Вэбсайтын цэс
Хэлний сонголт
И.Энхболд: Геополитикийн нөхцөл байдлаас үүдэн дэлхий нийт манай улсыг урд өмнөхөөсөө илүү анхаарах боллоо
И.Энхболд: Геополитикийн нөхцөл байдлаас үүдэн дэлхий нийт манай улсыг урд өмнөхөөсөө илүү анхаарах боллоо

  • Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын ЭШАА И.Энхболдын "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлага

  •   
  • - Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сая Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулганд оролцоод ирлээ. Манай улсын хувьд Ерөнхий сайдын түвшинд 20 жилийн дараа оролцож байгаа гэдгээрээ нэлээд ач холбогдол өгсөн. Энэ удаагийн чуулганы онцлог юу байв?   

    - Энэ удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулган “Итгэлцлийг дахин төрүүлэх” хэмээх урианы дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Өнөөгийн геополитикийн хурцадмал нөхцөл байдалд зөвхөн урилгаар оролцдог чуулганд бид энэ удаа урилга хүлээн авч оролцож байгаагаараа чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Зөвхөн уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах бус эрчим хүч, аялал жуулчлал зэрэг салбарыг онцгойлон авч үзэж байгаа бөгөөд Ерөнхий сайдын хувьд олон уулзалт хийж, олон асуудлын шийдлийг богцондоо авч ирсэн гэж найдаж байна.  

  •     - Энэ жилийн Давосын чуулганы онцлог юу байв?   

    - Чуулганыг олон улсын хэмжээнд дөрвөн гол асуудал дээр төвлөрч байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, Удирдагч нар “хамт татах” буюу хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг онцолсон. Тухайлбал, Мягмар гарагийн өглөө Дэлхийн эдийн засгийн форумын тэргүүн Борге Бренде геополитик, гео-эдийн засгийн нөхцөл байдал ээдрээтэй байгааг дахин санууллаа.
Лхагва гарагт НҮБ-ийн ЕНБД Антонио Гутерриш дэлхийн засаглалын тогтолцоонд шинэчлэл хийхийг уриалсны дагуу уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухаан зэрэг дэлхийн геополитикийн хуваагдлыг бид зөвшөөрөх ёсгүй гэж анхааруулав. Өөрөөр хэлбэл дэлхийн удирдагчид геополитикийн асуудлыг шийдэх боломжтой гэдгийг уриалж, анхааруулж, энх тайванд хүрэх арга замыг хайж байна. Түүнчлэн хиймэл оюун ухаан, квант компьютер, цаг агаарын өөрчлөлт, эрчим хүч, соёл болон бусад олон тулгамдаж буй салбарын талаар хуралдлаа. Хоёрдугаарт, Энэ үеэр дэлхийн удирдагч нарын нэг онцлох сэдэв бол бодлогын хүү, инфляц байлаа. Европын төв банкны ерөнхийлөгч дэлхийн эдийн засгийг хэвийн бус байдал руу шилжиж байгааг анхааруулсан бол Дэлхийн эдийн засгийн форумын зүгээс тогтвортой, тэнцвэртэй үйлдвэрлэл дахь өсөлтийн шинэ загварыг танилцуулсан. Дэлхий дахин баялгийг тэгш хуваарилахын зэрэгцээ хиймэл оюун ухаан, дижитал технологийг дэлхий нийтээр тэгш хэрэглэх тал дээр анхаарал хандуулж байна. Ирээдүйн дэлхийн эдийн засагт шинэ ажлын байр, ажиллах хүчний шинэ ур чадвар зайлшгүй шаардлагатай тул одоогоос бэлдэх нь чухал болоод байгаа талаар ярилцлаа. Гуравдугаарт, хиймэл оюун ухаан нэг талаар боломж олгож байгаа ч нөгөө талаар хяналтаас гарах, эсвэл муу хүмүүсийн гарт орох аюул тулгарч болзошгүй.

    Хүн төрөлхтөн юу хүсэж байгааг хүн төрөлхтөн өөрсдөө мэнднэ. Open AI компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман чуулганы үеэр хэлсэн үгэндээ “Хүн төрөлхтөн цаашид илүү өндөр технологийг эзэмших шинэ эрин үеийн босгон дээр ирээд байна. Харин бид өөрсдөдөө анхаарал хандуулсан хэвээр байна” хэмээжээ.

    Дөрөвдүгээрт, Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний шинэ системийг бий болгох дэлхий нийтийн яаравчлан шийдэх ёстой асуудал юм. Ихэнх оролцогсдын хэлж байгаагаар “бидэнд технологи байгаа ч үүнийгээ ашиглаж чадахгүй байна, шуурхай зохион байгуулалтад орж, хурдан хэрэгжүүлэх ёстой” хэмээжээ.    

  •     - Ерөнхий сайдын хувьд чуулганы үеэр нэлээд олон орны төр, засгийн тэргүүнүүдтэй уулзаж байгаа харагдсан. Ер нь  гаруй уулзалт товлогдсон тухай мэдээлж байна. Манай улс тэдний сонирхлыг юугаараа татаж чадав?

    - Өмнө нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татах талаар ихэнхдээ ярилцдаг байсан бол энэ удаа аялал жуулчлал, худалдаа, эдийн засаг зэрэг олон салбарыг хамарсан илүү өргөн хүрээний айлчлал боллоо гэж харж байна. Геополитикийн нөхцөл байдлаас үүдэн дэлхий нийтийн анхаарал манай улс дээр урьд өмнөхөөс илүү анхаарал хандуулах боллоо. Энэ бол бидний алтан боломж байх болно. Бид энэ боломжийг ойрын жилүүдэд хамгийн дээд зэргээр ашиглах ёстой. Энэ удаагийн Давосын чуулган бидэнд боломж олгоод зогсохгүй олон үүд хаалга нээж өгсөн гэдэгт итгэж байна. 2024 онд олон улсын чуулга, уулзалтууд олон болох төлөв ажиглагдаж байна. Манай улсын зүгээс боломж бүрийг бүү алдаасай гэж хүсэж байна.   

  •     - Дайнаас үүдэлтэй дэлхийн эдийн засаг ямар байх бол?

    - Сан Францискод болсон АНУ, Хятадын төрийн тэргүүн нарын уулзалтын дараагаас дэлхий хоёр туультай болох нөхцөл бүрдсэн. Дэлхийн геополитик болон гео эзийн засгийн хямралыг энэ хоёр их гүрнээс өөр шийдвэрлэж чадах хүчин үгүй боллоо. Энэ онд болох АНУ-ын сонгуулиар Д.Трамп сонгогдвол дэлхийн өнөөгийн нөхцөл байдал орвонгоороо өөрчлөгдөх дүр зураг ажиглагдаж байна. Нөгөө талаар Хятад улс батлан хамгаалах зардлаа нэмэж байна, Өвөр Монголоос цэрэг татах ажиллагааг эхэлсэн сурагтай. Тайвантай дайн хийхээр бэлтгээд байна уу гэх хардлага төрсөн. Хэрэв Тайвантай дайн хийвэл дэлхийн гуравдугаар дайн эхлэх магадлал өндөр. Миний бодлоор Украйныг бодвол Тайвань бол аварга загас юм. Өндөр технологи дээр суурилсан дэлхийн эдийн засаг энэ арлаас ихээхэн хамааралтай болсон. Дээр нь саяхан болж өнгөрсөн Тайваний ерөнхийлөгчийн сонгуулиар Тайваньчууд ардчилалд итгэж байгааг харууллаа. Энэ жил 60 гаруй улс ерөнхийлөгчийн болон парламентын сонгуультай. Цаашид ардчилсан дэглэм ноёлох уу авторитар дэглэм ноёлох уу гэдгийг эдгээр сонгуулиас ажиглаж болно.

    - Манай улсад хэрхэн нөлөөлөх бол?

    - Ер нь дэлхийн эдийн засаг хямрах тусам алт, зэс, төмөр болон бусад ашигт малтмалын үнэ өсдөг. Энэ утгаараа манай эдийн засагт эерэг нөлөөтэй байж болох ч хөрөнгө оруулалт, мөнгөний шилжилт хөдөлгөөн зогсдог тул сөрөг талтай байж болно. Гэхдээ манай улсад эерэг тал илүү давамгайлна гэдэгт итгэлтэй байна.


Эх сурвалж: Өдрийн сонин. 2024.01.30, №020(7386)


Бусад мэдээлэл