Тус хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Э.Мөнхзулын "Өдрийн сонин"-д нийтлэгдсэн ярилцлага.
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Зүүн өмнөд Ази руу чиглэсэн төрийн айлчлал Лаос улсад үргэлжиллээ. Монгол Лаосын түүхэн уламжлалт харилцааны талаар эхлээд сонирхуулахгүй юу?
- Аливаа улс орнуудын хооронд дипломат харилцаа тогтооход юуны өмнө, тухайн үед бүрэлдсэн гадаад, дотоод орчин, тухайлбал, олон улсын нөхцөл байдал, тухайн орны хэрэгжүүлж буй гадаад, дотоод бодлогоос шууд хамаарч харилцаа тогтоох хүсэл, сонирхол урган гардаг.
Өнөөгийн Лаосын анхны вант улс манай эриний өмнөх VIII зууны үед үүсэн байгуулагдсан хэмээн түүх сударт тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Лаосын их хаан Фа Нгум XIII зуунд тархай бутархай олон аймгийг нэгтгэн Лансангийн (сая зааны) вант улсыг байгуулснаар өнөөгийн Лаос улсын эх үндсийг тавьсан хэмээн үздэг байна.
Лаос улс тусгаар тогтнолоо бататгах, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж, хадгалан үлдэхийн төлөөх урт хугацааны хүнд тэмцлийн жилүүдэд гадаад орчинд шинэ түншүүдийг эрэлхийлж байсан юм.
Энэ цаг үед БНЭУ-д суугаа Монголын Элчин сайдын яам Дели дахь Лаосын Элчин сайдын яамны дипломатуудтай анх удаа дотно холбоо тогтоож, улмаар 1958 онд БНМАУ-ыг ЮНЕСКО, АНДЭЗНК гишүүнээр элсэхэд дэмжиж өгөхийг Лаосын Засгийн газарт хүсэлт болгож байсан явдал нь харилцааны эхлэл тавигдах оролдлогуудын нэг байв.
Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэнд нэн чухал үйл явдал болж, 1961 оны 10 дугаар сард НҮБ-ын гишүүн болсон билээ. Лаосын вант улс БНМАУ-ыг НҮБ-д элсэхэд тууштай дэмжсэн нь манай хоёр орон нэг нэгийгээ харилцан дэмжиж ирсэн уламжлалт харилцааны суурь тавигдсан гэж үзэж болохоор байна.
Ийнхүү манай хоёр орны хувьд дипломат харилцаа тогтоох сонирхол давхцаж, гадаад ба дотоод орчин бүрэлдээд байсан үед буюу 1962 оны 9 дүгээр 12-нд БНМАУ, Лаосын вант улсын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоож, Элчин сайдын түвшинд дипломат харилцаа тогтоосон юм. Мөн оны 12 дугаар сарын 3-нд БНМАУ-ын Засгийн газар БНАВУ-д суугаа Элчин сайд Дэндэвийн Цэрэндоржийг Лаосын вант улсад хавсран суух Элчин сайдаар тохоон томилохоор түүний агреманыг Ханойд суугаа Лаосын Эдийн засаг, соёлын төлөөлөгчийн газраар уламжлан тавьж, 1963 оны 2 дугаар сард зөвшөөрсөн хариуг Лаосын талаас хүлээн авчээ. Удалгүй 1963 оны 5 дугаар сарын 14-нд Элчин сайд Д.Цэрэндорж Лаосын Цог жавхлант ван Шири Саванг Ваттаханд итгэмжлэх жуух бичгээ барьсан түүхтэй.
Манай талаас 1994 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2005 онд Ерөнхийлөгч Н.Багабанди Лаост, Лаосын талаас 1980 онд Ерөнхийлөгч Суфанувонг, 1985 онд Ерөнхийлөгч Суфанувонг, 2007 онд Ерөнхийлөгч Чуммали Саяасон манай улсад тус тус айлчилсан байдаг.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал хувь нэмэр оруулахуйц, улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон, чухал ач холбогдолтой боллоо гэж харж байна.
- Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар талууд ямар, ямар тохироонд хүрэв. Хэд хэдэн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байгаа харагдсан. Үүний ач холбогдол цар хүрээг нь хэрхэн харж байна вэ?
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурсан байна. Тухайлбал, “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон карго тээврийн хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Зүүн өмнөд Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломж бүрдэнэ. “Мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хооронд мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд болон мал, амьтны эм бэлдмэл, тэжээл зэрэг бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох болон дамжин өнгөрүүлэх явцыг хурдасгаж, мал эмнэлэг, мал амьтны хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчилнө. “Ургамал хамгаалал, хорио цээрийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээр”. Ингэснээр ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хөнөөлтэй хортон шавж хоёр улсын нутаг дэвсгэрт тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах болон хоёр улсын хоорондын ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үрийн худалдааг хөнгөвчлөх боломж бүрдэнэ. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хооронд хамтран ажиллах санамж бичиг”. “Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын яам хоорондын хэлэлцээр”. Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын хооронд тогтвортой аялал жуулчлалын ач холбогдол, аялал жуулчлалын хөгжлийн байгаль орчин, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлыг олон улсын хамтын ажиллагаа, хоёр талын зохицуулалтын үйл ажиллагаагаар шийдвэрлэх замаар үр дүнтэй, урт хугацааны шийдэл эрэлхийлэх, мөн тогтвортой аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих зорилготой. “Байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Байгалийн нөөц, байгаль орчны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”. Санамж бичгийн хүрээнд талууд агаарын бохирдлыг бууруулах, экосистемийн нөхөн сэргээлт болон ойн тогтвортой менежмент зэрэг байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хөтөлбөрийн нарийвчилсан санал, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран тохирох нөхцөл бүрдэнэ. “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёлын яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”. Ингэснээр талууд соёл, урлагийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, кино үзвэр зохион байгуулах, дурсгалт зүйлсийг хадгалан хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн засварлах чиглэлээр хамтран судалгаа хийх зэрэг соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар хоёр улсын иргэд хоорондын соёлын солилцоо, харилцааг өргөжүүлэх боломж бий болно.
- Лаос улс нь бүс нутагтаа далайд гарцгүй цорын ганц орон. Тус улс эдийн засгийн хувьд ямархуу үзүүлэлттэй байдаг вэ?
- Газар нутгийн ихэнх хэсэг нь ойгоор хучигдсан уул нуруудтай. Нийт газар нутгийн гуравны хоёр нь уулархаг. Луан Прабан (баруун талд), Аннамын (Вьетнамтай залгаа зүүн тал) нуруудтай, хамгийн өндөр цэг болох Поу Биа уулын орой д.т.д 2,818 м хүрдэг. Зүүн өмнөд Азийг усаараа ундаалдаг Меконг мөрөн Лаосын нутгаар 1835 км газраар урсаж өнгөрдөг. Нийт нутаг дэвсгэрийн 47 хувь буюу 11 сая га талбайг ой мод эзэлдэг бөгөөд түүний гурван сая га–д улаан, хар, ягаан царс, суман полисандр зэрэг сайн чанарын болон үйлдвэрлэлийн үнэт мод ургадаг. Эмийн төрөл бүрийн ургамал ихтэйн дээр заан, бар, баавгай, эрээн гөрөөс зэрэг халуун орны зэрэг ан амьтан элбэг.
Жилийн 5-аас 10 дугаар сарын хооронд борооны улирал буюу зун, 12-аас 4 дүгээр сарын хооронд хуурай улирал буюу өвөл тохиодог. Лаос нь голдуу бүртгэлийн зорилгоор нутгаа өмнөд (урд), дундад (төв), умард (хойд) гэж гурав хуваан бүсчилдэг.
Алт, мөнгө, зэс, цагаан, хар тугалга, цайр, төмөр, хүхэр, нүүрс, цэхэр индранил зэрэг үнэт, хагас үнэт чулуу болон барилгын материалын түүхийн эдийн арвин нөөцтэй улс.
Лаосын эдийн засаг үндсэндээ хөдөө аж ахуй дээрээ суурилдаг. XX зуунаас хойш гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжаас хамааралтай.
1976 оноос социалист эдийн засгийн журамд орсон бол 1986 онд төрийн оролцоог танаж, хувийн хэвшлийг зөвшөөрчээ. 1980 он гэхэд Лаосын Засгийн газар илүү прагматик бодлого баримталж эхэлсэн бөгөөд 1986 онд чөлөөт зах зээлд чиглэсэн шинэчлэлүүдийг хийсэн. Түүнээс хойш төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зэрэгцэн ажиллаж гадаад хөрөнгө оруулалт нэмэгдсэн.
Худалдааны гол түншүүд нь Тайланд, Вьетнам, Хятад, Малайз зэрэг улсууд юм. Гадаад худалдааны эргэлтийн 60 хувь нь Тайландад, 25 хувь Вьетнамд, 10 орчим хувь нь Хятадад, үлдсэн хувь нь бусад орнуудад ноогддог.
Лаосын эдийн засаг 20-иод жилийн хугацаанд жилд дунджаар 7%-иар өссөн буюу тогтмол өсөлтийг үзүүлж ирсэн. 2012 оноос хойш эдийн засгийн өсөлт аажмаар буурсан. Энэ нь COVID-19 тахлын үеэр илүү тод илэрч, Лаос улс гаднын нөлөөнд хэт өртөмтгий эмзэг болсон. Засгийн газар вирусийг дарахын тулд шийдэмгий алхам хийсэн боловч ажлын байр, амьжиргаагаа алдахад хүргэж, гадаад валютын орлогыг бууруулсан. 2023 оны 5 дугаар сарын байдлаар инфляц өмнөх оны мөн үеийнхээс 40%-иас давсан үзүүлэлттэй байна.
Зээл, тусламжийн хувьд нэг жилд дунджаар 390 сая ам. доллар. Гол хандивлагчид нь Япон, Франц , БНСУ юм. Францын тал Лаост бүх салбарт шууд болон шууд бус замаар хөрөнгө оруулалт хийх, тусламж үзүүлэх талаар идэвхтэй ажиллаж байна. Япон улс жил бүр 100 гаруй сая ам. долларын зээл тусламж үзүүлдэг.
- Ингэхэд манай хоёр улсын эдийн засгийн харилцааг хэрхэн шинэ шатанд хөгжүүлэх боломжтой вэ?
- Манай хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа улс төрийн хамтын ажиллагаатай харьцуулахад хангалтгүй байна. Тухайлбал, худалдааны эргэлт 2021 онд 172,2 мянган ам.доллар, үүнээс экспорт 1.82 мянган ам.доллар, импорт 170.46 мянган ам.доллар байсан бол 2022 онд буурч 45,6 мянган ам.доллар, экспорт байхгүй, импорт 45,6 мянган ам. доллар байсан.
Манай улсаас 1977 оноос Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр лаосын 130 гаруй оюутан анагаах ухаан, хөдөө аж ахуй, хэл зүй, түүхийн мэргэжлээр манай улсын их, дээд сургуульд суралцаж төгссөн. Мөн 1984 онд Монгол Улс Лаост хүн эмнэлгийн 60 ортой “Лаос, Монголын Найрамдал” эмнэлэг, 200 хонь, ямааны аж ахуйг 13.1 сая төгрөгт (тухайн үеийн ханшаар) багтаан буцалтгүй тусламжаар байгуулсан нь одоог хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
- Бид Лаосоос ямар төрлийн бараа бүтээгдэхүүн авах боломжтой вэ? Мөн тэд Монголоос юу авахыг сонирхож байгаа юм бол?
- Манай хоёр улс хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай хүнсний экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг онцлогтой учраас энэ давуу талаа ашиглан монголоос арьс ширэн бүтээгдэхүүн, хонь, ямааны гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн, хивс, малын эм, вакцин, лаосаас барилгын модон хийц, цагаан будаа, элсэн чихэр, цай, кофе, жимс жимсгэнэ нийлүүлэх сонирхолтой.
Цаашид экспорт, импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хоол, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хоорондын хэлхээ холбоог дэмжиж ажиллах тал дээр хоёр улс хамтарч ажиллах боломжтой боллоо.
- Ерөнхийлөгчийн Лаос улсад хийсэн айлчлалыг судлаачийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ. Бид ямар үр дүн хүлээж болох вэ?
- Өнгөрсөн 60 жилийн харилцаанд түүхэн сургамж, тулгамдсан асуудлууд багагүй байлаа. Юуны өмнө бодит хүчин зүйл, тухайлбал, хил залгаа орны хувьд Хятад, Вьетнамын нутгаар дамжуулан тээвэр хийх, олон улсын төмөр замын сүлжээ, ложистикийн төвүүдээс алслагдмал байршилтай, сул хөгжсөнтэй холбоотой. Мөн улс дамнасан тээвэр, импорт, экспортын тарифын хөнгөлөлтийн асуудал бүрэн шийдэгдээгүй өнөөг хүрсэн юм. Энэ нь худалдаа, эдийн засаг төдийгүй бусад салбар харилцаа сул, зарим харилцаа огт хөгжөөгүйн гол шалтгаан хэмээн үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНАЛАУ-д хийсэн энэхүү төрийн айлчлал манай гадаад бодлого, харилцааны түүхийн салшгүй нэгэн хэсэг болохын хувьд Монгол, Лаосын харилцаа, хамтын ажиллагааг бүс нутагт чиглэсэн цаашдын хэрэгжилтэд тусгалаа олоход чухал хувь нэмэр оруулахуйц айлчлал боллоо хэмээн харж байна.
Эх сурвалж: Өдрийн сонин, 2023 оны 11 дүгээр сарын 09, Пүрэв, №212 (7332)