Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Б.Цэнгэллхам: Монгол, Вьетнамын харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэх боломжтойг илэрхийлсэн айлчлал боллоо
Б.Цэнгэллхам: Монгол, Вьетнамын харилцааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэх боломжтойг илэрхийлсэн айлчлал боллоо

    Тус хүрээлэнгийн ЭШАА, вьетнам судлаач, доктор (Ph.D) Б.Цэнгэллхамын "Өдрийн сонин"-нд өгсөн ярилцлага.
 

    - Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Вьетнам улсад айлчиллаа. Хоёр улсын Төрийн тэргүүн нар Монгол Вьетнамын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд хүргэхээр санал солилцжээ. Энэхүү айлчлал ямар онцлог, ач холбогдолтой болов?

    - Монгол, Вьетнамын харилцаа XIII зуунд, өөрөө хэлбэл Монголын Эзэнт гүрэн, Их Вьет улсын үеэс эхлэлтэй. Тусгаар тогтносон улс болох, тусгаар тогтнолоо хамгаалах, нутаг дэвсгэрийн бүрэн байдлын төлөө франц, хятад, америкийн эсрэг вьетнамчуудын явуулсан дайны үед, 1975 онд дайн дуусаж, нэгдсэн БНСВУ байгуулагдаж, БНМАУ, БНСВУ социалист орнуудын хамтын ажиллагаа социалист зарчмын дагуу эрчимтэй хөгжиж, сүүлдээ мухардалд орсон түүхийг бид бусдын хамт туулсан онцлогтой. 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор дипломат харилцаа тогтоосон манай хоёр орны харилцаа ард түмэн бие биеэ анх мэдэх болсноос хойш хүнд хэцүү үед тусалж, анд нөхрийн ёсоор харилцаж, харилцан ойлголцол, олон жилийн нөхөрлөлд тулгуурласан бат үндэс суурьтай, Монгол Улс, БНСВУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаг үеийн хандлагатай уялдан зохицож, шинэ агуулгаар баяжин хөгжиж өнөөдрийг хүрлээ.

    Монгол, Вьетнамын харилцааны түүхэн үйл явц эхнээсээ өнөөг хүртэл улс төрийн харилцаа давамгайлсан, түүнд тулгуурлан бусад салбар харилцаа үүсэж хөгжин, төлөвшиж иржээ.

    Ерөнхийлөгч бол хоёр орны харилцаанд улсаа төлөөлөх "нэг дэх хүн" учраас түүний айлчлал нь зиндаа, улс төлөөлөх эрх, ач холбогдлоороо харилцааны бусад субъектүүдээс хамгийн өндөр дээд зэрэглэлд хамаарагдана.

    Бүр анхны жилүүдээсээ эхлэн Монгол, Вьетнамын харилцаа хоёр улсын үе үеийн удирдагчдын анхаарлыг гүнзгий татаж, тэдний байнгын удирдлага дор хөгжсөн юм. Ялангуяа Ерөнхийлөгч Хо Чи Миний 1955 онд Монголд хийсэн айлчлал, МАХН-ын Намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалын 1959 онд Вьетнамд хийсэн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны суурийг тавьсан, ард түмний харилцаанд чин сэтгэлийн халуун дотно уур амьсгалыг бүрдүүлж өгснөөрөө түүхэн чухал ач холбогдолтой байсан хэмээн судлаачид үздэг.

    Улс төрийн харилцаанд 1954-1994 он хүртэл зөвхөн БНАВУ-ын, БНСВУ-ын ерөнхийлөгчид оролцож байсан онцлогтой. Харин 1994 оноос өнөөг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1994 онд, Н.Багабанди 2005 онд, Ц.Элбэгдорж 2013 онд БНСВУ-д, БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дык Лыөнг 2000 онд, Нгүен Минь Чиет 2008 онд, 2017 онд БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Ти Нгок Тинь Монгол Улсад тус тус албан ёсны айлчлал хийсэн байдаг.

    Яриа хэлэлцээр нь талуудын улс орныхоо хөгжлийн байдал, тулгамдсан асуудал, хэтийн төлөвийн тухай танилцуулга хийх, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн хандлагын талаар санал солилцох, олон улсын харилцан сонирхсон асуудлаар байр сууриа тодорхойлж, талууд харилцагч улсын хөгжил, ололт, амжилтад баяр хүргэж, цаашид тогтвортой хөгжиж чадна гэж итгэж байгаагаа илэрхийлэх нийтлэг зарчмын дагуу явагдаж ирлээ. Тухайлбал, Ерөнхийлөгч П.Очирбатын айлчлалын яриа хэлэлцээр нь талууд өөр өөрсдийн хөгжлийн сонголтыг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх, нэн тэргүүнд дагаж мөрдөх эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах, энэ үндсэн дээр зогсонги байгаа салбарын харилцааг богино хугацаанд сэргээн хэвийн горимд шилжүүлэх, дэлхий дахинд нааштай хандлага байгаа ч ээдрээтэй хэвээр байна. Энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалж, хамтран ажиллах уур амьсгалыг бэхжүүлэх зэрэг асуудалд анхаарал хандуулж байжээ. Ерөнхийлөгч Чан Дык Лыөнгийн айлчлалын яриа хэлэлцээр үндсэндээ харилцааны шинэ зарчим, чиглэлийг үндэслэн, хоёр талын чадавх, давуу талыг дайчлан хөрөнгө оруулалт, худалдааны шинэчилсэн эрх зүйн дагуу сэргэж эхэлсэн худалдааг эрчимжүүлэх, Монгол, Вьетнамын хооронд Хятадын нутгаар дамжин төмөр замаар бараа тээвэрлэхэд чиглэгдсэн онцлогтой байв. Ерөнхийлөгч Н.Багабанди, Ц.Элбэгдорж, Нгүен Минь Чиет нарын айлчлалын үеэр зохион байгуулагдсан яриа хэлэлцээр хамрах хүрээ, ач холбогдлоороо улс төрийн харилцаанд чухал байр суурь эзэлдэг юм.

    Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэхүү айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр, 2013 оноос хойш буюу 10 жилийн дараа Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Вьетнам Улсад хийгдсэнээрээ, мөн Монгол, Вьетнамын харилцаа, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын болон олон улс, бүс нутгийн түвшин дэх  хамтын ажиллагааны маш өргөн цар хүрээтэй асуудлаар харилцан ярилцсанаараа онцлогтой боллоо гэж харж байна. Хамгийн гол нь 2024 онд тохиох Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэн, хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурж, Хамтарсан мэдэгдэл гаргасан. Мөн манай хоёр орон НҮБ, АСЕАН болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх хүсэл эрмэлзлийг Вьетнам Улс үргэлжлүүлэн дэмжихээ нотолсноороо өндөр ач холбогдолтой юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийсэн энэхүү төрийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг улам бүр бэхжүүлэн, ирж буй он жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хэтийн төлөв, цаашдын замын зураглалыг тодорхойлоход чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байгаагаа талууд илэрхийлсэн нь харилцааны түвшнийг ахиулахад бодит хувь нэмэр орууллаа. Айлын тал ч манай ерөнхийлөгчийг дээд түвшинд хүндэтгэн хүлээн авсан нь энэхүү айлчлалын ач холбогдлыг өндөр өргөсөн, маш чухал айлчлал боллоо хэмээн судлаачийн хувьд баяртай байна.

    - Ер нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа өнөөдөр ямархуу үзүүлэлттэй байгаа вэ. Үүнийг аль, аль салбарт хөгжүүлэх өргөн боломж байна вэ?   

    - Өнгөрсөн хугацаанд БНСВУ аж үйлдвэржсэн, ЗӨА төдийгүй тив дэлхийд өөрийн байр сууриа баттай эзэлсэн орон болж чадсан байна. Сүүлийн арван жилд Вьетнамын эдийн засгийн өсөлт нь дэлхийд хамгийн өндөрт тооцогдож байгаа, дэлхийн 175 оронтой дипломат харилцаатай, 220 улс, бүс, эдийн засагтай гадаад худалдаа хийж, эдийн засгийн хамтын ажиллагаа явуулж байна.

    Сүүлийн үед БНСВУ-ын ДНБ 2,58 хувиар өсөж, экспорт, импортын эргэлт 660 тэрбум ам.долларт хүрч, Вьетнам Улс олон улсын худалдааны хувьд тэргүүлэх 20 эдийн засгийн нэг болсон бөгөөд манай хоёр орны худалдааны эргэлт жилд тогтмол өссөн үзүүлэлттэй гарч байна. 2021 онд 80,2 сая ам.доллар, 2022 онд 85 сая ам.доллар байсан бол 2023 оны эхний хагасын байдлаар 45 сая орчим ам.доллар болсон бөгөөд энэ оны сүүл гэхэд 100 сая ам.долларт хүргэх зорилт биелэх магадлал өндөр байна. Худалдааны бүтцээр авч үзвэл, экспортод гянтболд буюу вольфрам, молбидений баяжмал, хагас боловсруулсан арьс шир, шевро, хүнсний бүтээгдэхүүн, малын гаралтай дайвар бүтээгдэхүүн, импортод хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн, эм, эмийн бүтээгдэхүүн, ахуйн бараа, цахилгаан бараа, машин механизмын сэлбэг хэрэгсэл, цагаан будаа, угаалгын бодис зонхилж байна.

    Вьетнам улс нь дэлхийн цагаан будааны зах зээлд хамгийн их будаа нийлүүлэгч таван улсын нэг бөгөөд 29 улс, нутаг дэвсгэрт экспортолдог аж. 2023 оны 9-р сарын байдлаар нийт 5,02 сая тонн (өмнөх оны мөн үетэй харьцуулахад 19 хувиар өссөн) экспортолсон байна. Цагаан будааны экспортын нийт борлуулалт нь 2,44 тэрбум ам.доллар (өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 хувиар өссөн) болжээ. 2022 онд 6,3-6,5 сая тонн буюу 2021 оноос 0,2 сая тонн цагаан будаа илүү экспортолно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

    2021 онд дэлхийн цагаан будааны экспортын 40 хувийг эзэлж байсан Энэтхэг улс  2022 оноос экспортдоо хориг тавьсан, Хятад 6 сая тонн экспортлохоор төлөвлөсөн нь Вьетнамд ихээхэн боломжийг бий болгож байна. Гол импортлогч нь Филиппин.

    Харин манай улс 2021 онд Вьетнамаас 25 мянган тонн буюу зах зээлийн 41 хувийг эзлэх хэмжээний цагаан будааг импортолжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 16 хувиар өссөн үзүүлэлт юм. Эндээс манай цагаан будааны зах зээлийн эрэлт хэрэгцээг вьетнамын будаагаар хангах боломжтой болох нь харагдаж байна. Үүний тулд тээврийн асуудлыг бүрэн шийдэх шаардлагатай юм. Монгол-Вьетнам хоёр орны хооронд худалдааг хязгаарлаж буй хамгийн том хүндрэл нь ачаа тээврийн холболтын асуудал. Өнөөдрийг хүртэл бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт голчлон БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замд тулгуурлан, тээвэрлэлтийн хэмжээ болон зөвшөөрөгдөх хэмжээ хязгаарлагдмал байсаар ирсэн.

    Худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комисс 1979 онд байгуулагдсан. Засгийн газар хоорондын комиссын XVIII хуралдаан нь 2022 оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо болсон ба хуралдааны хүрээнд талууд хоёр улсын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, байгаль орчин, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлал, зам тээвэр, хөдөлмөр, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд Комиссын XIX хуралдааныг 2024 онд Ханой хотноо зохион байгуулахаар тохиролцсон байдаг.

    Манай Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлал нь эртний түүхэн улбаатай, “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан өргөжин бэхжиж ирсэн харилцааг цаашид хоёр орны онцлог, нөөц бололцоонд тулгуурлан хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлснээрээ ач холбогдолтой боллоо.

    - Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнамд хийсэн төрийн айлчлалын үеэр талууд нэлээд олон баримт бичигт гарын үсэг зурлаа. Үүний үр дүнг та судлаачийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

    - Хоёр орны харилцааны хөгжлийг урагшлуулахад төрийн өндөр, дээд хэмжээний айлчлал, яриа хэлцэл, байгуулсан баримт бичгүүд тэргүүн зэргийн ач холбогдолтой байдаг. Тухайлбал, 1994 онд Ханой хотод Ерөнхийлөгч П.Очирбат, Ле Дык Ань нарын гарын үсэг зурсан "Монгол, Вьетнамын хамтарсан тунхаглал" нь хоёр орны харилцааны хоёр дахь, хоёул Ханой хотод, анх удаа хоёр ерөнхийлөгч улсаа төлөөлж гарын үсэг зурсан түүхэн ач холбогдолтой тунхаглал бөгөөд энэ үед Вьетнам улсын Засгийн газар тус хоёр орны хоорондын худалдааны тэнцлийн зөрүү 400 мянган шилжих рублийн Монголын талын өрийг хүчингүй болгож, Монгол, Вьетнамын хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан нь харилцааг сэргээн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.

    БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дык Лыөнг 2000 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр шинэчлэн байгуулсан “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” нь харилцаа, хамтын ажиллагааны гурав дахь, одоо хүртэл мөрдөгдөж байгаа ач холбогдлоороо онцлог юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНСВУ-д хийсэн төрийн айлчлалын хүрээнд “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Мэдээлэл солилцоо болон цагаачлалын менежментийн тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Үндэстэн дамнасан мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх тухай Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Стратеги судалгааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Нийгмийн аюулгүй байдлын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”, “Цагаан будааны худалдааны тогтвортой байдлын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т тус тус гарын үсэг зурж, Хамтарсан мэдэгдэл гаргасан.

    Эдгээр баримт бичгүүдийн зарим ач холбогдлыг дурдвал, “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд, “Цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай санамж бичиг” нь цаашид Вьетнамаас импортлох цагаан будааны чанарыг сайжруулах, худалдааны тогтвортой байдлыг хангахад, мөн Монголоос Вьетнамд экспортлох хонь, ямааны махны олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загварын тухай баримт бичиг нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт талууд бүрэн дүүрэн санал нэгтэй байна.

    - Монгол Вьетнамын бизнес форум болж байгаа харагдсан. Ер нь хоёр улсын бизнесийн салбарынхны харилцаа холбоо ямар байдаг вэ. Вьетнамчууд Монголоос юу юу авах сонирхолтой байдаг вэ?   

    - Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын хүрээнд Монгол Улсаас БНСВУ-д суугаа Элчин сайдын яам, Вьетнамын Аж үйлдвэр, худалдааны яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Вьетнамын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хамтран Бизнес форум зохион байгуулсан бөгөөд тус форумд монголын талаас 70 гаруй, вьетнамын талаас 80 гаруй, нийт 200 орчим төлөөлөгч оролцлоо гэсэн мэдээ байна.

    БНСВУ-ын Шадар сайд Чан Лыү Куанг форумыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал, Бизнес форумын өргөн оролцоо нь хоёр талын улс төрийн харилцааг эдийн засгийн хамтын ажиллагаа болгон өргөжүүлж, харилцааны цоо шинэ хуудас нээж байгааг онцлон тэмдэглэсэн байна.

    Монгол, Вьетнамын бизнес форумыг хамтран зохион байгуулж, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлэх нь худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой, хоёр улсын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, жижиг, дунд үйлдвэрлэлийн хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагаанд төр, засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

    Манай орны мал аж ахуйн түүхий эдийн нөөц болох хонь, ямаа, үхэр, адууны арьс, ширийг Вьетнамын дэвшилтэт техник технологитой хослуулан боловсруулах, мөн малын мах, махан бүтээгдэхүүн бэлтгэн экспортлох, далайд гарцгүй Монгол Улс нь төмөр зам, авто зам болон агаарын тээврийн салбарын хамтын ажиллагааг гуравдагч хөрш орнуудтай өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой, хоёр талын аж ахуйн нэгжүүд хамтран карго, тээвэр ложистикийн шинэ шийдлүүдийг хайх сонирхолтой байгааг нээн илрүүлснээрээ онцлогтой.

    БНСВУ-ын хэмжээнд 61 муж, хотод нийт 563 аж үйлдвэрийн парк байгуулахаар төлөвлөснөөс 2023 оны байдлаар 397 аж үйлдвэрийн парк байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж байна. Энэхүү туршлагаас бид өөртөө тохирохыг судлан авч хэрэгжүүлбэл зохилтой болов уу.

    - Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар хоёрын улсын хооронд шууд нислэг хийх боломж бүрдлээ. Хэзээнээс хэрэгжих бол. Шууд нислэгтэй болсноор манай эдийн засагт хэрхэн үр өгөөжөө өгөх вэ?
    Бизнес форумын үеэр Вьетнамын Вьет-Жет авиакомпани Нячанг-Улаанбаатар-Нячанг чиглэлийн нислэг үйлдэхээр болов. Уг нислэг нь 2023 оны 12 дугаар сарын 15-наас эхлэн тогтмол давтамжтайгаар хийгдэхээр боллоо. Энэ үйл явдал нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар зорчигч, ачаа тээврийг хослуулан хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, иргэдийн харилцан солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсоны үндсэн дээр хэрэгжиж буйгаараа онцлогтой юм. Шууд нислэг нь хоёр орны иргэд, бизнес эрхлэгчдийн хувьд зах зээлийн бодит нөөц бололцоог судлах гэх мэтээр хамтран ажиллах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд ихээхэн үр өгөөжтэй болно хэмээн харж байна.
    - Монгол, Вьетнам нь олон улсын тавцанд хамтарч ажиллаж буй байдлыг та юу гэж хардаг вэ?   

    - НҮБ-д манай улс 1961 онд, Вьетнам улс 1977 онд элсэж дэлхийн улс төр, эдийн засаг, соёл, аюулгүй байдлын асуудлаар манай хоёр орон хамтдаа олон улсын олон талт хамтын ажиллагаанд оролцож дэлхий дахинд болон бүс нутгийн бодлого, харилцаанд байр сууриа бэхжүүлж чадсан болно.

    Монгол Улс, БНСВУ Ази тивийн Зүүн өмнөд Ази, Зүүн, Зүүн хойд Ази, Төв Азийн интеграцийн механизмд, тив дамнасан Ази, Номхон далайн бүс нутгийн интеграци, Зүүн өмнөд Ази (Ази тив) Европ тив дамнасан интеграцийн механизмуудад нэгдэн орж, үйл ажиллагаанд нь оролцож байгаа онцлогтой орнууд билээ.

    Монголчууд 1987 оноос АСЕАН-ыг мэдэх болж, манай төр засаг, ялангуяа олон улс судлаачид, эрдэмтэд энэхүү олон талт хамтын ажиллагааны үр дүн, ач тус, болзошгүй сөрөг үр дагаврыг судалсаар ирлээ. БНСВУ 1995 онд АСЕАН-ы гишүүн орон болсноор Вьетнамын хөгжил, тогтвортой байдалд эрс өөрчлөлт гарлаа. Вьетнам улс социалист орон хэвээрээ байгаа ч нээлттэй эдийн засгийг байгуулах, бүс нутгийн болон олон улсын олон талт хамтын ажиллагааны механизмуудтай нэгдэх үйл явцын зөв бодлого, хөгжлийн өвөрмөц загварыг хэрэгжүүлж байна. БНСВУ-ын нэр хүнд богино хугацаанд өсөж эдгээр байгууллагын шийдвэр гаргахад гол нөлөөтэй орны нэг болж чаджээ.

    Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн интеграцид АСЕАН-аар, түүний гишүүн орнууд, түншүүдтэй олон талт харилцаагаар дамжуулах замаар өөрийн орны аюулгүй байдлаа хангаж, тогтвортой хөгжилд хүрэхийн тулд нэгэнт эхлүүлсэн уламжлалт боломжийг сайтар ашиглах шаардлагатай болж байна.

    Дэлхийн эдийн засгийн хүчний төв бидний оршин буй бүс нутагт шилжин ирж байгаа энэ үед Монгол Улс хоёр хөрш орноос гадна иж бүрэн түншлэлийн харилцаатай, стратегийн түншлэлийн харилцаатай гуравдагч хөрш орнууд нэгдэн орсон олон талт хамтын ажиллагааны байгууллагад элсэх нь жижиг орны стратегийн ашиг сонирхолд бүрэн нийцнэ гэж бид үзэж байна.

    Монгол Улсын Засгийн газар АПЕК-ийн зорилго, зарчмыг хүлээн зөвшөөрч 1993 онд хамтран ажиллах, улмаар гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор анх удаа илэрхийлснээ өнөөг хүртэл улс төр, дипломатын янз бүрийн түвшинд нотолсоор байгаа нь өнөөдөр хүчин төгөлдөр байна. Үүнийг дэмжсэн бидний байр суурь ч мөн адил хэвээр байгаа.

    Монгол Улс АСЕАН-ы гишүүн орнуудтай хоёр талын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх үндсэн дээр АПЕК-д элсэх зорилтдоо тэдний дэмжлэгийг бодитоор авахыг эрмэлзэх нь оновчтой зөв арга, тактик байх болно. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын АПЕК-д элсэхэд дэмжлэг авах хамгийн үр ашигтай хувилбарын нэг нь БНСВУ-ын суваг мөн хэмээн судлаачийн хувьд үздэг.

Эх сурвалж: Өдрийн сонин, 2023 оны 11 дүгээр сарын 07, Мягмар, №210 (7330)


Бусад мэдээлэл