлэхэд чиглэсэн аливаа эрсдэлт байдлаас сэргийлэх бодлогын зорилтуудтай тодорхой хэмжээнд холбоотой.

    - Туркийн энэ бодлого дэлхийн болоод төв Азийн геополитикт ямар үр дүн бий болгох бол?

    - 1980-аад оны сүүл үеэс буюу ЗХУ задран унасны дараагаас Туркийн ерөнхийлөгч агсан Тургут Озалын удирдлага дор тус улс Каспийн тэнгис, Төв Азийн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогоо эрчимжүүлж, өөрийн өнгө аяс бүхий стратегийн зөөлөн хүч-пантуркизм буюу соёл, үндэс угсаа гарлын хувьд ижил төстэй, харилцан хамааралтай ард түмнүүдийг нэгтгэх бодлого явуулж эхэлсэн. Энэ нь Евразийн бүс нутаг шатрын нүүдлийн талбар болж эхэлснийг харуулж байлаа хэмээн зарим барууны судлаачид дүгнэсэн байдаг. ЗХУ задран унасан нь Турк улсад Грекийн эрэг орчмоос Хятад хүртэл долоон орныг хамарсан түрэг иргэншлийн сэргэн мандлын манлайлагч болох хосгүй боломжийг олгосон гэж барууны судлаач С.Хантингтон мөн үзсэн нь бий.

    Туркүүдтэй угсаа гарал, соёл, шашин шүтлэг нэгтэй Төв Азийн шинэ тулгар төр улсуудад анх байгуулагдсан цагаас нь эхлэн өөрийн төрийн үзэл суртлыг түгээн дэлгэрүүлэхээр Турк улс санаархаж, идэвхтэй ажиллаж эхэлсэн байдаг. Эдгээр орнуудад бараг бүгдэд нь шашнаас тусгаар, иргэний, гэхдээ нэг хүний өргөн эрх мэдэл бүхий засаглалтай, ганцаар захирах бүгд найрамдах төр тогтсон. Турк улс өөрийгөө Улс Төв Ази, Каспийн тэнгис, Кавказын тэнхлэгийн бүс нутаг дахь тогтвортой байдлыг бий болгох баталгаа болж чадахаас гадна Төв Азийн бүгд найрамдах улсууд болон Кавказын орнууд дэлхийн хамтын нийгэмлэгт зохистой байр сууриа олоход ч тодорхой үүрэг гүйцэтгэж чадах бололцоотой гэж үздэг. Энэ бүс нутгийн улс орнуудын хувьд магадгүй исламын шашинт цорын ганц түнш улс нь байх нөхцөл үүссэн, энэ байдал нь Бүгд Найрамдах Турк Улсын бүс нутагт нөлөөгөө тэлэх бодлогоо хэрэгжүүлэх суурь болсон байх талтай.

    - Манай хоёр орны харилцаа өнөөдөр чамалхааргүй түвшинд хүрсэн гэж хардаг. Мэдээж цаашдаа ч улам өргөжүүлэхэд анхаарах биз ээ. Ер нь ямар салбаруудыг түлхүү анхаарах нь зөв бэ?

    - Монгол, Турк хоёр орны гадаад бодлогын хэрэгжилтийн явц дахь хоёр талын найрсаг харилцаа нь 1995 оноос өргөтгөсөн түншлэлийн, 2004 оноос иж бүрэн түншлэлийн шатлалаар хөгжиж, 2013 оноос стратегийн түншлэлийн харилцаанд шилжих зорилт тавин хөгжиж байна. Энэ хугацаанд улс төр, батлан хамгаалах салбарын харилцаа, нийгэм, хүмүүнлэгийн салбарын харилцаа өргөжин хөгжиж байгаа. Тухайлбал батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт, түүний дотор цэрэг, хууль сахиулах, шүүх прокурор, цагдаа, аудит, статистик зэрэг төрийн удирдлагын янз бүрийн мэргэжлийн байгууллагууд хооронд шууд харилцаа тогтож, идэвхтэй хамтын ажиллагаа хөгжүүлж байна. Хоёр улс газарзүйн хувьд алслагдмал, далайн болон төмөр замын тээврийн боломж тааруу нь эдийн засгийн харилцаанд сул тал үүсгэдэг. Турк хүртэл авто замаар ачаа тээвэрлэхэд хугацаа их ордог, өртөг, эрсдэл өндөртэй. Агаарын тээврийн өртөг өндрөөс гадна хүчин чадал нэн хязгаарлагдмал. Турк, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа жилээс жилд бага боловч хөгжих хандлагатай явж ирсэн ч хөрөнгө оруулалт, гадаад худалдааны чиглэлийн боломжууд хүссэн хэмжээнд хүрч хөгжиж чадахгүй байна. Цаашид Орхоны хөндийд аялал жуулчлалын цогцолбор байгуулах талаар хоёр тал ярилцаж байгаа. Үүнийг хэрэгжүүлэх ажлыг хурдасгах нь чухал. Гэхдээ Туркийн иргэдийн очих дуртай Орхоны хөндий дэх Билгэ хаан, Культегин жанжны гэрэлт хөшөө хүртэл жижиг онгоц нисэхгүй байгаа. Улаанбаатараас машинаар явж, ирэхэд хоёр өдөр шаардагддаг зэрэг нь аялал жуулчлалын үйл ажиллагааг өргөтгөхөд саад болж байна.

    Дэлхийн аливаа улс оронд компани, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд шаардлагатай мэдлэг, мэдээлэл хийгээд материаллаг боломж бололцоо нэг дор байх нь чухал хэмээн үзэж байгаа. Ингэснээр шинээр гарах бүтээгдэхүүн үйлчилгээний эдийн засгийн үр ашиг, өртөг нь тодорхой болж эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах боломж бүрдэх юм. Энэ салбарт Бүгд Найрамдах Турк Улс сүүлийн 30 гаран жилийн турш томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, төр, засгийн түвшинд бодлогоор дэмжиж ирсэн нь Европын улс орнуудтай өрсөлдөхүйц түвшний ШУ, инновацийн төв, технологийн паркуудтай болоход чухал үүрэг гүйцэтгэсэн. Манай улс энэ чиглэлд тус улстай хамтран ажиллах, тэдний туршлагыг судлах, нэвтрүүлэх нь бусад салбарын хамтын ажиллагааны суурь үндэс болох юм.

    - Турк сургуулийн захирлыг тусгай үүргийн онгоцоор авч явах нь, авч явлаа гэх зэргээр шуугьж байсан цаг саяхан. Ер нь турк сургуулиудтай холбоотой асуудал юу болсон бэ?

    - Сүүлийн жилүүдэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй турк сургууль тодотголтой турк, монгол иргэд хамтран хөрөнгө оруулж байгуулсан Ерөнхий боловрсролын сургуулийн асуудал хоёр орны харилцааны тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Бүгд Найрамдах Турк улсын зүгээс турк сургуулиудын үйл ажиллагааг хаах хүсэлтээ зөвхөн Монгол Улс бус Төв Ази, Африкийн олон улсад хүргүүлсэн байдаг. Эдгээр сургуулиудын үйл ажиллагааг хаагаагүй нөхцөлд алан хядах үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг санхүүжүүлэгч мэт ойлгогдоно гэсэн Турк Улсын төр, засгийн албан ёсны байр суурь хэдий хурц боловч тодорхой түвшинд анхаарч үзэх ёстой асуудал юм. Цаашдаа эдгээр сургуулийн асуудлыг гадаад харилцааны шугамаар, Монгол Улсын ГХЯ-нд тавьж буй Туркийн Засгийн газрын саналыг сайтар судалсны үндсэн дээр, БШУЯ-ны холбогдох дүрэм, журам, стандартын дагуу шинэчлэн ажиллуулах, ингэхдээ эдгээр сургуульд суралцаж буй монгол сурагчдын эрх ашгийг үл хохироох нөхцөлтэйгөөр шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй.

Эх сурвалж: https://dnn.mn/


Бусад мэдээлэл