Үндсэн агуулга руу

Мэдээ

“Хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.

2019.06.13  |  МэдээfX⧉

Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс санаачлан Монгол Улсын УИХ дахь Монгол-Туркийн Парламентын бүлэг, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Улаанбаатар дахь БНТУ-ын ЭСЯ, Анкара дахь Монгол Улсын ЭСЯ, Туркэд Төгсөгчдийн Хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын  танхимд амжилттай зохион байгууллаа.


“ХАГАС ЗУУНЫ ТҮҮХ БА ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт энэхүү эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд УИХ дахь Монгол-Туркийн Парламентын бүлгийн дарга, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНТУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ахмет Язал, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.


 “Монгол-Туркийн харилцаа: хагас зууны түүх ба хөгжлийн чиг хандлага” сэдвийн  дор зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурлаар  ” Гуравдагч хөршийн бодлого ба Монгол Туркийн харилцааны хөгжил”, “Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Монгол, Турк Улсын түншлэл, хамтын ажиллагаа”,“Туркийн өнөөгийн гадаад бодлогын тэлэлт: ололт, туршлага”, “Монгол-Туркийн харилцааны үндэс, Олон улсын нөлөө - хүчин зүйл“, “Монгол-Туркийн эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”, “ Монгол, Туркийн худалдаа аж үйлдвэрлэлийн танхимийн үйл ажиллагаа, төлөвлөгөө”, Шинэ Торгоны зам ба Турк Улс–Төв Азийн бүс нутаг дахь хүчний тэнцвэр”, “Турк дахь Ил хаант улсын түүхтэй холбоотой дурсгалт газар, түүхийн дурсгалууд”, “Монгол дахь Турк судлалын өнөөгийн байдал, хандлага” гэсэн илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ.  Тус эрдэм шинжилгээний хуралд Туркийн Анкара, Истанбул зэрэг томоохон хотуудын их сургуулийн багш, судалгааны байгууллагын судлаачид илтгэл тавин оролцлоо.


Эрдэм шинжилгээний хурлаар Монгол-Туркийн харилцааг улс төр, эдийн засаг, түүх, соёл зэрэг бүхий л талаас нь хамран ярилцаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоноос хойш 50 жилийн түүхэн замнал, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, хоёр талын харилцааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөв, боломжийн талаар илүүтэй анхааран хэлэлцсэн нь ихээхэн ач холбогдолтой боллоо. Хурлын үеэр хагас зууны түүхийг тоймлон харуулсан 50 гэрэл зургийн бичил үзэсгэлэнг Төрийн ордонд олон нийтэ дэлгэн сонирхуулав.

Мэдээг бэлтгэсэн Э.Энх-Амар