Ойн хүндэтгэлийн хурал болж өнгөрөв.
Монгол Улсад дорно дахин, гадаад орон, олон улс судлалын бие даасан эрдэм шинжилгээний хүрээлэн үүсэж хөгжсөн түүхэн ойн баярын хүндэтгэлийн хурлыг “Их тэнгэр” цогцолборт 2018 оны 9-р сарын 21-ний өдөр зохион байгуулав.
Хагас зууны хугацаанд Олон улсын харилцааны хүрээлэн нь Монголын нийгмийн шинжлэх ухаанд нэр нөлөөтэй байр суурь эзэлж, олон улс судлалын цөм хүчин болж, арвин баялаг туршлага хуримтлуулан, дотоод гадаадад нэр хүндтэй, материаллаг бааз, боловсон хүчний хувьд салбартаа дээгүүрт орох хүрээлэнгийн нэг болж өсөн дэвжжээ.
Хүрээлэн үүсэж хөгжсөний 50 жилийн ой тэмдэглэн өнгөрүүлэх тухай Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайдын 2018 оны 4-р сарын 26-ны өдрийн тушаалыг үндэслэн ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажиллалаа. Хүрээлэнгийн түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Лхагва” гарагийн семинар, Монгол дахь Төв, Зүүн Европ судлалын Холбоотой хамтран 6-р сарын 30-наас 7-р сарын 1-нд “Даяаршил ба өнөөдрийн Еврази: түүх, хандлага, өөрчлөлтийн сорилт, боломж” сэдэвт Слав, Еврази судлалын 9 дэх удаагийн олон улсын бага хурал зохион байгуулан, хүрээлэнгийн үйл ажиллагаа, шинжлэх ухааныг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр “V” ТВ-тэй хамтран хуваарийн дагуу сард 2 удаа тогтмол ярилцлага өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулав. “Монгол Улсын гадаад харилцаа: түүх, орчин үе” шилдэг бүтээлийн эмхэтгэл, “Олон улсын харилцааны хүрээлэн хагас зууны түүхэн товчоон (1968-2018)” түүх, дурдатгал, дурсамж болон Ш.Сандаг “Монголын улс төрийн гадаад харилцаа (1850-1919) зэрэг бүтээлүүдийг эмхэтгэн хэвлүүлж ойдоо бэлэг барьлаа.
Ойн хурлын арга хэмжээнд гадаад, дотоодын 80 орчим төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцов. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл нар мэндчилгээ ирүүлсэний зэрэгцээ ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэн, Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэн, Буриадын их сургууль, Байгалийн улсын их сургууль, ӨМИС-ийн Монгол Улс судлах хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, АНУ, ХБНГУ, БНКУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-дын төлөөлөгчид, ШУА-ийн харъяа хүрээлэнгүүд, хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөгчид ирж, хүрээлэнгүүдийн ажилтнуудыг шагнаж урамшууллаа.
Хүрээлэнгийн “Хүндэт доктор” цолыг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Төвд судлалын хүрээлэнгийн захирал, академич Б.В.Базаров, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн монгол судлаач эрдэмтэн Е.В.Бойкова, ОУХХ-ийн захирал асан Л.Хайсандай нар хүртлээ.
Мөн түүнчлэн БСШУСЯ-наас Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол, тэмдгээр А.Нямдолжин, Б.Цэнгэллхам, “Хүндэт жуух-аар Р.Төрдалай, И.Энхболд, М.Болормаа, Ж.Орхон, ШУА-ийн “Хүндэт жуух”-аар Ц.Лхам, Д.Базардорж, Ч.Цэрэннадмид, Т.Бат-Амгалан, А.Сосорбурам, Б.Саранчимэг, түүний зэрэгцээ хамтран ажилладаг байгууллагууд, тухайлбал, Үндэсний тагнуулын академи Ж.Баясах, А.Нямдолжин, А.Даваасүрэн, Н.Ариунгуа, Д.Базардорж нарыг 20 жилийн ойн медаль, Их засаг их сургуулийн медалиар Л.Хайсандай, БХИС-ийн өргөмжлөл, ХСИС-ийн хүндэт медалиар Д.Шүрхүү, О.Батсайхан, Залуу эрдэмтдийн холбооны өргөмжлөлөөр Д.Золбоо, Р.Төрдалай, МУИС-ийн ОУХНУС-ийн Өргөмжлөлөөр Ж.Баясах, Н.Төмөр, ХИС-ийн өргөмжлөлөөр Д.Золбоо нарыг шагнаж урамшууллаа.
Хүрээлэнгийнхээ нийт эрдмийн хамт олондоо цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндрөөс өндөр амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.