Үндсэн агуулга руу

Мэдээ

БНСВУ-ын Элчин сайд зочлов.

2019.03.18  |  МэдээfX⧉

БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд, хатагтай Доан Ти Хыөнг, 1-р нарийн бичгийн дарга Дао Нгуен Фу нарын албаны хүмүүс 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Олон улсын харилцааны хүрээлэнд зочлов.

БНСВУ нь Монгол Улсын Зүүн өмнөд Ази дахь уламжлалт түүхэн харилцаатай, гол түнш улс юм. Монгол Улс, БНСВУ-ын хооронд 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр албан ёсоор дипломат харилцаа тогтоосон бөгөөд 65 жилийн энэхүү түүхэн хугацаанд хоёр улсын хооронд төрийн болон албан ёсны харилцан айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж, хамтын ажиллагаа эрчимжсээр байна.


Вьетнам улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг тул хоёр талаас харилцаа, хамтын ажиллагаагаа өнөө цагийн нөхцөл, шаардлагадаа нийцүүлэн харилцан ашигтай хэлбэрээр эрчимжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлтэй байдаг билээ.

Иймд, 2019 онд тохиож буй Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд 4 дүгээр сард Гадаад харилцааны яаманд эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангах Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Тус эрдэм шинжилгээний бага хурлаар хоёр орны харилцааны түүх, орчин үеийн асуудлаар өргөн хүрээнд тулхтай судалсан тэргүүлэх эрдэмтдийн илтгэлийг танилцуулахын зэрэгцээ Монгол-Вьетнамын харилцааны 65 жилийн хугацаанд холбогдох түүхэн гэрэл зураг, баримт бичгүүдээс бүрдсэн үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.

Төлөөлөгчдийг хүрээлэнгийн захирал доктор Д.Золбоо, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Р.Төрдалай, Вьетнам судлалын секторын эрхлэгч, доктор Б.Цэнгэллхам болон эрдэмтэн шинжилгээний ажилтнуудын хамтаар хүлээн авч, нөхөрсөг дотно яриа өрнүүлэв.

Мэдээ бэлтгэсэн Э.Энх-Амар