Үндсэн агуулга руу

Мэдээ

“Монгол Японы соёлын хамтын ажиллагаа: шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

2019.05.05  |  МэдээfX⧉

Монголын Япон Судлалын Нийгэмлэг “Монгол Японы соёлын хамтын ажиллагаа: шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулав.


Эрдэм шинжилгээний энэхүү бага хурал Япон улсад Рэйва-гийн он тоолол эхэлж, шинэ Эзэн хаан сэнтийд заларсан түүхэн тэмдэглэлт цаг үед болсон юм. Хурлыг Монголын Япон Судлалын Нийгэмлэгийн тэргүүн, Элчин Сайд, доктор (Sc.D) Ц.Батбаяр даргалж,  Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны Зөвлөх Ш.Хаяаши хуралд оролцогсдод хандан мэндчилгээ дэвшүүлэв. Мөн тус ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Ичиока оролцлоо.
Энэхүү бага хуралд ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, МУИС-ийн Хүмүүнлэгийн шинжлэх ухааны сургууль, Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль болон Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Улаанбаатарын их сургууль, Монголын Үндэсний Их сургууль, Монгол-Японы соёл, утга зохиолын төв, Монгол Японы Түншийн холбоо нийгэмлэг зэрэг гишүүн байгууллагын эрдэмтэд судлаачид, орчуулагч, япон судлаач О.Жаргалсайхан, мөн их сургуулиудын япон судлалын салбарын оюутнууд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Тус хурлаар Япон улсын сонгодог уран зохиолын алдарт бүтээл “Гэнжийн туульс”–ын монгол орчуулгын тухай орчуулагч, япон судлаач О.Жаргалсайханы илтгэлээс гадна Японы гадаад бодлого, зөөлөн хүчний бодлогын сэдэв; Японы аж үйлдвэрийн соёл, байгаль экологийн соёл, гамшгаас сэргийлэх боловсролын салбарын хамтын ажиллагаа, Япон хэлний сургалтын шинэ хандлага зэрэг сэдвийг хөндсөн сонирхолтой илтгэлүүдийг  сонсч, судлаачид санал бодлоо солилцсоны дотор судлаач О.Жаргалсайханы дээрх илтгэл болон тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант У.Загдцэсэмийн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд Японы техник, технологийн хүчин зүйл” илтгэлийг шинэлэг агуулгатай, оновчтой сэдвийг хөндсөн сонирхолтой илтгэл болсон хэмээн тэмдэглэж байв.
Хурлыг зохион байгуулахад идэвх зүтгэлтэй ажилласан манай хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, нийгэмлэгийн нарийн бичгийн дарга У.Загдцэсэм болон сэтгэл гарган тусалсан ажилтан Б.Саранчимэг, З.Батчимэг, М.Болормаа нартаа халуун талархал дэвшүүлье.
Мэдээ бэлтгэсэн Доктор /Ph.D/  Б.Сэржав