Доктор Ш.Сандаг “Монголын гадаад улс төрийн харилцаа 1850-1919” бүтээлийг дахин хэвлэв
“Монголын гадаад улс төрийн харилцаа 1850-1919”
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн үүсч байгуулагдсаны 50 жил, тус хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан, нэрт эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Шагдарын Сандагийн мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан “Монголын улс төрийн гадаад харилцаа 1850-1919” (Соёмбо принтинг хэвлэлийн компани, 2018) эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт бүтээлийг тус хүрээлэнгээс эрхлэн хэвлэж Монголын түүх, гадаад харилцаа судлалын эрдэмтэн мэргэд, уншигчдын хүртээл болгож байна.
Тус бүтээлд Монгол Улсын ШУА-д 1959-1990 онд эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхлэж, Дорнодахин судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байсан, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ш.Сандагийн туурвисан тухайн үеийн нийгмийн үзэл сурталд таарч нийцээгүйн улмаас шүүмжлэгдэж байсан, цөөн хувиар хэвлэгдсэн одоо олдохуйяа бэрх болсон бүтээлүүдийн нэг болох “Монголын улс төрийн гадаад харилцаа 1850-1911” (1971) бүтээлийг дахин хэвлэж, Томес Алсены “Монголын империализм” хэмээх зохиолын тухай нэрт эрдэмтний бичсэн шүүмж, профессор Ш.Сандагийн талаар эрдэмтэн нөхдийнх нь дурсамж зэргийг толилуулж байна.
Мөн түүний “Монголын улс төрийн гадаад харилцаа” (1850-1911) 2 боть (Тэргүүн дэвтэр 1971) зохиолын талаарх тухайн үеийн дээд байгууллагуудаас гаргасан шийдвэр зэрэг холбогдох архивын баримт бичгүүд, мөн Америкт амьдарч байхдаа бичсэн “Хортой сум” номын хэсгээс англи хэлнээс монгол хэл рүү хөрвүүлэн оруулсон болно. Эрдэмтэн профессор Ш.Сандагийн эл удаа дахин хэвлүүлж буй бүтээл бол орчин үеийн Монголын түүхэнд шинэ хуудас нээсэн, шинжлэх ухааны ихээхэн ач холбогдол бүхий эрдэм шинжилгээний нэгэн сэдэвт томоохон зохиол юм.
Эрдэмтэн Ш.Сандагт профессор цол олгохтой холбогдуулан Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Н.Содном, ШУА-ийн Намын хорооны нарийн бичгийн дарга С.Жамц нарын бичсэн 1990 оны 3 сарын 26-ны өдрийн тодорхойлолтод “Ш.Сандаг 1911-1919 оны “автономит үе” гэж байсан хуучин бөгөөд эрдэм шинжилгээ, улс төрийн талаар алдаатай ойлголтыг засч өөрчлөн түүхийн үнэнийн үүднээс “Богд хаант улс” хэмээн цоо шинэ санаа дэвшүүлсэн нь одоо гадаад, дотоодод нийтээр хүлээн зөвшөөрч, сурах бичиг, судалгааны ном зохиолд энэ шинэ нэр томьёогоор мөрдөгдөх болсон байна. Ш.Сандагийн дэвшүүлсэн санаа бол манай түүхийн шинжлэх ухаанд тодорхой нэгэн зааг, шинэ ойлголтыг бий болгож, Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгахад чиглэсэн байна” хэмээн дүгнэсэн байна. Түүний бүтээлд Орчин үеийн Монголын түүхийн эхлэл болсон 1911 оны Монголын үндэсний хувьсгал, түүний үр дүнд байгуулсан Богд хаант Монгол Улсын талаар тодорхой өгүүлэх болно.
Эрдэмтэн, профессор Ш.Сандагийн 90 жилийн ойд зориулсан эл бүтээлд Монгол Улсын Үндэсний төв архивт хадгалагдаж буй ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын хөмрөг, ШУА-ийн Дорнодахины Хүрээлэнгийн архивын сан хөмрөгт буй баримт бичгүүд, Олон Улсын Харилцааны Хүрээлэнд буй Ш.Сандагийн хувийн хэрэг, холбогдох гэрэл зургууд зэрэг материалыг ашигласан болно. Уг бүтээлийг ШУА-ийн 1918 оны “SOCHUM2018/02/20” тоот грантаар хэвлэв.
Номыг эрхлэн хэвлүүлсэн
Монгол Улсын төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор О.Батсайхан,
Докторант У.Загдцэсэм