Олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр “Монгол Улсын хаан, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг орон даяар тэмдэглэх тухай” 09 дугаар зарлиг буулгасан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ШУА-ийн Ерөнхийлөгчийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг эрхлэн 2019 оны 10 дугаар сарын 11-12-ны өдөр Улаанбаатар хотноо “БОГД ХААН 150: ТҮҮХ, СОЁЛ, ӨВ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн болон Богд хааны ордон музей хамтран амжилттай зохион байгууллаа.
Төрийн ордонд болсон олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд, Ой зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ё.Баатарбилэг, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц нар үг хэлэв.
Энэхүү хурлаар ХХ зууны эхэн үеийн Монголын түүх, соёл, шашин, урлаг, уран зохиол, Богд хааны амьдрал, улс төр, шашны үйл ажиллагаа, Богд хаан ба Монгол Улсын төрийн зүтгэлтнүүд, Богд хаант Монгол Улсын Засгийн газар, түүний үйл ажиллагаа, дотоод, гадаад бодлого, батлан хамгаалах бодлогын хэрэгжилт, Богд хааны талаарх архивын эх сурвалж зэрэг асуудлаар ОХУ, Япон, Герман, Унгар, Польш, БНХАУ, Монгол зэрэг орны нийт 33 судлаач, эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Хурлын үндсэн илтгэл “1911 оны Монголын үндэсний хувьсгалын удирдагч, эцэг VIII Богд Жавзандамба хутагтын үйл ажиллагааг бодитоор үнэлэхүй” сэдвээр ШУА-ийн ОУХХ-гийн ЭШТА, Төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D) О.Батсайхан, “Японы түүхийн сурвалж дахь VIII Богд Жавзандамба хутагтад холбогдол бүхий мэдээллийг нягтлах нь” сэдвээр Токиогийн Гадаад судлалын их сургуулийн хүндэт профессор Наками Тацүо, “VIII Богд гэгээн Жавзандамба хутагт ба Монголын тусгаар тогтнол: өнөө үеийн түүхэн сургамж” сэдвээр ОХУ-ын ШУА-ийн Дорнодахины хүрээлэнгийн судлаач, доктор (Sc.D) Сергей Львович Кузьмин нар тавьж хэлэлцүүлэв.
Хурлын ажиллагаанд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Философийн хүрэлээн, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, СУИС, Гандантэгчэнлин хийд, Богд хааны ордон музей зэрэг манай улсын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын эрдэмтэд, багш, лам нар олноор оролцож, хоёр салбар хуралдаанд хуваагдан, бүтэн өдрийн турш санал бодлоо солилцлоо. А салбар хуралдаан Төрийн ордоны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болж, үдээс өмнөх хуралдааныг ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Р.Төрдалай нар, үдээс хойшхи хуралдааныг ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Н.Хишигт, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Батдорж нар удирдан явуулсан бол Б салбар хуралдаан Төрийн ордны “Г” танхимд болж, үдээс өмнөх хуралдааныг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Д.Золбоо, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Ариунзул нар, үдээс хойшхи хуралдааныг Монголын Бурханы шашны дээд сургуулийн захирал, да лам Х.Бямбажав, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Ц.Батдорж нар тус тус даргалж явууллаа.
Хурлын дэлгэрэнгүй танилцуулга,
илтгэл, дүрс бичлэгийг http://conference.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс тусгаар тогтнол, төр улсаа сэргээсэн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч Богд хааны мэндэлсний тэгш ойг анх удаа Ерөнхийлөгчийн зарлигаар тэмдэглэж буйг дурдаад түүхэн баримтуудыг тодруулах чухал хуралд хүрэлцэн ирсэн монголч эрдэмтдэд талархал илэрхийлсэн юм. Мөн Монголын түүхийн ээдрээтэй асуудлуудыг судалж, түүхэн бодит байдлыг тогтоосон судалгаа, шинжилгээний ажил, баримт сэлтээ хойч үедээ сурталчлан таниулах асуудалд онцгой анхаарч ажиллахыг хүсээд, энэ асуудлаар монголч эрдэмтэдтэй санал бодлоо солилцож, дэлгэрэнгүй ярилцав.
Мөн
хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол
судлалын чиглэлээр олон арван бүтээл туурвин Монголын түүх, нийгмийн шинжлэх
ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, ХБНГУ-ын
иргэн, монголч эрдэмтэн Удо
Б.Баркманныг Төрийн дээд “Алтан гадас”
одонгоор шагнасныг ЕТГ-ын
дарга З.Энхболд гардуулж, баяр хүргэв.
Хурлын 2 дахь өдөр төлөөлөгчид Гандантэгчэнлин хийдэд шинээр нээгдсэн Батцагаан цогчин дугантай танилцаж, Богд хааны мэндэлсний 150 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Мөн Богд хааны мэндэлсний 150 жилийн ойд зориулан ОХУ-ын ШУА-ийн Дорнодахины хүрээлэн, Монгол Улсын ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн хамтран Москва хотноо орос хэлээр хэвлүүлсэн “ИНСТИТУТ БОГДО-ГЭГЭНА В ИСТОРИИ МОНГОЛИИ. К 150-летию Богдо-гэгэна Джебцзундамба-хутухты VIII – последнего великого хана монголов” орос, монгол, япон, англи зэрэг улсын эрдэмтдийн бичсэн өгүүллийн эмхэтгэлийн нээлт болж, зохиогчдод номын дээжээс гардуулсан байна. Энэхүү баримт бичгийн эмхэтгэлийн цахим хувилбарыг доорх хаягаар татаж авч үзэж болно.
http://book.
http://book.
http://book.
Хурлын талаарх мэдээллийг доорх хуудсуудаас үзнэ үү.
https://president.