Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Чингис хаан Үндэсний музейтэй хамтран “Монгол-Вьетнамын харилцаа: түүхэн хөгжил, өнөөгийн хамтын ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 09:00 цагаас Чингис хаан Үндэсний музейн хурлын танхимд (4 дүгээр давхар) зохион байгуулна. Хурлын үеэр Монгол-Вьетнамын харилцааны түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, “Монгол-Вьетнамын улс төрийн харилцаа” номын нээлтийн үйл ажиллагаа болох юм.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Монгол-Вьетнамын түүх, улс төрийн харилцаа, шинжлэх ухаан, боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа болон “Хөгжилд түүчээлэх хамтын ажиллагаа Төв-Хоа Бинь”, “Аялал жуулчлал нь олон улсын хамтын ажиллагааны нэг хөшүүрэг болох нь: Монгол-Вьетнамын аялал жуулчлалын харилцаа”, “Бидний бахархал-Хо Чи Миний нэрэмжит 14 дүгээр сургууль”, “Монгол-Вьетнамын найрамдлын нийгэмлэг түүхэн замнал” зэрэг нийт найман илтгэлийг эрдэмтэн, судлаачид хэлэлцүүлэх болно.