ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Гуравдагч хөрш орон судлалын салбарын судлаач Д.Мягмарын “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлага
- Таны харж байгаагаар энэ сонгуулийн гол онцлог нь юу байна вэ?
- БНСУ нь олон намын системтэй ч өмнөх сонгуулийн гол өрсөлдөөн нь Ардчилсан нам болон консерватив чиг баримжаа бүхий Ард түмний хүч намуудын хооронд явагдсаар ирсэн. Энэ намууд нь тус бүр 4 сая гаруй гишүүдтэй. Бусад жижиг намууд нь харьцангуй цөөн гишүүдтэйн дээр улс төрийн үүрэг оролцоо харьцангуй бага байдаг онцлогтой. Одоогийн Ерөнхийлөгч Юн Сок Ёль нь эрх баригч Ард түмний хүч намаас нэр дэвшиж сонгогдсон. БНСУ нь ерөнхийлөгчийн засаглалтай учир Ард түмний хүч нам нь өмнөх сонгуулиар парламентад гол өрсөлдөгч Ардчилсан намаас 30-аар цөөн суудал авсан ч эрх баригч нам болсон.
Тус улсын нэг онцлог нь улс төрийн намуудын нас харьцангуй богино. Тиймээс улс төрийн намууд нэгдэх, салж бие даах зэрэг хөдөлгөөн маш эрчимтэй явагддаг. Тухайлбал 2020 оноос 2023 оны хооронд ижил төстэй үзэл баримтлал бүхий 3 нам нэгдэж нэрээ Ард түмний хүч болгон өөрчилсөн. Уг нам нь парламентад өрсөлдөгч Ардчилсан намаас цөөн суудал авсан ч орон нутгийн сонгуульд давамгайлж илүү олон суудал авсан. Өөрөөр хэлбэл орон нутгийн удирдах албан тушаалтнуудын дийлэнх нь уг намын төлөөлөл юм.
2022 оноос консерватив чиг баримжаа бүхий Ард түмний хүч намын төлөөлөл Юн Сок Ёль төрийн эрх барих болсон цагаас хойш БНСУ нь АНУ, Япон улстай харилцаагаа цэрэг улс төр, эдийн засгийн хувьд улам гүнзгийрүүлж байгаа. Нөгөө талаар БНХАУ-аас хөрөнгө оруулалтаа татаж худалдааны хамаарлыг бууруулах, БНАСАУ-тай энхийн замаар холбоо тогтоох оролдлогоо зогсоосон. Парламентын сонгуульд аль нам ялахаас үл хамааран БНСУ-ын гадаад харилцааны өнөөгийн байдал дараагийн ерөнхийлөгчийн сонгууль хүртэл онцын их өөрчлөгдөхгүй болов уу.
- Та сонгуулийн үр дүнг судлаачийн хувиар хэрхэн таамаглаж байна?
- Сонгуулийн өрсөлдөөн мэдээж өнөөгийн олонх суудал эзэлж буй хоёр том намын хооронд явагдах байх. Ерөнхийлөгч тус намаас сонгогдсон, орон нутагт давуу байр суурьтай байгаа учир Ард түмний хүч нам парламентад илүү олон суудал авах магадлал өндөр байх. Мөн тус улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа зэргээс үзвэл Ард түмний хүч нам онц ихээр давамгайлахгүй болов уу. Өөрөөр хэлбэл сонгуулийн үр дүн ерөнхийлөгчөөс ихээхэн хамаарах байх. Ардчилсан нам илүү олон суудал авлаа ч Ард түмний нам эрх барих нь тодорхой.
- Солонгосын жирийн иргэд нь энэ сонгуульд хэр бэлтгэж, ач холбогдол өгч байгаа вэ ?
- Хууль тогтоох дээд байгууллага, мөн улс төрийн хүрээний өргөн эрх мэдэл бүхий байгууллага учир мэдээж парламентын сонгуульд ач холбогдол өгнө. Тус улсын парламент нь ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд шууд халдаж чадахгүй ч хяналт тавих, зөвлөх эрхтэйн дээр хуулийн төсөл санаачлах болон батлах, улсын төсөв санхүүг батлах, татварын хувь хэмжээг тогтоох, улс төрийн зарим өндөр албан тушаалтан томилох, гүйцэтгэх засаглалыг шүүмжлэх, улс төрийн хяналт тавих зэрэг онцгой эрх эдэлдэг. Мөн шаардлагатай тохиолдолд төрийн зарим өндөр албан тушаалтнуудыг дуудаж асуумж авах, тайлан сонсох эрх эдэлдгийг хэлэх хэрэгтэй байх. Энэ утгаараа ач холбогдлын хувьд ерөнхийлөгчийн сонгуулийн дараа орох болов уу. Сонгуулийн сурталчилгаа явуулах, намууд нэр дэвшигчдээ зарлах, сонгуулийн төсөв бүрдүүлэх зэрэг процесс нь бүгд хуулийн дагуу явагддаг, манай улсын сонгуультай ерөнхийдөө төстэй.
- БНСУ-ын сонгуулийн тогтолцооны талаар товчхон танилцуулбал. Юугаараа онцлог, ялгаатай байдаг вэ?
- Улс орныг засаг захиргааны нэгжүүдэд буюу 17 тойрогт хуваан хүн амын тоотой харьцуулах замаар суудал хуваарилдаг. Тухайлбал Сөүл хотод 47 суудал, Дэгү хотод 12 суудал, Өмнөд Гёнсан мужид 13 суудал хуваарилах жишээтэй. Парламентын 300 гишүүдийн 253 нь мажоритар сонгуулиар, үлдсэн 47 нь сонгуульд намыг сонгосон харьцаагаар буюу пропорциональ зарчмаар намын жагсаалтаар сонгогддог. Олонхын саналаар парламентад гишүүний суудал аваагүй ч пропорциональ зарчмаар жижиг намууд цөөн суудал авах тохиолдол их. Парламентад 20-оос доош суудал авсан нам бүлэг байгуулах эрхгүй байдаг. Сонгуулийн сурталчилгаа нь ерөнхийдөө харьцангуй цомхон болдог, мөн нэр дэвшигчдийн танилцуулгыг бүгдийг нэр заасан газарт байрлуулдаг нь нэгдүгээрт эмх цэгцтэй, хоёрдугаарт сонгогчид тэднийг нэг байрнаас бүгдийг харах, харьцуулах боломж олгодгоороо манайхаас илүү ойлгомжтой, сонгогчдод давуу талтай.