ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгт урьж байна.
ШУА-ийн
Олон
улсын харилцааны хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгт урьж байна.
Жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ШУА-ийн салбар хүрээлэнгүүд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ жил Монгол Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цагаас нээлттэй хаалганы өдөрлөгийг ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд зохион байгуулах гэж байна.
Тус өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Sc.D), профессор Л.Хайсандай “Олон улсын харилцааны хүрээлэн 50 жилд”, эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Д.Шүрхүү “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор ба төмөр замын бүтээн байгуулалт” эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D) А.Нямдолжин “Монгол Улс, ОХУ-ын боловсролын харилцаа, хамтын ажиллагаа”, эрдэм шинжилгээний дэд ажилтан, докторант И.Энхболд “Гадаад үг цээжлэх ой тогтоолтын арга” сэдвээр сонирхолтой лекц уншиж, судалгааны ажлын үр дүнгээсээ танилцуулж, санал бодлоо солилцох болно.
Мөн өдөрлөгийн үеэр Олон улсын харилцааны хүрээлэнгийн сүүлийн үеийн судалгааны үр дүн, бүтээлийн үзэсгэлэн, ном, сэтгүүлийн хямдралтай худалдаа, эрдэмтэд болон олон нийтийн чөлөөт уулзалт зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.
Та бүхнийг хүрэлцэн ирж өргөнөөр оролцохыг урьж байна.