ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс “Олон улс судлал” эрдэм шинжилгээний хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монгол Улс дахь гадаад орон судлал, олон улсын харилцаа, аюулгүй байдал, бүс нутаг судлалын эрдэмтэн, судлаачдын сүүлийн үеийн судалгааны үр дүнг танилцуулах, санал дүгнэлтээ солилцох байдлаар эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой болно.
Зохион байгуулагчдын зүгээс энэ жилийн эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Олон Улс Судлал – 2025: Монголын Энэтхэг судлал” сэдвийн дор 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулах гэж байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Энэтхэгийн түүх, хэл, шашин, соёл, шинжлэх ухаан, боловсрол гадаад бодлого болон тус улсын дэлхий дахин, бүс нутагт гүйцэтгэж буй үүрэг, оролцоо, батлан хамгаалах, аюулгүй байдлын бодлого, стратеги зэрэг Энэтхэг орон судлалын чиглэлээр, мөн Монгол-Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагааны тухай өргөн хүрээнд хамруулан хэлэлцэхээр төлөвлөж байна.