Үндсэн агуулга руу

Мэдээ

БНХАУ-ын ЭСЯ-ны удирдлагатай уулзав.

2019.02.26  |  МэдээfX⧉

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай, Хятад судлалын салбарын эрхлэгч, доктор Д.Шүрхүү тэргүүтэй хятад судлаачдын төлөөлөл БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга бөгөөд Нэгдүгээр нарийн бичгийн дарга ноён Гу Иминтэй 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр албан уулзалт хийв.


Уулзалтаар талууд “Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой”-г тэмдэглэх хүрээнд хамтран ажиллах, цаашид хоёр талын эрдэмтэн, судлаачдын дунд тогтмол хурал, зөвлөлгөөн зохион байгуулах, хамтарсан судалгаа хийх зэрэг асуудлаар санал солилцов. Хятадын талаас тус хүрээлэнгийн шинээр томилогдсон удирдлагатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааг өрнүүлэх талаар санал солилцож буйдаа талархал илэрхийлэв. Ноён Гу Имин: “ОУХХ-ийн шинэ удирдлагатай уулзаж буйдаа баяртай байна. Хятадын талаас тус хүрээлэнтэй олон жил, үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн уламжлалтай. Энэхүү уламжлалыг та бүхний туслалцаатайгаар үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хоёр талын харилцаанд мэргэжлийн судлаачид, эрдэмтдийн оролцоо нэн чухал бөгөөд тэд аливаа асуудалд бодитой, судалгаатай ханддаг нь харилцааны агуулгыг өндөр ач холбогдолтой болгодог” гэв. ОУХХ-ийн захирал, докторД.Золбоо: “Бид бүхнийг найрсагаар хүлээн авч, ажил хэрэгч уулзалт хийх боломжийг олгосон ноён Гу Имин танд талархал илэрхийлье. Манай хүрээлэнгийн зүгээс хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан монгол, хятад судлаачдын дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, хамтарсан судалгаа хийхэд урьдын адил хэзээд нээлттэй, ажил хэрэгч хандаж байх болно гэдгээ дуулгахад таатай байна. Цаашид энэ чиглэлийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд хичээн ажиллацгаая” хэмээн тус хүрээлэнгийн сүүлийн үед гаргасан бүтээлийн дээжээс ноён Гу Иминд гардуулав.



Мэдээ бэлтгэсэн ЭША Ж.Баярбаатар