Шинэ бүтээл хэвлэгдэн гарлаа.
“ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ОНОЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДЭС”
Энэ жил тохиож буй ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн 50 жилийн ойн хүрээнд манай судлаачдын эрдэм судлалын бүтээлүүд ар араасаа төрөн гарсаар байна болно.
Олон улсын харилцааг бие даасан шинжлэх ухаан хэмээн үзэх үзэлд бодит хувь нэмэр оруулахыг хичээж, Монгол Улсаас гадаад улс орнуудад ажиллаж буй ДТГ-ын ажилтнуудад гарын авлага, үйл ажиллагааны чиглэлд тус дэм болох зорилго өмнөө тавин ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн ЭШАА, доктор (Ph.D) К.Дэмбэрэлийн “Олон улсын харилцааны онол, үйл ажиллагааны үндэс” нэгэн сэдэвт зохиолыг хэвлүүлсэн байна. Тэрээр одоогийн байдлаар нийтднн 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл бичиж нийтлүүлсэн манай хүрээлэнгийн тэргүүлэх ажилтнуудын нэг юм.
Энэхүү бүтээлийн судалгааны ажлын зөвлөхөөр Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд, нэрт орчуулагч, ШУА-ийн ОУХХ-гийн Хүндэт доктор Ц.Гомбосүрэн, эрдэм шинжилгээний редактораар ШУА-ийн Философийн хүрээлэнгийн ахмад судлаач, профессор Д.Чулуунжав нар ажилласан байна.
Аль ч улсын хувьд эрх ашиг, санаа зорго нь газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолоо хамгаалан бэхжүүлэх, өргөжүүлэн тэлэхийн төлөө л байдаг. Иймд ямарч улсад эрх мэдлийн төлөө тэмцэх олон улсын хэмжээнд зохистой бодлого явуулах шаардлага мөнхөд байна.
Улс орнуудын өөр хоорондын бүх төрлийн харилцааг олон улсын харилцаа хэмээмүй. Тэрхүү өргөн харилцаанд ямар бодлого барих, хэрхэн хэрэгжүүлэх, ямар үр дүнд хүрэх зэрэг нь гадаад бодлого болмой. Дэлхийн түүх судлаачийн хувьд олон улсын харилцааны онол, үйл ажиллагааны талаар сүүлийн 20 шахам жил уншиж, судалснаа та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Дэлхийн супер их гүрнийг байгуулж байсан монголчуудын хувьд дэлхийн бодлого, олон улсын харилцааны тухайд өөрсдийн гэсэн үзэл бодолтой байх, түүнийгээ ч дэлхий нийтэд хүргэх нь зүйн хэрэг.
Монголчууд бид алив сайн, сайхан бүхнийг цагаан өнгөөр, муу, муухай бүхнийг хар өнгөөр илэрхийлдэг заншилтай. Тиймдээ ч энх тунх аж төрөхийн билгэдэл болгож Их цагаан сүлд, дайн дажныг Цэргийн их хар сүлдээрээ билэгддэг. Номын хавтасны өнгө, дүрслэл үүнийг илтгэж буй бөгөөд ном олон улсын харилцаа буюу ДАЙН, ЭНХИЙН асуудалд зориулагдсан тул ийм авай. Аль улсын хэн ч байсан энэ асуудалд хандахдаа өөрийн улсын байр суурь, эрх ашгийг л тодруулж, тодотгож ирсэн.
Энэхүү бүтээлд олон улсын харилцааны тухай мэдлэгийг уг язгуураас эхлэн цэгцтэй, товч, энгийн хэлбэрээр уншигчдад хүргэх зорилт тавьсан. Тиймээс олон улсын харилцааны талаархи ойлголтоос эхлэн түүнийг шинжлэх ухааны нэгэн салбар, өөрийн нь суурь ойлголтуудтай нь авч үзсэн. Олон улсын харилцааны онол, үйл ажиллагааг тайлбарлахад судалгааны ажлын 1-4-р бүлэг нь чиглэгдсэн бол олон улсын харилцааны үйл ажиллагааны чиглэлд номын 5-р бүлэгт гадаад бодлогын дүн шинжилгээ, шийдвэр гаргах үйл явцын талаар оруулсан. Манай дипломатчуудын үйл ажиллагааны нэг хэсэг бол суугаа улсынхаа нийгэм, эдийн засаг, улс төрийн талаар “товч танилцуулах мэдээ” бичих ажил байдаг. Тэрхүү ажлыг хийх аргачлалд энэхүү судалгаанд тусгагдсан аргазүй нь зохих дэмжлэг үзүүлэх учиртай.
Түүнчлэн хавсралт 6-р бүлэгт гадаад бодлогын дүн шинжилгээний 333 өгөгдөхүүний томъёолол, олон улсын харилцаа болон гадаад бодлого, дипломатчуудын үйл ажиллагаанд даруй хэрэг болохуйц нэр томъёо, нэршилийн тайлбар, нэрсийн товчлол, эх сурвалжийг ашиглах аргазүй, зураг схем, өнөөгийн судалгааны талаар, Монгол Улсын гадаад үйл ажиллагаа зэрэг асуудлыг оруулсан буй. Ингэхдээ ном зүйг зөвхөн номын жагсаалт хэлбэрээр бус, ямар номыг хэрхэн ашиглах талаар зөвлөмжтэйн цуг оруулж, зохиогчийн өөрийн санааг зураг, хүснэгт, фотог ашиглан хэрэглэхэд хялбар байх хэлбэрийг сонгосон. Дэлхийн бодлого, олон улсын харилцааны онол, аргазүй, геополитикийн судалгаанд өнөөгийн нөхцөлд үзэж болох ажлуудыг аль болох өргөн хэмжээнд тусгахыг оролдсон бөлгөө.
Олон улсын харилцааны үндсэн, суурь ойлголтуудыг нэгтгэн багцлаад тус бүрт нь зохих тайлбарыг хийх замаар, эмх цэгцгүй, дураараар хэрэглэж буйг буруушаан, түүнийг цэгцлэхэд нэгэн алхам хийсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон улсын харилцааны тоймчид мэдээллээ бэлтгэхдээ суурь мэдлэгт тулгуурлан, Монголын эрх ашигт хэр нийцтэй талаас нь харж түүвэрлэн, олонд хүргэдэг байх зарчмыг баримтлах ёстой. Иймээс тэдэнд гарын авлага болоход нь тус дэм болох үүднээс тодруулж байна. Олон улсын харилцааны суурь ойлголт хэмээх томъёоллыг гаргаж тусад нь бүлэг болгон судалгааны объектод оруулснаар тэдгээр ойлголтыг хаана, хэдийд хэрхэн хэрэглэх үндэслэлийг нь гаргаж өгч буй хэрэг юм.
Үндэстэн бүрийг оршин суугаа төрөлх газар нутагт нь амар амгалан аж төрөхөд хөндлөнгөөс үл оролцох нь алив мөргөлдөөнийг гаргахгүй байх, улмаар “мөнхийн энхийг” хангах нэг чухал хүчин зүйл хэмээн олон улсын харилцааны судлаачид дүгнэж ирсэн. Энэ дүгнэлт илүү ажил хэрэгч, амьдралд нийцтэй байхын ерөөл өргөе.
Бүтээлийн гарчгийг та бүхэнд толилуулж байна.
Өмнөтгөл
I. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ШИНЖЛЭХ УХААН
1.1. “Олон улсын харилцаа” ухагдахуун
1.2. Олон улсын харилцааны судлаач-мэргэжилтэн ба дипломатууд
1.3. Олон улсын харилцаа шинжлэх ухааны судлагдахуун болох нь
1.4. Олон улсын харилцааны онол
1.5. Олон улсын харилцааны онолын орчин үеийн асуудлууд, судлах арга зүй
II. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ СУУРЬ ОЙЛГОЛТ
2.1. Үндэсний эрх ашиг олон улсын харилцааны язгуур ойлголт болох нь
2.2. Геополитик
2.3. Үндэстний болон “хуваагдмал үндэстний” асуудал
2.4. Дайн ба Энх (аюулгүй байдлын асуудал)
2.5. Олон улсын хөдөлмөрийн хуваарь
2.6. Дипломат харилцаа
III. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ТҮГЭЭМЭЛ ОЙЛГОЛТУУД
3.1. Реализм, идеализм нь олон улсын харилцааны онолын суурь болох нь
3.2. Реализмд суурилсан үндсэн ойлголтууд
3.3. Идеализмд суурилсан үндсэн ойлголтууд
3.4. Oлон улсын харилцааны хувьсах ойлголтууд
IV. ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ОНОЛ-УЛС ТӨРИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ХӨГЖИЛ, ХУВЬСАЛ
4.1. Европ сэтгэлгээний түүхэн хөгжил, хувьсал
4.1.1. Эртний Ром, Герегийн улс төр-гүн ухааны сэтгэлгээ
4.1.2. Сэргэн мандлын болон Шинэ үеийн улс төрийн сэтгэлгээ, концепцүүд
4.1.3. Оросуудын гадаад бодлогын үзэл баримтлал, хувьсал, хөгжил
4.2. Ази сэтгэлгээний түүхэн хөгжил, хувьсал
4.2.1. Дипломатын талаарх монголчуудын сэтгэлгээ, бодлого
4.2.2. Энэтхэгчүүдийн гадаад бодлогын үзэл баримтлал, хувьсал
4.2.3. Хятадуудын гадаад бодлогын үзэл баримтлал, хувьсал
4.2.4. Япончуудын гадаад бодлогын үзэл баримтлал, хувьсал
4.2.5. Төв Азийн орнуудын улс төрийн сэтгэлгээний төлөвшил
V. ГАДААД БОДЛОГЫН ШИНЖИЛГЭЭ, ШИЙДВЭР ГАРГАХ ҮЙЛ ЯВЦ
5.1. Гадаад бодлогын шинжилгээний ерөнхий ойлголт, суурь өгөгдөхүүн
5.1.1. Гадаад бодлогын дүн шинжилгээ
5.1.2. Гадаад бодлогын дүн шинжилгээний суурь өгөгдөхүүнүүд
5.2. Гадаад бодлогын дүн шинжилгээний тойм 33-333 үзүүлэлт
5.3. Гадаад бодлогын шийдвэр гаргах үйл явц
5.3.1. Гадаад бодлогын шийдвэр гаргах
5.3.2. Гадаад бодлогын шийдвэр гаргахад “Think Tank”-ийн үүрэг, оролцоо
5.4. Гадаад бодлогын дүн шинжилгээнээс дэлхийн бодлогын дүн шинжилгээ рүү өнгийхүй
5.4.1. Хүн амын өсөлт, хөгжил, хэрэглээний өсөлт, хоол тэжээлийн хангамж
5.4.2. Эдийн засгийн хөгжлийн хандлага, хөдөлмөрийн хуваарийн шинэчлэл, зах зээлийн төлөөх өрсөлдөөн
5.4.3. Дэд бүтцийн уламжлалт болон шинэ хэлбэрүүд
5.4.4. Оройллын төлөөх тэмцэл шинэ геополитик - зах зээлийн нөлөө болон шинэ зах зээлийн төлөөх өрсөлдөөн
5.4.5. Иргэншил, шашин хоорондын зөрчил, амьдралын хэв маягийн өөрчлөлт
5.4.6. Хуваагдмал үндэстэн, үндэстний асуудал, үндэстэн хоорондын зөрчил
5.4.7. Олон улсын аюулгүй байдлын асуудал
5.4.8. Цаг уур, байгаль орчны өөрчлөлт
VI. ХАВСРАЛТ
6.1. Олон улсын харилцааны түгээмэл нэр томъёоны тайлбар
6.2. Олон улсын харилцааны түгээмэл нэр томъёоны товчлол
6.3. Монгол Улс дахь олон улсын харилцааны өнөөгийн судалгаа
6.4. Монгол Улс нь олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн
6.5. Гадаад бодлогын дүн шинжилгээний үйл ажиллагааны тойм 333 өгөгдөхүүн
6.6. Зураг, хүснэгт, схем
6.7. Олон улсын харилцааны судалгаанд эх сурвалжийг ашиглах аргачлал, ном зүй