Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав.
Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс санаачлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран 2019 оны 5 дугаар сарын 15-нд ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд амжилттай зохион байгууллаа.
“МОНГОЛ, ВЬЕТНАМЫН ХАРИЛЦАА: ТҮҮХ БА ОРЧИН ҮЕ” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Ти Хыөнг, ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо хурлыг нээж хэлэхдээ "Монгол, Вьетнамын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 65 жилийн хугацаанд жилээс жилд өргөжин хөгжиж ирсэн ба манай хоёр орны ард түмэн энэхүү найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа дээдлэн, хүнд хэцүү цагт тусламжийн гараа сунгаж, бие биедээ элэгсэг дотно сэтгэлээр хандаж ирсэн сайхан уламжлалтай"-г онцлон тэмдэглэв.
Тус эрдэм шинжилгээний хурлаар “Монгол-Вьетнамын харилцааны уламжлал, ирээдүй”, “Монгол-Вьетнамын эртний харилцаа”, “Монгол-Вьетнамын хүмүүнлэг, боловсролын харилцаа-65 жилд”, “Хоёр орны бизнесийн боломж”, “БНСВУ-ын жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн бодлого”, “Монгол, Вьетнамын харилцааг цаашид хөгжүүлэх боломж, арга замын асуудалд” гэсэн илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ.
Ийнхүү, эрдэм шинжилгээний хурлаар Монгол-Вьетнамын харилцааг улс төр, эдийн засаг, соёл зэрэг бүхий л талаас нь хамран ярилцаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтсоноос хойш 65 жилийн түүхэн замнал, ололт амжилтыг дүгнэн хэлэлцэж, хоёр талын харилцааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөв, боломжийн талаар илүүтэй анхааран хэлэлцсэн нь ихээхэн ач холбогдолтой боллоо. Хурлын үеэр харилцааны түүхийг харуулсан 65 гэрэл зураг бүхий бичил үзэсгэлэн дэлгэн үзүүлж, богино хэмжээний баримтат кино үзэж сонирхуулав.
Мэдээг бэлтгэсэн: Б.Цэнгэллхам