ОХУ-ын ЭСЯ-ны албаны хүмүүстэй уулзав.
ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх ноён Ракшаев Рыгзын Ракшаевич, зөвлөх Лиштованый Евгений Иванович нар Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор Д.Золбоо, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай, Орос судлалын салбарын эрхлэгч, доктор (Sc.D) О.Батсайхан, ЭШТА доктор А.Нямдолжин нарын орос судлаачдын төлөөллийг 2019 оны 3 дугаар сарын 6-ний өдөр хүлээн авч, албан уулзалт хийв.
Уулзалтаар талууд хоёр орны
харилцаанд холбогдох түүхэн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд
хамтран ажиллах, цаашид хоёр талын эрдэмтэн, судлаачдын дунд тогтмол хурал,
зөвлөлгөөн зохион байгуулах, хамтарсан судалгаа хийх зэрэг асуудлаар санал
солилцов. Элчин зөвлөх
хүрээлэнгийн шинээр томилогдсон удирдлагатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааг
өрнүүлэх талаар санал солилцож буйдаа талархал илэрхийлэв. ОУХХ-ийн захирал,
доктор Д.Золбоо: “Бид бүхнийг найрсгаар хүлээн авч, ажил хэрэгч уулзалт хийх
боломжийг олгосон эрхэм зөвлөхүүдэд
талархал илэрхийлж, хүрээлэнгийн зүгээс уламжлалт орос судлалыг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байдагт
баярлаж байна. Цаашид судлаачдын хүрээнд хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж,
хамтарсан судалгаа хийхэд урьдын адил хэзээд нээлттэй, ажил хэрэгч хандаж байх болно” гэдгээ илэрхийлэв. Талууд судлаачдад хоёр орны харилцааны талаар Элчин сайдаар лекц уншуулах, "Эв мод" сэтгүүлийг сэргээн гаргах болон 2021 онд тохиох
100 жилийн ойн хүрээнд хамтран ажиллах ажлын төслүүдээр тодорхой тохиролцоонд
хүрэв.
Мэдээ бэлтгэсэн Э.Энх-Амар